С.Баярцогт “Нутгийн удирдлага- Сорилт ба Шийдэл” үндэсний чуулганд оролцлоо

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Нутгийн удирдлага- Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж байна.

21 аймгийн Засаг дарга,  ИТХ-ын дарга, орон нутаг хариуцсан салбарын мэргэжилтнүүдийн оролцож буй тус чуулганд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, “Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж заасны дагуу бүх шатны Хурал, Засаг даргын хамтын ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх ажлыг Засгийн газраас тогтмол хэрэгжүүлж байна. Тухайлбал Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, төвлөрсөн болон бүсчилсэн зорилтот сургалт, семинаруудыг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд явуулах,  жил бүр ИТХ-ын ажлын тайланг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, дэвшилтэт ажлуудыг дэмжин сурталчлах, орон нутагт очиж мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон талт ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар ханган, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох асуудлыг шийдэж байгаа ч цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн төвлөрлийг сааруулах, Хурал – Засаг даргын харилцааг тэнцвэржүүлэх, хамтын ажиллагааг зүй зохистой явуулах талаар анхаарах шаардлагатай байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн Холбооны Улсын санхүүгийн дэмжлэгээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсруулах зорилго тавин ажиллаж байна.

Төвлөрлийг сааруулах, шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажил нь олон талын оролцоотой хэрэгжих өргөн асуудал болж байна. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах нэг хэрэг. Хамгийн чухал нь хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах чадамж, сэтгэл зүтгэл чухал гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт илтгэлдээ онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих