Д.Батцогт: Шатахууны буурсан үнэ удаан хугацаанд тогтвортой байна

Нийслэлээс хол аймгийн шатахууны үнийг бууруулах ажил баруун хязгаараас эхэлсэн. Ховд аймгийн шатахууны үнийг бууруулах үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогттой уулзаж ярилцав.

12-14-3_700x700-Шатахууны үнэ баруун хязгаараас буурч эхэллээ. Таны сонгогдсон тойрог энэ ажлын эхлэл цэг болж байна?

-Ховдчууд болон баруун бүсийн ард иргэдийн олон жилийн мөрөөдөл биелж байгаад баяртай байна. Бид нийслэлээс хэт алслагдсан бүс нутагт амьдарч байгаагийнхаа хариуд хэт өндөр үнэтэй шатахуун, бараа бүтээгдэхүүн яагаад хэрэглэх ёстой юм бэ гэдэг асуулгыг нутгийн иргэд хэлдэг байсан.

Хэдийгээр цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нийслэлийнхээс ялгаагүй ч илүү үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэж багаа талаар тэд хэлсээр ирсэн. Тэгэхээр үе үеийн парламентын гишүүд бүсийн нэмэгдлийн тухай хууль өргөн барьж, хэлэлцүүлдэг. Засгийн газраас судалгаа хийсний үр дүнд шатахууны үнийг буулгах шийдвэрийг гаргасан.

Ер нь улсын хэмжээнд хэрэглэх шатахууны гурван хувийг баруун бүсийнхэн хэрэглэж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа энэ үед онцгой албан татварыг тэглэх замаар алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах боломжтой гэж үзсэн юм.

Мэдээж энэ ажлыг гүйцэтгэхэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон салбарын мэргэжилтнүүд санаачлагатай ажилласныг онцлох хэрэгтэй. Хамгийн гол нь шатахуун импортлогч компаниудтайгаа ойлголцож, зөвшилцсөний үр дүн юм.

-Увс, Баян-Өлгий аймгийн шатахууны үнэ нийслэлтэй ижил төвшинд хүрлээ. Харин Ховд аймгийн тухайд 30 төгрөгийн зөрүүтэй байна. Энэ талаар?

-Цагаан нуур болон Хандгайтын хилээс тээвэрлэх тээвэрлэлтийн зардал орсон дүн. Мөн энэ шийдвэрийг цаашид тогтвортой, урт хугацаанд үйлчлэх талаар нь ярилцаж байгаа. Одоогоор Ховдод шатахууны үнэ 400 төгрөгөөр буурсан шүү дээ. Ингэснээр аймгийн эдийн засаг болон хүмүүсийн амьжиргаанд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа.

Бид бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлдөг хоёр хүчин зүйлийг дурддаг. Түүний нэг нь шатахуун. Мэдээж шатахууны үнэ буурсан үед нэмсэн үнэ, өртгөө буулгах байх гэж найдаж байна. Үүнийг аж ахуйн нэгжүүд маань тусгаж авах байх. Энэ өөрчлөлтийг хамгийн эхэнд Увс, Баян-Өлгий, Ховд аймгаас эхлүүлсэн.

Дараагийн удаад зүүн гурван аймагт үргэлжлэх юм. Цаашид УИХ, Засгийн газраас улсын хэмжээнд аливаа бараа бүтээгдэхүүний үнийг  нэг төвшинд байлгах бодлого баримталж ажиллаж байгаа. Би шатахууны үнийг бууруулах боломж бий гэдгийг тойргийнхондоо хэлж байсан. Үүнийгээ ажил хэрэг болгохын төлөө өөрийн эрхийн хүрээнд шахаж, шаардсаны үр дүн гарч байна.

-Шатахууны үнийн бууралтыг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй бол яах вэ. Аж ахуйн нэгж болон худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүний үнийг бууруулах хөшүүрэг Засгийн газар, УИХ-д бий юу?

-Төрөөс шууд оролцох боломж тун муу. Шатахууны үнийг бууруулахын тулд компаниудтай хэлэлцээ хийсэн. Тухайлбал, төвийн бүсэд борлуулж байгаа шатахууны онцгой албан татварыг өсгөсөн. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасан.

Тиймээс онцгой албан татварыг нэмэх боломж бүрдсэн. Харин баруун болон зүүн бүсийн шатахууны үнийн зөрүүг арилгахын тулд онцгой албан татварыг тэглэсэн юм шүү дээ. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа хүмүүс ухамсартай хандаж үнээ буулгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Яагаад гэвэл, 50 төгрөгөөр шатахууны үнэ өсөхөд дагаад өсчихдөг. Гэхдээ 400 төгрөгөөр буурч байхад орон нутагт бизнес эрхэлж байгаа хүмүүс болон аж ахуйн нэгжүүд хямдруулах байх. Ялангуяа өргөн хэрэглээний барааны үнэ зайлшгүй буурах учиртай.

Ингэснээр иргэдэд хүрч энэхүү шийдвэрийн үр дүн гарна. Хамгийн гол нь эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед ганц ч болов барааны үнэ буурснаар хүмүүсийн амьжиргаанд нөлөөлнө гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих