Куба, АНУ хамгийн эмзэг асуудлаараа хэлэлцээ хийнэ

12-10-6_700x700

АНУ, Кубын төлөөлөгчид Гавана хотод уулзаж, хоёр улсын хоорондох харилцааг хэвийн болгох үйл явцын хамгийн эмзэг асуудал болох кастрист дэглэмд хураалгасан өмч хөрөнгийн нэхэмжлэлийн асуудлаар хэлэлцээний ширээнд суулаа. АНУ-ын Хууль зүйн департаментын хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн зургаан мянга орчим пүүс компани, хувь хүний тухайн үеийн нэг тэрбум 900 сая доллар, одоогийн ханшаар найман тэрбум долларт хүрч болох нэхэмжлэлийг хэлэлцээний ширээн дээр тавьжээ.

Энэ жагсаалтад Кубын хувьсгалын дараа Фидель Кастрогийн эрх баригч дэглэмд хураалгаж хохирсон гэж байгаа үйлдвэр, ферм, аж ахуй, орон сууц зэрэг бараг бүх төрлийн өмч хөрөнгө, бизнес байна. Хоёр талын харилцааны хамгийн эмзэг асуудлаар анх удаа хийж буй уулзалтаар АНУ-ын шүүхийн Кубын эсрэг шийдвэр, тогтоол, Вашингтоны Засгийн газрын шаардлагын талаар хөндөн ярилцах аж.

АНУ-ын Хууль зүйн департаментаас хүлээн зөвшөөрч, Кубын Засгийн газраас буцааж авах ёстой гэдэг эд хөрөнгөний дүн, тоо хэмжээг Гаваны эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Нөгөө талаар, Кубын Засгийн газар Вашингтоны олон жилийн хориг арга хэмжээний учруулсан хор хохирлыг сөргүүлэн нэхэмжилж байгаа аж. 1961 онд Кочинос буланг эзлэх гэж оролдохдоо учруулсан иргэдийн амь наснаас авахуулаад 1976 онд Кубын нисэх онгоцны эсрэг үйлдсэн халдлага (70 гаруй хүн амиа алдсан)-ын хохирлыг арилгахыг АНУ-аас шаардаж байна. Вашингтон хагас илүү зууны турш Эрх чөлөөний арлын эсрэг дайсагнан харилцахдаа хэдэн зуун тэрбум долларын хохирол учруулсан хэмээн Гавана үзэж байгаа ажээ.

Хамгийн урт удаан, хэцүү бэрх үргэлжлэх төлөвтэй байгаа өмч хөрөнгө, эзэмшилтэй холбоотой асуудлаарх хэлэлцээний эхний алхмыг хийж байна хэмээн Төрийн департаментаас мэдэгдэв. Өмч хөрөнгөө хураалгаж хохирсон гэж байгаа иргэдийн асуудал, нэхэмжлэлийг шийдэхгүйгээр Куба, Америкийн харилцааг хэвийн болгох боломжгүй хэмээн олон хүн үздэг билээ. “Дипломат харилцаагаа сэргээснээр дараагийн чухал асуудлыг хэлэлцэх, ярилцах боломжтой болж байна” хэмээн Вашингтоны мэдэгдэлд онцолжээ. Гаванад ирсэн АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн департаментын хуулийн зөвлөх Мэри Маклеод ахалж байна.

Кубын хувьсгалын дараа өмч хөрөнгөө хураалгасан хамгийн тод, алдартай жишээ нь Havana club ром дарсны бизнес юм. 1862 онд Кубын Сантьяго хотод Факундо Бакардийн үүсгэн байгуулсан ром дарсны гэр бүлийн үйлдвэрийг Кубын хувьсгалын дараа эрх баригчид улсын мэдэлд хурааж авчээ.

Чихрийн нишингээс гаргаж авдаг Кубын ром дарс нь дэлхийд ихээхэн алдаршсан ундаа билээ. Фидель Кастрогийн дэглэмд үйлдвэр, бизнесээ хураалгасан Бакардийн гэр бүл брэнд нэрээ авч Кубыг орхиж эхлээд Пуэрто-Рико дараа нь Бермудын арал дээр төвхнөж Bacardi дарсны бизнесээ үргэлжлүүлэн хийх болжээ.

Тэд Кубад үүсгэн байгуулсан Bacardi дарсаа үйлдвэрлэсээр байгаа ч хосгүй үнэр, амтыг нь өгдөг байсан Куба арлын хөрс, агаарын нөлөө байхгүй болсон гэдэг. Кубын эрх баригчид Bacardi дарсны үйлдвэрийн суурин дээр шинээр ром дарс үйлдвэрлэж La Havana Club нэрээр гаргасан нь дэлхийн алдартай хатуу идээний нэг болсон юм.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих