Утаагүй зуух тараах ажил амьдрал дээр биеллээ олж чадахгүй байна

Утаагүй зуухыг хямд үнээр иргэдэд борлуулснаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулна хэмээн тооцоолж байгаа. Тиймээс нийт 70 мянган зуухыг энэ оны арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл хамгийн их утаа “үйлдвэрлэгч” дүүргүүдийн иргэдэд борлуулах ажлыг эхлүүлсэн.

Харамсалтай нь энэ ажил зөвхөн цаасан дээр л “сайн” үнэлгээтэй явахаас хэтрэхгүй байгаа нь өнөөдрийн  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хорооны ээлжит хуралдаанаас харагдлаа.

Мянганы сорилын сангаас мэдээлж буйгаар Чингэлтэйд 6311, Баянзүрх дүүрэгт 467, Сүхбаатар дүүрэгт 1017 гэх мэтээр борлуулах ёстой 70 мянган зуухнаас ердөө 11059-ийг худалдаалсан байна. Энэ байдлыг хотын дарга Г.Мөнхбаяр “танайх ажлаа сайн зохион байгуулж чадахгүй байна” хэмээн шүүмжиллээ.

Харин дүүргийн дарга нарын мэдээлж буйгаар энэ жил БЗД-т 16 мянган зуух борлуулагдах ёстойгоос одоогоор ердөө 423 зуух худалдаалагджээ. Сонгинохайрхан дүүрэгт борлуулалтын ажил бүр эхлээ ч үгүй байна. Харин Сүхбаатар дүүрэгт мянга гаруй зуух борлуулагджээ. Хамгийн сайн дүнтэй дүүрэг нь Чингэлтэй байгаа бөгөөд энд 8000 орчим зуух борлуулагдсан байна.

Борлуулалтын ажил энэ мэт маруухан явж байгаа бөгөөд өдөрт 400-600 зуухыг л айл өрхүүдэд суурилуулж байгаа аж. Гэвч айл өрхүүдийн зүгээс зуух суурилуулахаар очиход согтуу байх, хаягаа буруу өгөх гэх мэт хүндрэлүүд үүсгэж буйг МСС-ийн Цэвэр агаар төслийн захирал С.Мангал ярьж байлаа. Харин дүүргийн дарга нарын хэлж буйгаар иргэд өглөө 09:00 цагаас зуух авах гээд очиход зуух тараахаар байрлуулсан гэрт борлуулагчид нь байдаггүй, тэд 10:00 цагаас нааш ажлын байрандаа очихгүй байна хэмээн гомдоллож байгаа ажээ. Зуух тараахаар дөрвөн дүүрэгт нийт 43 гэр барьсан юм.

Одоогоор борлуулагдаагүй зуух MCS компанийн агуулахад 36 мянга байгаа бол Замын-Үүдэд 20 гаруй мянган зуух нийслэлд орж ирэхээр хүлээгдээд байгаа ажээ.

Энэ дашрамд сонирхуулахад, агаарын чанарын мэдээ аравдугаар сарын 1-нээс цацагдаж эхлэх болохоор юутай ч ямар хороор амьсгалж буйгаа мэдэх боломжтой болох нь.

М.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих