Хорвоод таныг ирэхэд эмч л тосож авдаг хорвоогоос буцаад явахад эмч таныг үддэг

12239704_723885887742994_4692765478368633745_n

“Тангараг өргөсөн биз дээ чи” гэж омогтой нэгэнд нь аашлуулж, төрийн албан хаагч гэж толгой түрүүгүй буруутгагдаж, ажиллаж чадахгүй бол ард чинь хүн бий шүү гэх ажил олгогчийн сүрдүүлгэнд хоногийн нойргүй жижүүрлэж, хоосон хоночилгүй цалинжиж, ажил, хувийн амьдралын ялгаа нь бараг арилсан хэсэг бүлэг хүмүүсийг эмч нар гэнэ. Сурсан эрдэм, хөдөлмөр нь хэзээ нэг цагт, үнэлэгдэх сайн цагийг хүлээн шүд зуун ажиллах хөөрхий хүний үрс. Шил архи, ширхэг набор, хоолны мөнгө тэргүүтнийг сэтгэлийн харамжинд авсандаа интерполоор эрэн сурвалжлагдах авилгачаар тодорно.

Төрсөн тэлснээс нь дутахааргүй сэтгэл гарган үйлчилсний хариуд шүүмжлэл, доромжлол тэднээс салахгүй. Эм тариа нь хүрэлцдэггүй,даатгалын байгууллага, төрийн тогтолцооны гажуудлын бурууг тэд хүлээнэ. Эрүүл мэндээ тоодоггүй, энэ биеэ үнэлдэггүй өвчилсөн хойноо буруутгадаг эгэлгүй мунхаг хүмүүний үйлийн үрийн буруутан нь эмч. Мэдлэг чадварын дутагдал, менежментийн бурууг ч тэд л үүрнэ. Улс төрийн золиос, үзэл бодол, нийгмийн хандлагын хоцрогдлын тод жишээ эмч. Олны өмнө улалзалж, орчлонд төрсөндөө гутрахаар доромжлуулавч өргөмжлөл, энгэрийн тэмдэгт хууртагдан энэ насаа элээнэ.

Өөр орны ижил мэргэжилтний цалингийн тоог сонсоод цагаан атаархал төрөвч шоронд явуулчихгүй л бол цалин ч дүүрчээ гэж өөрийгөө хуурч сэтгэлээ зогооно.
Шинэхэн авсан машиныхаа тос маслыг цагт нь сольж, харагдах төдий зураасны төлөө хагартлаа уурлах монгол хүн та гишгэсэн мөрөө эргээд нэг хар. Ходоодоо тэлтлээ идэж, хордож үхтлээ архи ууж, зовлонгоор жаргал хийж эрүүл биеэ зэмдэг болгочихоод эрхэм эмчийг доромжлох хэрэг юун.

Эд хөрөнгөө гамнахдаа эзний сэтгэл гаргах атлаа, төрсөн биений чинь амийг бөхлөх хүндтэй тэр хүнд гар татаж, гоочлохын хэрэг юун.

Би таны амины үнийг хэлээд өгье. Ойлгож мэддэг мөнгөөр тань илэрхийлээд өгье. Нэг эмч сард 350- 550 мянга төгрөгөөр цалинждаг. Сард 8-10 удаа жижүүр хийвэл сая төгрөгний цалин авах нь бий . Нэг амбулаторийн эмч өдөрт 25 хүн үзэж оношлох нормтой. Гэхдээ манайд 50 – 60 хүнд үйлчилдэг. Дундажаар сарын цалинг 450 мянган төгрөг гэж тооцвол нэг өдрийн хөдөлмөрийн хөлс 21000 төгрөг, нэг хүн үзэх ажлын хөлс 818 төгрөг. Ширхэг талхны үнэ хүрэхгүй үнээр таны амийг төр үнэлж байна. Өдөр бүр нормоос илүү хүнд үйлчлэх тусам таны амины үнийн ханш унана. Та ийм хөлсөөр нэг хөл нь шоронд, нөгөө хөл нь наранд байдаг ажлыг насан туршдаа хийх үү ? Та одоо ч эмчийг буруутгасаар л байна уу ?

Хэрэв эрүүл мэндийн тогтолцоо төгс сайжирч орхивол улс төрчид хуучин тоног төхөөрөмж,хугацаа дууссан бэлгэвч, үйлчилдэгүй вакциныг улсын хөрөнгөөр худалдан авч “нухаа” гаргадаг бизнесгүй болчихно. Даатгалын тогтолцооны гажуудал ч бүдрэхэд түлхэж, хахахад нудрахтай агаар нэг болж байна. Насаараа төлнө. Аз нь таарч тэтгэвэрт гарвал цайны сүүний үнэ хүрэхгүй тэтгэвэр авна. Харин цагаасаа эрт хорвоог орхивол 180 000 төгрөгийг оршуулгын зардалд өгнө. Арай дээр гэж үзэж байгаа нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орох, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хөнгөлөлт эдэлнэ, харамсалтай нь түүнийг хүртэнэ гэдэг тэнгэрийн умдаг атгахаас хэцүү.Эрүүл мэндийн салбар хэзээ хөгжих вэ? гэсэн асуулт үлдлээ. Монгол хүн та өөрийн амийг хэрхэн үнэлснээс дараагийн үр дагавар үүснэ. Манайхаас бусад бүх оронд эрүүл мэндийн салбар бизнес хэмээн бүрэн зөвшөөрсөн. Харин бид буяны ажил гэж ойлгоно. Тэгсэн мөртлөө хариуцлага тооцож хэнхэглэнэ. Өөрийн хийхийг бус бусдын хийхийг зааж мэдэмхийрнэ. Өөрийн биеийг гамнахгүй атлаа өвдсөний дараа бусдад бурууг тохож, эдийн засаг, бие сэтгэлийн хохирлоо бусдаар төлүүлж түүнийгээ ингэх ёстой хэмээн ухамсарлахаа зогсооё. Эрүүл мэндийнхээ өмнө хувь хүн өөрөө л хариуцлага хүлээж суръя.

Бусдаас дутахгүй чадвартай, зарим талаараа илүүрхэх монгол эмч нартаа итгэл өгч хийдэг ажлыг нь бодитоор үнэлье. Бодол, үйлдэл бүр тань бусдыг буруутгахад чиглэвэл болгоомжгүй үйлдэл бүр тань өвчин, үхлийг даллаж байдаг шүү. Бурхны зарлигтай, итгэлийн шүншигтэй эмч нарыг хэзээ ч муу хэлж муухайгаар битгий хараа. Хорвоод таныг ирэхэд эмч л тосож авдаг хорвоогоос буцаад явахад эмч таныг үддэг.
Мягмаржавын Энхтайван


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих