Зэсийн хомсдол үүснэ

Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ савлагаа ихтэй байна.

Оны эхээр тонн нь 10 мянган ам.доллараас давж байснаа өсөж буурсаар өнгөрсөн наймдугаар сарын эхээр 8600 ам.доллар болсон юм. Гэвч наймдугаар сарын сүүлчээс эргээд өсөж, эдүгээ 9000 ам.доллараас даваад буйг графикаас харна уу. Уурхайчдын ажил хаялт, Хятадын эрэлтээс шалтгаалан зэсийн үнэ цаашдаа өсөх хандлагатайг шинжээчид тэмдэглэж байна.

Эдүгээ ашиглаж буй уурхайнуудын хүдрийн чанар муудаж байгаагаас зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили болон Перугийн олборлолт мэдэгдэхүйц багасаж байгаа юм. Үүний хажуугаар Эскондида уурхайд болсон ажил хаялтаас болж олборлолт хоёр долоо хоног саатаж, үр дүнд нь “BHP Billiton” компани 40 мянган тонн зэс үйлдвэрлэж чадалгүй алдсан аж.

Өнгөрсөн долдугаар сард Чилийн зэсийн олборлолт өмнөх оны мөн үеэс 18 хувиар унажээ. Долдугаар сарын дундуур мөн “Codelco”-гийн уурхайчид ч ажил хаясны зэрэгцээ Коллахуаси уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс бага байна гэдэг нь тодорхой болсон юм.

Түүнчлэн зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохих Индонезийн Грасберг уурхайн ажилчид ч суулт зарласан нь зэсийн үнэ өсөхөд хүргэв. Наймдугаар сарын эхээр хямдарсан зэсээр нөөцөө бүрдүүлэх зорилготой хятадууд Лондоны металлын биржээс уг металлыг их хэмжээгээр худалдаж авсан нь ч үнийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ.

Гэвч зэсийн үнэ өөр ямар ч таваараас илүү макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс шалтгаалдаг.  АНУ, Европын төсвийн хямрал, Хятадын инфляци уг металлын ханшид сөргөөр нөлөөлөх вий гэсэн эргэлзээ трейдерүүдийн толгойг гашилгаж эхлээд байгаа юм.

“Дэлхийн эдийн засаг унахад зэсийн үнэ буурдгийг бид гурван жилийн өмнө харсан шүү дээ” хэмээн “Standard Bank” хөрөнгө оруулалтын банкны таваарын стратегич Волтер дэ Вэт ярьсныг “Kitco News” дамжуулав. Санхүү, эдийн засгийн хямралаас болж 2008 оны зун 8000 ам.долларт хүрсэн тонн зэсийн ханш өвөл нь 3000 ам.доллараас доош ортлоо навс унасан билээ. Эдүгээ дэлхийн эдийн засаг дахиад хямралд өртвөл зэсийн ханш 8000 доллар болтлоо шалдаа  унах тухай Волтер дэ Вэт сануулаад, гэвч энэ тохиолдолд түүнийг худалдан авах сонирхол эрс нэмэгдэхийг тэмдэглэсэн байна.

Зэсийн үнэ буурахгүй, харин ч өснө гэсэн таамаглалтай шинжээч ч цөөнгүй байгааг “Kitco News” онцолжээ. “Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нүүрлэсэнтэй холбоотойгоор зэсийн ханш савлах төлөвтэй ч бидний үзэж байгаагаар 2012 онд өндөр хэвээр байна” хэмээн “TD Securities” компанийн дэд ерөнхийлөгч Барт Мелек тэмдэглэв. Энэ оны дөрөвдүгээр улиралд тонн зэсийн дундаж ханш 9480 ам.доллар байна гэж тэрбээр таамаглаж буй аж. “Ямартай ч Хятадын идэвх эрс суларна гэж бодохгүй байна. Тиймээс зэсийн эрэлт, хэрэгцээ сайн хэвээр байх хандлагатай” гэж Барт Мелек онцолжээ. “TD Securities”-ийн үзэж буйгаар ойрын хэдэн жилд Хятадын ДНБ-ий өсөлт 8-9 хувьтай гарах бөгөөд энэ нь эрэлт буурахгүйг илтгэх аж.

“Миний бодлоор Хятадын нөөц багасаж байгаа учир оны сүүлчээр их хэмжээний зэс авч, боловсруулан зарна. Тиймээс дөрөвдүгээр улиралд үнэ дээшлэх төлөвтэй” хэмээн “Scotiabank” банкны дэд ерөнхийлөгч Патрисиа Мор ярьжээ. Үүний хажуугаар Шанхайд тонн зэс 10 мянган ам.доллараас дээш арилжаалагдаж байгаа нь  Хятадад эрэлт их байгааг илтгэж буй. Үнийн цоорхойноос ашиг олох гэсэн трейдерүүд Лондоны металлын биржээс улаан металл худалдаж авахдаа дуртай байгаа ажээ.

Хятад улс мөнгөний бодлогоо чангатгаж байгаа ч зэсийн эрэлт буурна гэж айх зүйлгүйг Патрисиа Мор тайлбарласан байна. Харин ч Хятад болон олон хөгжиж буй орны зэсийн хэрэгцээ нэмэгдэж байхад олборлолт эрчимжиж чадахгүй байгаагаас энэ оны дөрөвдүгээр улиралд зах зээл зэсийн хомсдолд орно хэмээн шинжээчид үзэж байна. Энэ онд хомсдол 400 мянган тонн байна хэмээн Барт Мелек үзэж байгаа бол “Harbor Intelligence” компанийн тооцооноос харахад уг үзүүлэлт 333 мянган тонн байх аж. Гэтэл “Brook Hunt” компанийн судалгаагаар бол 465 мянган тоннын зэсийн хомсдол бий болох төлөвтэй.

Монгол Улсын хувьд энэ оны эхний долоон сард 328 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь 577.7 сая ам.доллар болжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд зэсийн баяжмал нийт экспортын 24 хувийг бүрдүүлж байгаа юм.

Гэхдээ 2013 оноос зэсийн олборлолт огцом өсөх нь ойлгомжтой. Дэлхийд хоёрдугаарт жагсах уурхай болно хэмээн мэргэжилтнүүдийн хүлээж буй Оюутолгойн орд жилдээ 500.000 тонн зэс гаргана гэсэн төлөвлөгөө бий. Энэ нь Чилийн томоохонд тооцогдох Коделко Хорте уурхайн хүчин чадалтай дүйцэхүйц хэмжээ юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих