Доголон төмөр хааны догшин шарил

12193384_529121050597987_5131151742659080491_n

МОНГОЛООР МИНЬ ОРОЛДВОЛ ХЭНИЙГ Ч ГЭСЭН ИЙМ ХУВЬ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙГАА, АЮУТУГАЙ, МЭДЭРТҮГЭЙ, ХИЧЭЭТҮГЭЙ

Доголон төмөр хааны догшин шарил

Түүхэнд түүний нэр алдар Төмер хаан, “Доголон” Төмөр, “Бурхны ташуур”, Тимур, Тамерлан, Тимерлинг хэмээгдэн олон янзын нэрээр мөнхрөн үлджээ. Түрэгжсэн монгол ноёны хүү болох Төмөр бээр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кэш хотод Барлас омгийн ахлагч Мухаммед Тарагайн орд өргөөнөө Тэкина Мохбегим хатнаас нуган үр болон 1336 онд мэндэлжээ.

Төмөр эрийн цээнд хүрч Чингисийн алтан ургийн гүнж Өлзий- Турхан-Агайтай гэрлэж байжээ. Төмөрийн бусдыг захирах, тэднийг эрхшээлдээ жанжлах чадвар нь их залуудаа илэрчээ. Феодл хоорондын тэмцлээс ялгаран цойлж 1360 он гэхэд 24 настай Төмөр овог аймгаа үндсэнд нь гартаа бүрэн оруулсан байлаа. Нэгэн оны дараа Дундад Азийн өргөн уудам нутгийг захирдаг Чингисийн удмын Төглөг хааны албанд зүтгэж, төдөлгүй хан хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшин улмаар Кашгар мужийн захирагч болж, Барлас овгоос бүрдсэн цэргийн баг бүрдүүлсэн байдаг.

Зүүн хөлөө багадаа гэмтээсэн тэрбээр 1362 онд болсон тулалдаанд баруун гар, хөлдөө хүнд шарх авснаас хойш “Доголон” нэрээр Дундад Азид алдарших болжээ. Бага, Дундад Ази, Кавказын улсуудыг байлдан дагуулж, Алтан ордны улс, Моголистан, Энэтхэг тийш түрэмгийлэн довтолж 1370 он гэхэд Төмөрийн эзэнт гүрэн бүрэлджээ. Цэргийн эрдэмд гайхалтай боловсорсон Төмөр шилдэг 313 баатрынхаа 10-ыг аравт, 100-г зуут, сүүлчийн зуун хүнийг мянгатын даргаар томилж, үлдсэнийг нь шадар жанжнаа болгожээ. “Ташуур бороохойноос илүү захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээ ч байдал тун чухал” гэсэн алдарт үгээ тэдэнд ойлгуулжээ. Аравт, зуут мянгат нь морины өнгө зүс, дуулга, туг хиураар

цэрэг, дарга хэнийг ч болов ялгахгүйгээр цалин хөлсийг нэмэх, үнэт бэлэг, зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, цол чимэг олгох зэргээр урамшуулна. Алдаа гаргавал хатуу шийтгэл онооно. Темөр хааны морин цэргийг хөнгөн, хүнд гэж хуваана. Хөнгөн морьтнууд нь нум сум, сүх, хөрөө, шөвөг, бугуйл, ундны усны дашмагтай байх бөгөөд хүнд морьтнууд нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна.

Таван хүнд морин цэрэг байлдааны үед нэг тэргэнд зэвсэг хэрэглэлээ ачиж явна. Отолт бүслэлт хийх, уулархаг газарт байлдах хөнгөн морьт цэрэг ч бас байна. Өөрийн гэсэн цэргийн ялгарах онцлогтой Төмөр хааны цэргүүд 1380 он гэхэд есөн удаагийн том тулалдаанд ялалт байгуулан Самаркандын хаант улсыг байгуулсан байдаг.
Түүх бичлэгт эзлэн түрэмгийлэгч, догшин ширүүн гэгдэн хар бараанаар бичигдсэн ч Төмөр хаан цэргийн гарамгай жанжин байжээ.

Төмөр хааныг насан эцэслэхээс нь өмнө түүний байгуулсан эзэнт гүрэн бутарч эхэлсэн нь үнэн. Төмөр хаан олон зуун мянган цэргийг чадамгай удирдаж, том эзэнт гүрэн байгуулж чадсаныг үгүйсгэх аргагүй билээ. Түүний нэр дэлхийн дөрвөн том эзлэн түрэмгийлэгчийн гуравт бичигдсэн байдаг. Доголон Төмөр хаан 1405 оны нэгдүгээр сарын 19-нд 69 насандаа Сырдарьяа мөрний хөвөөнд орших хилийн бяцхан суурин Отрар хотод тэнгэрт хальжээ. Төмөр хааны шарилыг заар, сарнайн усаар занданшуулж, хөвөн даавуунд ороон хар модон авсанд залан Самарканд хот руу илгээжээ.

Тэнд авсыг ногоон өнгийн хаш чулуун бунханд байрлуулан мөргөлийн сүмийн бөмбөгөр оройг дээд зэргийн гоёмсгоор урласан гэдэг. Төмөр хааны домог түүнийг амьд сэрүүн байснаас илүүтэй таалал болсноос нь хойш өнөөг хүртэл гайхалтайгаар үргэлжилж байгаа билээ. Ялангуяа түүний шарилын нууц зургаан зууны туршид яригдаж, үлгэр домог мэт байсаар л байна.

Түүний шарилыголон удаа хөндөх гэж оролдсон бөгөөд тийм санаа сэдсэн, оролцсон хүн бүр толгой дараалан үхсэн байдагт л түүний шарилын тайлагдашгүй нууц оршсоор, өдгөө хүртэл яригдсаар байнам.1930 оны эхээр дарангуйлагч И.В.Сталины анхаарлыг хамгийн их татсан Монгол цуст хоёр хүн байлаа. Нэг нь Чингис хаан, нөгөө нь Төмөр хаан. Мэдээж

Чингисийг үзэн ядуулах, Төмерийг өөрийгөө шүтэн бишрүүлэхэд ашиглах санаа Сталинд төржээ. Тэр даруйдаа В.Янаар “Чингис хаан”, “Бат хаан” романууд бичүүлж, монгол хаадын түүхийг мушгин гуйвуулав. Үүрэг даалгавраа биелүүлсэн зохиолч 1942 онд Сталины нэрэмжит шагнал хүртжээ. Харин дэлхийд аймшгаараа алдаршсан Доголон Төмөрийн түүхийг дунд сургуулийн сурах бичгүүдэд оруулж, “Хорвоод ганцхан бурхан залардаг шиг газарт ганцхан хаан байх ёстой” хэмээсэн Төмөр хааны айлдварыг Сталин онцгой талархаж, амны уншлага болгожээ.

Сталин түүнийг “Оросыг татар-Монголчуудаас аврагч” хэмээн үзсэндээ “Зөвлөлтийн түүх” номонд өөрийн гараар өгүүлбэр нэмсэн эх хувилбар болох түүхэн баримт одоо ч хадгалагдан байдаг аж. 1927 онд Москвад хэвлэсэн номонд “Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн татар- Монголчуудын дарлал ийн төгсгөл болов” гэж бичсэн явдал байлаа. Узбекийн нэрт археологч М.Е.Массон 1929 онд Төмөр хааны шарилыг нээн судлах асуудлыг анх санал болгожээ.

1925 онд Самаркандын инженер М.Ф.Мауэрын хийсэн соронзон судалгаагаар уг шарил дотор нэлээд металл эд зүйлс байгааг тогтоов гэсэн мэдээлэл Сталинд олз болов. Эрмитажид Сталины гарын үсэгтэй нэгэн баримт хадгалагдаж буй. Уг бичиг “Төмөрхааны бунхныг нээх ажлыг 5 сараас хойшлуулалгүй эхлүүл” гэж дурдсан нь 1941 он ажээ. Төмөр хааны бунхныг нээх экспедицийн бүрэлдэхүүнд намын ажилтан ч багтсан байдаг бөгөөд Узбекийн суут яруу найрагч А.Навойн 500 жилийн ойг тэмдэглэх ажилтай уялдуулан гэж тодотгон зохион байгуулжээ.

Зорилго нь Төмөр хаан, түүний үр садын түүхийг тод болгохын зэрэгцээ Навойн бүтээлийн зарим эх бичмэл ч бунханд байж магадгүй гэж үзсэн хэрэг. Учир нь Навой ч Барлас овгийн хүн аж. Экспедици 1941-05-27-нд Самаркандад ирсэн ба 6 дугаар сарын 1-нээс ажлаа эхэлж, 5-нд Шахрухын, 17-нд Үлэгбэхийн, 18-19-нд – Төмөр хааны шарилыг тус тус нээв.

Шарил нээх ажиллагааны зургийг кино зураглаач Малик Каюмов /авч байгаад ердөө хэдхэн хоногийн дараа буюу 1941-06-27-нд фронтод кино зураглаачаар дайчлагдан Калининградын галын шугамд илгээгджээ. Мань хүн фронтод байхдаа шарил нээсэн тухай хошууч генерал П.Г.Чанчибадзед ярьжээ. Тэрбээр цааш нь баруун фронтын командлагч Г.К.Жуковт мэдээлж, Жуков Каюмовыг дуудан мэдээлэл авч, улмаар Сталинд дуулгаж түүний шийдвэрээр хоёр дахь экспедици томилж, шарилуудыг байсан янзаар нь буцаан булах ажлыг 1942 оны өвөл дуусгажээ.

Төмөр хааны онгоныг хөндөх онцгой үүрэгтэй тусгай экспедицийн бүрэлдэхүүнд багтсан сүүлийн гэрч ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин М.Каюмов 2004 онд бүтээсэн “Хааны хараал” баримтат кинондоо ийн ярьсан нь буй. “….Хааны шарилыг нээн илрүүлэх ажилд 1941 оны тавдугаар сараас орсон. Экспедицийн бүрэлдэхүүнд академич М.Корнязев тэргүүтэй нэрт эрдэмтэд оролцсон боловч би тэр үед Узбек, Араб хэлтэй байсан учраас энэ экспедицийн голлох хүний нэг байлаа.

Самаркандад байгаа их хаадын шарилыг хөндөх тушаалыг Москвагаас авангуут энэ алдарт ордны зузаан бетон шалыг цөмлөн хонгилд байрлуулсан хаадын бунхан руу нэвтэрсэн юм. Эхлээд Төмөр хааны хайртай ач хүү Үлэгбэхийн шарилыг нээсэн. Үлэгбэх бол тухайн үедээ алдарт одон оронч, эрдэмтэн байсан бөгөөд исламын шашны зан үйлүүдийг зөрчсөн хэргээр цаазлуулсан хүн. Дараа нь хүүгийнх нь шарилыг нээсэн.

Хамгийн сүүлд Төмөр хааны шарилыг нээх үеэс бидэнд түмэн бэрхшээл учирч эхэлсэн юм. Түүний шарилын хавтан дээр эртний перс хэлээр тодоос тод бичсэн зүйл байсныг тайлж унших хэрэгтэй болов. Төвөөс түүхч эрдэмтэд нэн удалгүй уг бичгийг тайлсан өгүүлбэрийг бидэнд ирүүлснийг үзвэл “Их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй,

энэ зарлигийг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цааз хүлээж байна…” гэсэн үгс байлаа. Экспедицийн эрдэмтдийн дунд санал бодлын зөрүү гарч зарим нь нээж болохгүй байх гэсэн айдаст автаж эхэлсэн учир Москва руу дахин утасдацгаав. Гэвч нэгэнт оройтжээ.Их хаан Төмөрийн онгоныг Зөвлөлтийн эрдэмтэд их удирдагч Сталины зaрлигийн дагуу олсон, удахгүй бүх зүйл тодорхой болно гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар нэгэнт цацагдсан байв. Ингээд багийн хамт олон газар доорх хонгил дахь ажилдаа шуурхайхан орцгоосон.

Яг энэ цаг мөчид 1941-06-21-ний өглөөний 08,00 цаг болж байлаа. Бид хамаг гэрэлтүүлгээ асаан хааны булшны дээр тавьсан хавхлаг зузаан гантигийг нээхээр оролдож байтал гар хийцийн өргөгч краны гинж нь өгөршсөн олс аятай энэ тэрүүгээрээ тасарсан учир бид бүгдээрээ элбэж хүч нийлүүлэн хавхлагийг см, см-ээр гулсуулсаар нээтэл булшин дотор нь юу ч байхгүй хоосон байлаа.

Бид бүр алмайрцгаав. Хэн нэг нь булшны ёроолд тогтсон хуруу зузаан шороог гараараа самардтал доор нь зэрэгцүүлэн тавьсан хендлөн гурван хавтан тэмтрэгдсэн. Түүний эхнийхийг нь онгойлготол ер бусын анхилуун үнэр гарч, эмэгтэй хүний чарлах дуун сонсдож, бидний ашиглаж байсан хамаг гэрэл, прожектор нэгэн зэрэг унтарсан юм. Багийхан ажлаа зогсоогоод дээшээ гарч үдийн цайгаа уухаар болцгоов. Хүн бүр айдас түгшүүртэй болсон.

Хэн нэг нь надад нутгийн өвгөд уулзахыг хүссэнийг дамжуулав. Би тэдэнтэй уулзтал тэд “Булшийг нээж хэрхэвч болохгүй. Учир нь энэ номонд хэрэв булшийг нээх юм бол дайн эхэлнэ гэж бичсэн байна” гэж хэлсэн. Тэр номыг чинь үзье гэтэл “Судар араб хэл дээр бичигдсэн байгаа” гэв. Би уншиж чадна гэдгээ тайлбарлаад номыг авч яг тэр бичсэн хэсгийг нь уншвал үнэхээр тэр өвгөдийн хэлснийг бичсэн байв.

Энэ нь урьд өмнө миний гартаа барьж байгаагүй хүнд, том, зузаан судар байсан. Би экспедицийн ахлагч Корнязевт энэ тухай дуулгалаа. Тэрээр бас хоёр эрдэмтний хамт нөгөө гурван өвгөнтэй уулзангаа учир зүггүй хэл амаар доромжлон хөөж явуулсан юм. Би санаа зовоод уучлал гуйх санаатай араас нь гарсан боловч тэд гудамжны булан тойронгоо усанд ууссан юм шиг алга болчихсон. Дараа нь өвгөдийг ч, тэр зузаан судрын ч тухай тэр хавийн хүмүүсээс сураглаад олоогүй. Үдээс хойш бид ажилдаа эргэн орсон юм.

Булшин дотроос бараг нэг метр 90 см-ийн өндөртэй агуу том хүний араг яс гарч ирсэн. Бид яс бүрт нарийн үзлэг хийж, зураг хөргийг авч, тэмдэглэл хөтөлсөөр шөне дөлөөр ажлаа дуусгаад энэ том гавьяагаа тэмдэглэж дуусаагүй шахам байтал радиогоор дайн эхэлснийг зарласан юм даа. Ингээд би бараг маргааш нь цэрэгт татагдсан. Сталинградын фронтод дайны галын шугаман дээр зураглаачаар ажиллаж байх үедээ маршал Г.К.Жуковтой биечлэн уулзаж энэ тухайгаа ярьж нөхөр Сталинд яаралтай дамжуулж өгөхийг хүссэн юм” гэж ярьсан байдаг.

Ноён Сталин яаралтай тушаал гаргаж Төмөр хаан, түүний үр ач нарын шарилыг 1942-12-20-нд Самарканд дахь бунханд нь дахин залснаас хоёрхон хоногийн дараа Улаан арми анхныхаа ялалтыг Сталинградын дэргэд байгуулж, Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут ниргэжээ. Энд нэг сонин дуулгахад шарилыг Узбекстан руу буцаахын өмнө хамгаалалттай онгоцонд ачиж фронтын галын шугамд нислэг үйлджээ.

Энэ тухай хожим Сталин дайчдын урмыг сэргээх гэсэн домын үйлдэл байсан гэж эрдэмтэд таамагладаг. Төмөр хаан Мираншах /1366-1408/, Шахрух /1377-
1447/ гэдэг хоёр хүүтэй. Ач хүү Үлэгбэх /1394-1449/, Мухаммед Султан . нарын шарилыг ч судлаачид хөнджээ. 1941 оны 8 дугаар сараас 1942 оны 10 дугаар сард антроплогичид шарилуудыг нарийвчлан судалж, тэдний гадаад төрхийг тогтоов. Уран барималч, антропологич М.Герасимов гавлын ясаар нь Төмөр хаан, түүний ач хүү Үлэгбэхийн царай төрхийг тогтоож, цээж баримлыг нь урлажээ. Тэрбээр 200 гаруй түүхэн хүмүүсийн баримлыг урласан

туршлагатай нэгэн. 1943 оны зун Сталин гурав дахь экспедицийг томилж, шарилын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажилд нэг сая рубль зарцуулсан нь тухайн үедээ бол 16 танк үйлдвэрлэх, эсвэл нэг дивизийг сарын туршид хоол хүнс, хувцас хэрэгслээр хангахад хүрэлцэхүйц мөнгө байжээ.

Тухайн цагийн амьд гэрч Армяны нэрт түүхч Товма Мецопөци “Төмөр хааны түүх”-ийг бичжээ. Уг гар бичмэлийн 1642 оны хуулбар Сирийн Алеппо хотноо хадгалагдаж буй. Мецоп гэдэг нь Армяны эртний сүмийн нэр агаад уг эрдэмтэн Мецоп сүмийн хүн гэсэн таамаг буй. Сүмийн номлогч тэрбээр Төмөр хаан, түүний залгамжлагчдын байлдан дагуулалт, үр дагавар, Ойрхи Дорнод болон Кавказын ард түмний айдас хүйдэс, ядуурал хоосрол зэргийг мэдэрсэн хүний хувьд 1388-1446 оны байдлыг бичиж үлдээсэн нь ХҮ зуунаас өнөө хүртэл эхээрээ хадгалагдаж үлдсэн цорын ганцтүүхэн бичиг болой.

Үүнийг хожмын орчуулагч Монголын уншигчдад өргөн барих буй за. Үүнээс гадна монголчуудад олзлогдож байсан армяны түүхч Киракос Гандзакеци /1200-1271/ нүүдэлчдийн байлдан дагуулалтын талаар сонирхолтой баримт бичиж үлдээжээ. Мөн Д.Оссон Абраам Константин /1779-1851/ нь Туркийн Стамбулд төрсөн армян судпаач бөгөөд “Чингис хаанаас Төмөр хүртэлх монголчуудын түүх” хоёр боть бүтээлээ Парист 1824 онд хэвлүүлжээ. Үүнээс гадна Оросын их зураач В.Верещагины “Төмөр хааны өргөөний үүдэнд” /1875/ гэсэн алдарт бүтээл буй.

Мөн их зураач Төмөрт хядуулсан энэтхэгчүүдийн дурсгалд зориулж “Ясан уул” зураг зурсан нь нэр сууг нь дэлхийд даяар алдаршуулсан юм. Түүгээр барахгүй их хааны тухай сонгодог бүтээл ч буй. Эртний Оросын хилийн цайз Елец хотод ‘Тэгээн Мария болон Доголон Төмөр хаан” дуурь анх тоглогджээ. Дуурьт Х1Ү зууны суут хүмүүн Төмөрийн байлдан дагуулалтыг өгүүлдэг, 1395 оны Елецийн тулалдааныг уран сайхнаар дүрсэлжээ.

Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Эх сурвалж: “Соёмбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих