Б.Батбаяр: Энэ бол явуургүй улс төр шүү дээ

Тавантолгойн асуудалд хамгийн ихээр анхаарал хандуулж буй хүн бол УИХ-ын гишүүн Б.Батбаяр. Тэрбээр 1998 оноос эхлэн тус ордын 10 хувийг эзэмшиж байсан бөгөөд хувьцаагаа 10 жил хадгалж 2008 онд төрдөө хүлээлгэн өгсөн билээ. Иймээс тус ордын хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй ажиж буй эрхэм юм. Мөн тэрбээр олон жил төр түшилцэж буй тул Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг сайтар мэдэх нэгэн юм. Иймээс Оюутолгой, Тавантолгой, өнөөгийн улс төрийн байдлаар түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Тэдний энэ үйлдлийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Сонгууль дөтөлсөн тул улс төр хийж, Засгийн газрыг унагах үйлдэл гэж үзэх нэгэн ч байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би энэ талаар дуулснаас цаашгүй. Тодорхой ямар санал, шүүмжлэл бичсэнийг ч сайтар мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад, Оюутолгойн гэрээг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг тавьсан юм билээ. Ингэхдээ үндсэн хоёр шаардлага тавьсан гэж ойлгосон. Нэгдүгээрт, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг “Эрдэнэт”-тэй адил Оюутолгойгоос авах асуудлыг тавьсан. Гэрээнд ямар нэгэн хэлбэрээр үгүйсгэсэн бол үүнтэй дүйцэх хэмжээний татварыг тогтоох ёстой. Хоёрдугаарт, Оюутолгой  бол байгуулагдсан өртгөө нөхсөний дараа манай тал 50 хүртлэх хувиа эзэмших ёстой. Гэтэл гэрээг 30 жилээр хийсэн шалтгааныг тодруулж засах талаар шаардлага хүргүүлсэн гэсэн. Шаардлага хүргүүлсэн нь зөв. Гол нь тухайн үедээ нэгэнт ороод ирсэн хөрөнгө оруулалтыг бид бодолцох л ёстой.

-Үүгээрээ та юу хэлэх гэсэн юм бэ?

-Оюутолгойд орж байгаа гол хөрөнгө оруулалт нь “Рио Тинто” гэж дэлхийн том компани бий. Энэ компаниуд ямар нэгэн авлига, хээл хахуульд өртдөггүй. Дэлхий нийтээр хувьцаа нь зарагдаж байдаг, олон улсын том компаниуд, уул уурхайн дадлага туршлагатай. Тэр компаниудын үгийг дэлхий даяар сонсдог. Энэ компаниудтай хийсэн гэрээг авч үзэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнийг хэзээ ч тавьж болох асуудал юм. Гол нь өнөөдөр энэ асуудлыг тавих нь зөв үү, буруу юу гэдгийг бодох ёстой.

-Тэгэхээр цаг хугацааны хувьд ийм шаардлага хүргүүлэх нь оновчгүй гэж үү?

-Компани эхлээд хөрөнгө оруулалтаа хийн, ажил нааштайгаар урагшилж, үйлдвэрлэлээ явуулж эхлэх хэрэгтэй. Улмаар Монголын ард түмэнд үр ашиг нь харагдвал өөр байдлаар харж болно. Гэтэл үр ашиг нь харагдахгүй, удаашраад байвал бас нэг өөр байдлаар харж болох талтай. Ер нь бизнес гэдэг тийм л зүйл. Оюутолгойг ашиглах ёстой гэдэгт хүн бүр санал нэгдэж байгаа. Хэрэв ашиглахгүй, ашиглагдахгүй бол монголчууд л хохирно. Би тэр өнцгөөс нь илүү харж байна. Шаардлага тавих ёстой. Гэхдээ үнэхээр өнөөдөр цаг нь мөн үү, биш үү гэдгийг л бодолцох хэрэгтэй. Аливаа юманд цаг хугацаа гэж бий. Юм дөнгөж эхлэж байхад шүүмжлээд байх нь буруу. Сайн, мууг нь хараагүй, мэдрээгүй байж таамаглаж, хардаад байх нь зөв арга биш. Аливаа юмыг урагш нь явуулах хэрэгтэй. Ер нь босгож байгаа зүйлийг буулгаж, нураахад амархан. Гагцхүү босгох хэцүү. Тэрийг шүүмжлэх амархан атлаа хэрэгжүүлэх хэцүү. Үүнийг л харьцуулж харах учиртай юм.

-Өнөөдөр цаг нь биш ээ гээд алдаа, дутагдлыг дараад өнгөрвөл дараагийн удаа ам барих болох биш үү. Ёстой л ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж мэдэх юм?

-Монгол Улсад үр ашгаа өгөөд эхэлвэл монголчуудад л хэрэгтэй. Хэдэн мянган ажлын байр, дотоодын нийт бүтээгдэхүүн уул уурхайгаас шалтгаалж 17 хувь өслөө. 17 хувь гэдэг дэлхий дээр байхгүй ховор өсөлт. Магадгүй дараа жил 20 хувь өсч болно. Хэрэв тэгвэл бид таван жилийн дотор хоёр дахин баяжина гэсэн үг. Улмаар биднийг хүн бүр сонсоно. Ядуу, дээр нь хэрүүлч хүнийг хэн сонсох юм. Хэн ч сонсохгүй. Аль болох арга замаа зөв зарчимтай гаргаж, тэр замаараа л явах хэрэгтэй. Тийм хүнийг л хүмүүс зөвшөөрч, сонсдог. Энэ бол орчлонгийн хууль. Иймээс бид нэр хүндээ хадгалах, хийсэн гэрээгээ дахиж харах ёстой. Гэхдээ хэзээ, ямар байдлаар хэлэх үү гэдгийг бодох ёстой.

-Оюутолгойн гэрээг бизнесийн гэрээ гэж үзвэл манай талдаа ашиггүй. Харин цаад талдаа хэтэрхий их найр тавьсан гэж тайлбарладаг. Улмаар гэрээг үзэглэсэн сайд нарт хариуцлага тооцох асуудал давхар хөндөгддөг?

-Магадгүй тийм байж болно. Хэрэв сайд нар тас зөрөөд ганцхан өөрийнхөө саналыг тулгавал гэрээ хийгдэх байсан болов уу. Гэрээг гэдэг хоёр талын харилцан ойлголцол. Хэн нэг нь буулт хийх ёстой. Магадгүй их буулт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хоёр тийшээ хараад хэвтчихвэл гэрээ гэж ярих хэрэг байна уу.

-Та олон жил бизнес хийсэн хүн. Мэдээж, гэрээ хийж л явсан байж таарна. Цаад талдаа ашигтай, өөрт алдагдалтай гэрээ үзэглэж байсан тохиолдол бий юу?

-Би Социализм үед буюу 1988 онд Монголд хувийн бизнес эрхэлж байсан анхны 15-ын нэг. Би олон гэрээ хийж байсан. Зарим үед нь буулт хийж, буруу зүйл хийчихлээ дээ гэж бодогдох үе гарна. Гол нь гэрээг үзэглэх, юмыг явуулах, урагшлуулах нь надад чухал байсан. Ийм том хөрөнгө оруулалтыг түлхэж, хөдөлгөнө гэдэг чухал. Энэ бол хариуцлагатай том алхам. Магадгүй гэрээг хийхгүй байж болох байсан. Бүр өөр хүнтэй ч хийж болохыг үгүйсгэхгүй. Гол нь хэн байх вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Магадгүй Хятадтай илүү сайн нөхцөлөөр хийж болно. Гэхдээ цаана нь бидэнд юу үлдэх вэ гэдгийг бодох ёстой. Хятадтай хийсэн бол найдваргүй гэрээ болох магадлал өндөр. Хэзээ ч буцаж, эргэж, няцаж, хулхидаж мэдэх эрсдэлтэй. Иймээс гэрээг хэнтэй хийх үү гэдгээ сайтар бодох учиртай.

Хэрэгцээтэй үед нь арилж, үгүй бол хохино

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн асуудлыг буцаалаа. Энэ хэр зөв алхам бэ?

-Оюутолгой, Тавантолгойг хэр зэрэг явуулахаас Монгол хүн өнөөдөр ойрын 20 жил хэрхэн амьдрах вэ гэдэг асуудал юм. Энэ хоёр ордыг 400 жилийн дараа ашигласан ч болно, үр ач нартаа үлдээнэ гэх мэдээлэл бий. Магадгүй энэ зөв байж ч болох л талтай. Гэхдээ 400 жилийн дараа нүүрс хэрэгтэй байх уу, үгүй юу гэдгийг бодоод үзэхэд илүүдэхгүй. 400 байтугай 40 жилийн дараа нүүрс хэрэггүй болохыг хэн ч үгүйсгэхгүй. Өнөөдөр байгаль орчин, экологийн сүйрлийг азоны давхаргын цооролтоос буюу нүүрснээс үүдэлтэй хорт бодисноос болсон гэж дүгнэдэг. Би Байгаль орчны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа экологийн болон  байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах тухай хуралд гадаад, дотоодын олон хуралд сууж байсан. Нүүрсний цахилгаан станцуудыг зогсооё, нүүрс ашиглахыг хорьё, өөр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоё гэсэн санал их гардаг юм билээ. Дэлхий дээр салхины,  далайн, нарны эрчим хүчний нөөц их байна. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Магадгүй 10 жилийн дараа нүүрс огт хэрэггүй болсон байхыг хэн ч үгүйсгэхгүй. Мэдээж, тэр үед нүүрсийг хэн ч тоохгүй. Олон жил бизнес хийхдээ их зүйл үзсэн. Юмыг үнэ хүрсэн, хэрэгцээтэй үед нь зарж чадахгүй бол хохино. Ийм л бичигдээгүй хуультай.

-Тэгвэл асуудлыг яаравчилж, Тавантолгойг хурдлуулах ёстой гэж ойлгож болох уу?

-Яарж байна гээд түүхий зүйл хийж болохгүй. Гэхдээ манайд 5-6 жилийн өмнө нүүрс шиг хэрэггүй зүйл байхгүй байлаа. Газар доор байгаа нүүрсийг ухаад хөрөнгө оруулаад авах нь битгий хэл ухаад ил гаргасан нүүрсийг олборлох хүн олдохгүй байсан. Тухайн үед нүүрс арай гэж 15 ам.долларын өртөгтэй байлаа. Дахин ийм цаг үе ирэхийг хэн ч мэдэхгүй. Герман өнөөдөр атомын цахилгаан эрчим хүчнээс татгалзахаар болж байна. Удахгүй АНУ татгалзана. Дагаад Хятад хөгжвөл бас л нүүрс хэрэглэхгүй. Хятад асар хурдтай хөгжиж байна. Иймээс л аливаа юмыг үнэтэй үед нь зарж чадахгүй бол хохино болдог юм. Нүүрс нэг тонн нь үргэлж 100 ам.доллар байна гэж бодож байна уу. Үгүй шүү. Хамгийн дээд үнэ бол энэ. Иймээс одоо л зарахгүй бол хохино болно шүү. Ашиглаж чадахгүй бол тэр мөнгийг олж авч чадахгүй. Харин олсон мөнгөний тухай асуудал бий. Олсон мөнгөө Хүний хөгжил сан гэсэн нэрээр иргэдээ зүгээр тэжээгээд байх зөв үү, буруу юу. Ийм аргаар хэдэн жил тэжээх юм. Насаар нь тэжээж чадах уу. Бидэнд мөнгө хэрэгтэй. Гэхдээ хэрэгтэй зүйлд нь зарцуулаасай.

-Тухайлбал, юунд зарцуулах хэрэгтэй гэж?

-Ноолуурыг бохироор нь урд хөрш рүү гаргах биш цамц хийгээд арилжих жишээтэй. Цамц хийхийн тулд яах аргагүй мөнгө хэрэгтэй. Тэр орчин үеийн үйлдвэрийг байгуулж, орчин үеийн техник технологийг хэрэглэж байж ноолуурын цамцыг зарна уу гэхээс биш нэг сая төгрөгөөр байгуулсан үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэн ч авахгүй. Харин 50 сая ам.долларын өртөгөөр байгуулсан үйлдвэрийн цамцыг дэлхий даяар авна. Иймээс нүүрснээс олсон мөнгөө ноолуурын үйлдвэрт шингээж яагаад болохгүй гэж. Нэг кг ноолуур өнөөдөр 50 мянган төгрөг буюу 40 ам.доллар. Нэг кг ноолуураар гурван цамц хийнэ. Улмаар нэг ноолууран цамц доод тал нь 100 мянган төгрөгөөр худалдагддаг. Ингээд бодохоор гурван цамц 300 мянган төгрөг болно. Гэтэл үүнийгээ 40 мянган төгрөгөөр урд хөршид арилжих хэрэг байна уу. Энд үйлдвэрлээд сайн цамц хийвэл нэг кг ноолуурыг наад зах нь 300 мянган төгрөгөөр зарж болох нь байна. Улмаар ноолуурын үйлдвэрт хэдэн мянган ажлын байр бий болно. Тэр хэмжээгээр иргэд амьдралтай болно. Энэ л Монголд хэрэгтэй.

-УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүн энэ асуудлыг чуулганы хуралдаан дээр тодотгож байсан санагдаж байна?

-Тийм шүү. Н.Энхболд зөв ярьж байна лээ. Хятадын таван сая хүн өнөөдөр Монгол-Хятадын ноолууран дээр амьдарч байна. Монгол бол дэлхийн ноолуурын 30 хувь. Гэтэл Хятадын таван сая хүний 1.5 сая нь Монголоос 40 ам.доллараар худалдаж авч байгаа ноолууран дээр амьдарч байна. Монголчууд өөрсдөө ажиллаж чадна шүү дээ. Гагцхүү бидэнд мөнгө алга. Байсан мөнгөө улс төр хийгээд хүн бүрт тараагаад өгчихнө. Нөгөөх нь тухайн хүний өдрийг л зогоохоос биш амьдралд нь ач тус болсонгүй. Гэтэл хэдэн ноолуурын үйлдвэрийн мөнгийг ийн үр ашиггүй цацлаа.

-Таны хувьд Тавантолгойн хувьцаа эзэмшигч байсан хүн. Өнөөдрийг байдлыг хараад хувьцаагаа төрд өгсөндөө харамсах юм уу?

-Манай гэр бүр Тавантолгойн 10 хувийн хувьцааг 1998 оноос хадгалсан. Хадгалсан гэдэг нь ганц ч хүрз нүүрс гаргаагүй, нэг төгрөгийн ч орлого ололгүй төрд өгсөн. Үнэндээ иргэн бүрт тараах Тавантолгойн 10 хувь бол манай гэр бүлийнхний эзэмшиж байсан 10 хувь. Бид гэр бүлээрээ хэлэлцээд сайн дураараа төрдөө өгсөн. Тавантолгойн 10 хувь гэдэг их мөнгө. Бидэнд ийм их мөнгө хэрэггүй. Ард түмэн аваг. Тэрүүгээрээ юм болгог. Гэхдээ бэлэн мөнгөөр өгч архины мөнгө болголгүй хувьцаагаар нь хүртээх санал гаргасан. Зарах нэг нь зараг, тэрүүгээр амьдрах нэг нь амьдарч, хуримтлуулж, хурааж, ажил хийж, ажлын байр бий болго. Ийм нөхцөлөөр өгсөн. Иймээс би энэ асуудалд их анхааралтай ханддаг юм.

Өнгөрснөө мэдэхгүй бол ирээдүй гэж байхгүй

-Тавантолгойн хөрөнгө оруулагч нарын хуваарилалтын талаар шүүмжлэлтэй хандах боллоо. Улмаар үл ойлгогдох байдал ч бий болж Япон, Солонгосын талыг эвгүй байдалд оруулсан. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Зөвхөн Орос, Хятад хоёрыг шалгаруулж, өндөр хувь эзэмшүүлээд Монгол Улс ашиг олно гэдэг ээ дээ мэдэхгүй. Орчин үеийн техникийн дэвшилтэт үйлдвэр байгуулж, тэр нүүрсээ үнэ хүргээд зарна гэдэгт итгэхгүй. Манай нүүрсийг түүхийгээр нь авах сонирхол Орос, Хятадад илүү бий. Хятадаар дүүрэн нүүрс боловсруулах үйлдвэр байна. Орост ч ялгаагүй. Иймээс хяналт тавина гэдэг амаргүй. Улмаар монголчууд Орос, Хятадын үгийг сөрж чадах бил үү. Хилээ хаачихвал яана гэхээс эхлээд бүхий л зүйлээ тухайн хоёр улсаас шалтгаалж оршин тогтнодог шүү дээ. Харин Орос, Хятад биднээс шалтгаалахгүй. Ийм учраас зөвхөн тэр хоёрт давамгай эрх олгож, төр өөрөө хэлэлцээр хийгээд ашиг олно, үр дүнтэй үйлдвэр байгуулна гэдэгт итгэхгүй байна. Харин үүний оронд АНУ, Япон, Солонгосыг оруулах хэрэгтэй. Тэд хянаж чадна. Нэгэнт мөнгөө оруулчихсан улс хэлэх гэснээ хэлж, хяналтаа тавьж чадна. Цаашлаад илүү ашиг авахын тулд Орос, Хятадад идүүлэхгүй. Иймээс л Япон, Солонгос, АНУ бидэнд хэрэгтэй. Тэд шаардлага тавих эрхтэй. Өөр шалтгаан ч бий.

-Тухайлбал?

-Монголчууд 1990 онд картын бараанд байлаа. Юун үйлдвэр босгох хоолны мөнгөгүй үе. Тэр хүнд үед Япон л бидэнд тусалсан. 1.5 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг 1991-2005 онд идчихсэн шүү дээ, бид. Жил бүр Японы Токио хотод хандивлагчдын зөвлөгөөн болж, бидэнд зориулан мөнгө босгодог байсан. Гэтэл өнөөдөр Тавантолгойн уурхай харагдсан чинь тэр улсын өөдөөс нулимж болохгүй биз дээ. Манай Тавантолгойтой, толгойгүй Япон, Солонгос амьдарч, хөгжинө. Харин манай улс тэдэнгүйгээр хэцүүднэ шүү. Солонгосыг манайхан элдвээр хэлдэг. Аль аль талдаа сайн, муу зүйл бий болов уу. Тэр орны хатуу чанга хууль дүрмийг зөрчсөн бол тэд шийтгэлээ амсахаас өөр аргагүй. Солонгост өнөөдрийг хүртэл хэдэн мянган монголчууд ажиллаж, ар гэрээ тэжээсэн билээ. Одоогоор 40 мянган хүн Солонгост ажиллаж, амьдарч байна. Тэднийг хэн ч уриагүй. Бид өөрсдөө л очиж, ажиллаж, амьдрах болсон. Магадгүй өнөөдөр Монголд ажлын байр бага ч гэсэн нэмэгдэж, цалин боломжийн түвшинд хүрсэн тул Солонгос руу нулимж байж мэдэх л юм. Гэхдээ 10 жилийн өмнө тэр улсаас ирэх мөнгөөр олон айл амьдардаг байсныг санах хэрэгтэй. Өнгөрснөө мэдэхгүй бол ирээдүй гэж байдаггүй юм. Өнөөдөр Тавантолгой, Оюутолгойг хараад хуучин нөхөд рүүгээ нулимна гэдэг буруу л алхам. Олон жилийн хугацаанд барьж байгуулсан гүүрээ шатаах ирээдүйгээ баллуурдахын л дохио шүү.

-Та Я.Батсуурь гишүүний хамт Тавантолгойн хувьцааг аж ахуй нэгжид хуваарилах нь буруу. Харин иргэн бүрт тэгш хуваарилж өгөх ёстой гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл энэ нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ үл ойшоосон хэрэг хэмээн эсэргүүцэх хүн цөөнгүй байна. Яагаад ийм хуулийн төсөл санаачлах болов?

-Тайлбарлах зүйл олон бий. Гэхдээ хоёр зүйлээр л санаагаа ойлгуулья. Нэгдүгээрт, Тавантолгойн орд газрын үр шимийг Монголын хүн бүр ижил, тэгш хэмжээнд хүртэх ёстой. Компани бүхэн биш шүү. Энэ зарчим алдагдлаа. Учир нь Тавантолгой, Оюутолгойн орд Монголын газрын баялаг. Үүнээс хүн бүр тэгш хэмжээнд хүртэх ёстой гэсэн зарчимыг баримталсан. Компанийн эзэн 500 хувьцаа эзэмшиж, жирийн иргэн 50 хувьцаа эзэмших нь шударга явдал уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нар, компанийн эзэн, жирийн иргэн бүгд адил хувьцаа эзэмших эрхтэй. Эзэмшсэнийхээ дараа хувьцаагаа хэн нь ч арилжиж болно. Гол нь гараанаас бүгд ижил хэмжээний нөхцөлөөр хөдлөх боломжийг төр нь иргэддээ олгох ёстой. Хоёрдугаарт, нэг компаниас шантаажилж авчихаад тухайлбал, манай гэр бүлийн компаниас “Энэ чинь ард түмний өмч” гээд хурааж авсан. Тэгснээ 999 гэх маягийн тухайн үед байгаагүй нөхөрт надаас авсан зүйлээ өгч болохгүй биз дээ. Энэ бол шударга явдал биш. Адилхан л Монголын компани биз дээ. Жижиг, том, олон цөөний ялгаа үүнд хамаагүй. Нэг компани нь 1998 оноос хойш 10 жил хадгалж, нэг хүрз нүүрс гаргаагүй, нэг ч төгрөгийн ашиг олоогүй байж өч төчнөөн мөнгө гаргаад улсдаа өгсөн. Улс авахдаа энэ бол Монголын ард түмний өмч, иргэн бүр тэнцүү эзэмших ёстой гэчихээд Дондог, Дорлиг компани байгуулангуут өгч болох уу.  Ийм шударга бус явдлыг эсэргүүцэж, хуулийн төслийг өргөн барьсан.

АН, МАН-д хүндэрсэн асуудал үүсэх нь

-Өнөөгийн улс төрийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар 2012 оны сонгуулиар хүч хавсрахаар боллоо. Та энэ хоёр хүнийг сайтар мэдэх хүний хувьд тэдний улс төрийг хэрхэн харж байна вэ?

-Би Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг сайн мэднэ. Иймдээ ч тэр хоёрт буруу өгдөггүй. Энэ бол улс төрийн тоглолт. Хэн ч улс төрөөр ингэж тоглож болно. Гэхдээ зөв улс төр хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хууль, дүрмийн дагуу. Харин хууль зөрчвөл асуудал бий. Монголын Үндэсний ардчилсан нам гэж байгуулсан гэсэн. Үүнийг нь Улсын Дээд шүүх бүртгэвэл асуудал алга. Гэхдээ манай АН-д ч, МАН-д ч их л хүндэрсэн асуудал үүсэх нь гэдгийг ойлгож байна. Гол нь хэн хэн нь зөвшилцөж, ойлголцох нь л чухал.

-Зөвшилцөх гэнэ ээ?

-Жижигхэн түүх ярьж өгье. Очир алмаз эрдэнэ, балын харандааны бал хоёр бүтцийн хувьд ижил. Нэг л зүйлээс бүтдэг буюу эд эс нь нэг. Өөрөөр хэлбэл, цэвэр улстөрөгчийн нэгдлээс хоёулаа бүтдэг. Өөр юу ч байхгүй. Гэтэл алмаз эрдэнэ хатуу, урт настай, үнэтэй. Харин харандааны бал үүний дэргэд юу юм бэ. Хамгийн хэврэг, насгүй учраас үнэгүй. Алмаз эрдэнийн мольекул дахь атомын бүтэц нь маш эмх замбараатай, сахилга баттай. Атом бүхэн нь нэгдмэл чанараа агуулж чаддаг. Харин харандааных эмх замбараагүй учраас бат бөх чанар байхгүй. Үүнтэй зүйрлэх хэрэгтэй. Хэрэв бид алмаз эрдэнэ шиг нэгнээ ойлгож чаддаг бол бат бөх байж дэлхийд үнэлэгдэнэ. Улмаар урт настай, удаан жаргалтай байна. Харин харандааны бал шиг 76 тийшээ харсан нэгнээ муу хэлж, мууг нь үзсээр байвал бяцалж хаяхад амархан.

-М.ЭнхсайханыгАлтан гадас”-ынхан шахаж, улс төрөөс гаргасан гэлцдэг. Та М.Энхсайханыг сайтар мэдэх хүний хувьд энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Би тухайн үед энэ асуудалд нь оролцдоггүй. Яагаад гарсныг нь ч би сайн мэдэхгүй. М.Энхсайхан өөрөө ярихдаа “Намайг хөөсөн” гэдэг. Манайхан ярихдаа өөрөө дураараа гарсан л гэдэг. Би намын дарга биш учраас цаад шатгааныг нь мэдэхгүй.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрыг нэгтгэсэн шалтгаан нь ч эрх баригч хоёр намаас улс төрөөс шахагдан гарсан урьдын өс хонзонгоо авах гэж учир мэдэх хүмүүс тайлбарладаг. Энэ нь ч үнийн ортой юм шиг?

-Тийм зүйл байгаа байх л даа. Гэхдээ иймэрхүү улс төр явуургүй гэдгийг хүн бүр ойлгодог болсон цаг шүү дээ. Тэднийг хүчтэй сөрөг хүчин болж болов уу гэж хардаг. Харин ийм санаа нь тэднийг хол хөтөлж чадахгүй л болов уу. Ер нь улс үндэстнийг мөхөөе гэвэл эхлээд төрийг устга гэж Кунз хэлсэн байдаг. Үүний тулд төрийг шалбаагтай хутгаж, эмх замбараагүй болго. Тэр рүүгээ иргэд нь нулимж, буу шагайдаг болгох нь тэр үндэстнийг мөхөөнө. Ийм байдал л гаргахгүй байх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.