Засаг дарга Ж.Баянмөнх зангаргатай авлигач уу?

НЕФТИЙН КОМПАНИУДМИНИЖУУЛЖБАЙГАА ЖАНЖИН ЧОЙР

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх хэмээх Дамбий Жагийн өнөө цагийн хувилбар гэмээр нөхрийн тухай 11 жил сонсож байгаа билээ.  Ардын хувьсгалын эхэн үед баруун хязгаарт Дам­бий Жа ард иргэдийн зүр­хийг сугалж туг тахив гэдэг шиг… Тэрбээр дарга на­раа зодлоо, хавиргыг нь хуга өшиглөв,  зодол­дов, бусдын өмчийг бу­лаав,  хэдэн саяын авлига ав­лаа гэж сонсогдох юм. Хувьс­галын эхэн үед бай­сан бол ард иргэдийнхээ зүр­хээр туг тахихаар л хүний сураг сонсогддог юм. Тэ­рүүхэн хавьдаа да­ран­гуйлал тогтоож, Мон­гол Улсын бус өөрийн хууль дүрмээр ард иргэдээ за­хир­даг Засаг дарга юм уу даа.

Ингээд газар дээрээс нь сурвалжлахаар редак­цийн томилолт аван Говь­­сүм­бэр аймгийг зори­лоо. Энэ аймаг руу зас­мал зам, төмөр зам хоёу­лаа тавигдсан. “Мян­ганы зам”-ын босоо тэнх­лэгээр  3-4 цаг давхиад л Говь­сүмбэр аймгийн төв болох Сүмбэр сум (Чойр шүү дээ) дээр давхиад ирлээ. Ёотон шиг дан цагаан байшингууд, гу­рин­халсан ноход, бор гэрүүд, банз нь ховхорсон саарал ха­шаа­нууд. “Соц” нийгэм сэхээнд байх үе буюу 1980 оны төгсгөл хавьцаа­ны салхи шуур­га­тай үеийн дүр зураг са­наанд бууна. Үүнээс гад­на бар­гар царайтай за­луус ха­шааны булан то­хойд зээг­лэн сууцгааж жихүү­дэс төрүүлэм цоо ширтэх юм.

Нефтийн компаниуд төмөр зам дагуу “мини­жуулж” байгаа мэт шата­хуун агуулах баазуудаа барьж байгаа үзэгдэнэ.  Эдгээр компаниуд Өмнө­говь аймагт босч буй Та­ван толгой, Оюу толгойн ордуудад хэрэглэгдэх неф­­­тийг Говьсүмбэр айм­гаас урагш зөөх болол­той. Улаанбаатар хотоос галт тэргээр зөөвөрлөх нефтиэ Сайншанд хо­тоос Таван толгой руу зөөхөд арай л дөт бай­маар. Гэтэл Дор­но­говь аймгийн Засаг дар­га П.Ган­хуяг гэдэг нөхөр неф­тийн компаниудын дураар газар олгоогүй гэнэ.

Энэ аймгийн иргэд неф­тийн агуулах дунд амьдарч байгаа нь илт байлаа.  1990 оноос өмнө тус аймагт ЗХУ-ын хорин мянган цэрэгтэй арми бай­сан. Тэдний үлдээсэн бай­шин барилга, машин тех­ник, зэр зэвсгээс өг­сүү­лээд зэс гуулийг говь­сүм­бэр­чүүд 20 жил зарсан гэхэд болно.

Зах зээлийн эхэн үеийн хүнд­хэн жилүүдэд орос ах нарын үл­дээсэн “хог” олон иргэ­дийг тэжээ­сэн гэхэд ч хилс­дэхгүй. Одоо ч гэсэн үлдсэн ба­рилга байшин­гуудыг ну­рааж л байна лээ. Өдгөө балгас болсон, бо­лоогүй барил­га байшин­гуу­даа оросууд орхиод гарахдаа “Их өр”-ийн нэ­гээхэн хэсэг бол­госон юм шүү дээ. Говь­сүмбэр аймаг Баян­тал, Шивээ Овоо, Сүмбэр гэсэн гурван сум­тай, 14508 хүн амтай, 4289 өрхтэй, нэн ядуу өрх 220, ядуу өрх 542, ажил­гүй 2450 иргэн байдаг аж. Өмнө­говь аймгийн Цогт­цэ­ций су­маас ч хүн ам багатай юм билээ. Уг нь цөөхөн хүн амтай, газар­зүйн байр­лал сайтай, дэд бүтэц дээд зэргээр хан­гагдсан, хүн ард нь дуул­гавар­тай гэж байгаа. Ийм аймгийг өөд татаад яв­чихаж болмоор. Энэ нут­гийг гэх сэтгэл, зүтгэлтэй хүн бай­сангүй юу гэсэн сэтгэгдэл төрөх аж.

ЖАМСРАНГИЙН БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Уг нь “Цайз” захын арьс шир­ний гайгүй ченж байсан юм билээ. Мань эр 1996 оны үед МАХН-ын цагаан бай­ранд цахилгаан дулаан ха­риуцан ажиллахаар ажилд ор­сон гэнэ. Тэгэхдээ Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Энх­түвшинтэй танилцаад авчээ. Бүр урд хойно нь гүйж бай­гаад шадар туслах нь болжээ. Ингэж цүнх барьж гүйсний хүчинд Ж.Баянмөнх 2000 онд  Говь­сүмбэр аймгийн Засаг дарга бол­сон түүхтэй.

Тэрбээр 2000 оноос хойш одоо хүртэл тасралтгүй аймгийн Засаг дарга хийж байгаа цөө­хөн нөхдийн нэг юм. 11 жил Засаг даргын суу­далд суух­даа ажил мэргэжилдээ бус авлига, ард иргэдээ дээрэл­хэхдээ айхавтар гаршсан гэх юм. Түүний талаар байсхий­гээд сонин хэвлэл, Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдол ирдэг аж. Нэг намын да­вам­гайлал дор говь нутагт өөрийн гэсэн ноёрхол, тойрон хүрээ­лэг­чээ бүрдүүлээд авчээ. Үзэл бодлоор нь хавчин гадуурхах үзэгдэл АН-ын гишүүдийн гэр бүлд тохиолддог гэнэ. Баянтал сум дээр л гэхэд АН орон нутгийн сонгуу­лиар ялалт бай­гуулжээ. Гэтэл Засаг дарга Ж.Баян­мөнх АН-аас сонгогд­сон Засаг даргыг баталдаг­гүй. Аймгийнх нь шүүх “Засаг даргыг нь томил” гээд байхад гүрийсээр хоёр, гурван сар болгосон байдаг.

Түүний тойрон хүрээлэг­чид Говьсүмбэр аймагт биз­нес хийдэг байна. Аймгийн төвийн дулааныг “Ус-Ду” ком­панийн захирал, Иргэ­дийн хурлын тэргүүлэгч С.Лув­сан­вандан, Цахилгаан шугам сүлжээг Иргэдийн хурлын тэргүүлэгч Шү­рэнчулуун  олон жил хангаж байгаа аж. Төс­вийн хөрөнгөөр хийгдэх энэ­хүү ажилд ямар нэг сонгон шалгаруулалт гэж байхгүй гэнэ. Эдгээр нөхөд жил бүр төсвийн тодотгол руу гараа сарвайн мөнгө төгрөг нэ­мүүлж суудаг гэх юм.

Засаг дарга Ж.Баянмөн­хийн хөрөнгө чинээний хувьд жилдээ зуун сая төгрөгийн орлоготой юм билээ. Улаан­баатар хотод хоёр ч байртай, Багануур дүүрэгт хаустай, тус бүр нь 770 мянган төгрөгөөр үнэлэгдэх эзэмшлийн долоон газартай. Эд­гээр газрыг ямар ч дуудла­га ху­далдаагүйгээр олоод авчээ. Говь­сүмбэр аймгийн Засаг дарга юм чинь орох орон байж л таараа. Зүгээр нэг хоёр, гурван өрөө бай­ранд суухгүй, орцоор нь, байшин­гаар л эзэмшинэ гэж ярина.

Зөвлөлтийн цэргийн ан­гиас үлдсэн 90 айлын зургаан орц бүхий байрны орон сууц тус бүрийг нэг сая төгрө­гөөр “Жи Эм Би” гэдэг ком­па­нид өгсөн байх юм. Мөн л дуудлага худалдаа гэдэг зүйл явагд­сангүй. Харин өөрөө нэг ор­цыг нь авч 2,3,4 дүгээр давх­рын гурван айлын байрыг нэгтгэн хоёр хүүдээ өгчээ. Тэгэхдээ Өрхийн эмнэлэг ба­рих нэрээр төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулан хүүхдүү­дийн­хээ орон байрыг за­саад авчээ.

Засаг дарга Ж.Баянмөнх өөрөө өөртөө захирамж гар­ган байр байшин өгнө. Үгүй бол эхнэр А.Оюун­­­­даа тушаал шийдвэр гарга­даг байх юм. Сүртэй нь аргагүй “Зээрд овогт Адилбишийн Оюунд Засаг даргын Тамгын газрын дэр­гэдэх 0.04 га газрыг үйл­чил­гээ­ний зориулалтаар 15 жилийн хуга­цаатай эзэм­шүүл­сүгэй. Зохистой ашигла­хыг иргэн А.Оюунд үүрэг бол­госугай” гээд захирамж гарга­на. Шуудхан “Хоёр хүүхдийн минь эх, халамжит ханийнхаа нэр дээр 0.04 га газар шил­жүү­лэв. Удахгүй зарна, нөхөр нь” гэхэд ч болохгүй юмгүй. Ийм захирамж шийдвэрийг дараагийн дугаарт өгүүлэх болно.

ХҮН ЗОДОХ ШИГ ХУУЛЬГҮЙ ЗҮЙЛ АЛГА

Хүн зодно гэдэг Эрүүгийн гэмт хэрэг. Харин Засаг дарга Ж.Баян­мөнхийн хувьд “Эр хүн шиг харь­цааны нэгэн хэлбэр” гэж байгаа. Тэрбээр намын­хаа байрыг хоригд­луу­даар ба­риулж байхдаа на­рийн бичиг дарга асан Н.Хи­шигдоржийн хөлийг хуга өшиг­лөжээ. Үүний дараагаар Эд хөрөнгийн бүртгэ­лийн албаны дарга, хуульч Ц.Са­ран­туяаг өрөөн­дөө дуудан оруулж ирээд цохиж унагасан байх юм.

Энэ хуульч эмэгтэй “Засаг дарга Ж.Баянмөнх өөрөө өөртөө тушаал гарган төр захиргааны байруудыг хувь­даа шилжүүлэн хууль зөрч­сөн”  гэж мэдэгдээд зодуулсан хэрэг. Зодуулсан эмэгтэй цагдаа сэргий­лэ­хэд хандах нь мэдээж. Тэгтэл цагдаа­гийнхан Ц.Сарантуяаг ав­лига авсан хэмээн жил гаруй цаг­дан хорьсон байдаг юм. Тэ­рбээр 250 мянган төгрөгийн цалингийн зээл авсан байд­лыг ийнхүү гуй­вуулсан хэрэг л дээ.

Говьсүмбэр аймаг байгуу­лагд­саны 20 жилийн ойгоор Засаг дарга Ж.Баянмөнх сог­туурхан нутгийн зөвлөлийн дарга Б.Энхтөрийг бу­садтай хардан тархийг нь цоо цохи­сон байна. Харин цаадах нь нэ­лээд шартай нөхөр байсан учир харилцан ноцолдож “Баярын хү­лээн авалт” гэхээ­сээ илүү бар арслангийн зо­доон шиг юм болжээ. Аймгийн Засаг дарга нь иргэдээ сурган хүмүүжүүлж байгаа мэт зод­дог гэх юм. Тэгээд иргэд нь хэл ам хийж байснаа эвлэрч ажилд ордог гэх хачин яриа  чих дэлсэж байлаа.

Ингээд нутгийн хэд, хэдэн ир­гэд­­тэй уулзахад “Засаг дарга Ж.Баян­­мөнх “ИЛК-Говь-Урал” ком­паниар мөн ч их тоглож байгаа юм. Очиж уулзахгүй юу” гэсэн юм. Тэд­гээр иргэдийн зөвлөснөөр тус компани дээр яваад очлоо. Бая­жуул­сан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх зорилготой компани бололтой. Ашгүй компанийнх нь за­хир­лууд бай­сан учраас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулж авлаа. Үргэлжлэл бий.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.