Рублийн цаашдын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

Орос улсад долларын ханш 70 рубль давж, евро 77 рублийн ханштай болоод байна. Нефтийн үнэ 6 жилийн өмнөхөд хүрсэн тухай оросын ХМХ-үүд шуугиж байна. Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ 38.20 долларт хүрчээ.  ОХУ-ын Сангийн яам амаргүй цаг үед бэлтгэлтэй байхыг сануулж байна.

 Сангийн сайд ноён Силуанов  мэдэгдэлдээ,  ирэх жил заримдаа  нефтийн үнэ 30 долларт  хүрч мэдэх бөгөөд түүнээс доош ч үнэтэй байж мэднэ  хэмээн тэмдэглэжээ. Гэхдээ Оросын Сангийн яам нэг  ам. доллар  100  рубльд хүрэх тийм макро-эдийн засгийн шалтгаанууд үгүй гэж тайлбарлаж  байна.

Хүүгийн бодлогыг 11 хувьтай түвшинд хадгалах  Оросын Төв банкны шийдвэр тус улсын  валютын зах зээлд огт нөлөөлөхгүй байгаа  тухай Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

“Хөрөнгө оруулагчид  анхаарлаа АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хуралдаанаас  гарах  шийдвэрт хандуулаад байна” гэжээ. Хуралдаан энэ сарын 15,16-ны өдөр болж байгаа билээ. Иймд энэ орой оросын рубль, нефтийн ханшийн цаашдын хувь заяа шийдэгдэнэ хэмээн тус улс хүлээж буй юм.

Москва хот. А.Огторгуймаа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих