Ч.Сайханбилэг Эрүүл мэндийн сайдаа томилж чадахгүй шалаанд оржээ

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилснаас хойш 50 гаруй хоног өнгөрчээ. Баригдсанаасаа хойш хоёр хоногийн дараа сайдын албаа өгөх тухайгаа зарлаж, Ерөнхий сайдад захидал бичсэн. Түүнээс нь тооцвол яг л 50 дахь хоног нь өнгөрч байна.

Сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нөхцөлд нөхөн томилгоог 30 хоногийн хугацаанд хийх ёстой хуулийн заалт бий. Гэвч Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатарт ЭМС-ын сайдын ажлыг түр хариуцуулснаас өөрөөр УИХ-д уг асуудлыг оруулж ирсэнгүй.

Ингэж тэрбээр хуулиа зөрчөөд л байж байна. Энэ асуудал дээр түүнийг ЭМС-ын сайдад нэр дэвшигчийг хурдан оруулж ирж батлуул хэмээн албан ба албан бусаар УИХ-ын гишүүдээс эхлээд хэвлэлүүд, жирийн иргэд шаардсаар байгаа.

Хамгийн сүүлд гэхэд УИХ дахь албан бус бүлэг буюу эмэгтэй гишүүдийн бүлгээс АН-ын Л.Эрдэнэчимэг, хамтрагч “Шударга ёс” эвслийн бүлгийнх нь МҮАН-ын гишүүн Г.Уянга, сөрөг хүчний МАН-ын гишүүн Д.Оюунхорол нар ЭМС-ын сайдыг хурдан оруулж ирж батламжлуулахыг шаардаад байна.

Гэвч Ч.Сайханбилэг гурав, дөрвөн Э-гийн дулаа, шалаанд орчихоод яахаа мэдэхээ байчихаад байх шиг. Эвслээс анх ЭМС-ын сайдад Л.Жамбалжав эмчийг санал болгосон ч Ч.Сайханбилэг өөрөө “голоод” буцаасан.

Энэ тухайд АН-ынх нь дарга, УИХ-ын дарга З.Энхболд “тэр эмч 60 нэлээд гарчихсан тэтгэврийн хүн болохоор буцаалаа гэсэн” хэмээн ярьсан. Түүний дараа “Шударга ёс” эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө Шадар сайдад санал болгож, улмаар одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад зүтгүүлэх тухай санал болгосон мэт.

Гэвч МАХН-ын гишүүдийн болоод З.Энхболдын үгээс харвал Ч.Сайханбилэг өөрөө уг саналыг гаргасан бололтой. Гэвч дараагийн долоо хоногт нь өөр нэг бичиг барьчихсан Н.Энхбаяр хууль зүйн үүднээс болохгүй гэчихсэн явна хэмээн бас З.Энхболд ярьсан байна лээ.

Тэгээд ч Ч.Сайханбилэгт энэ хоёр Э-гээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж бас нэг том шалаа тавих Э бий. Түүний хувьд Н.Энхбаярыг Шадар сайд болгохыг шууд эсэргүүцэх нь ойлгомжтой хэрэг байсан билээ.

Ийнхүү хурдан сайдаа томил хэмээн З.Энхболд даргаасаа шахаанд орж, улмаар Н.Энхбаярт Шадар сайд болооч хэмээн санал тавин эргүүлж дулуулаад, түүнээсээ болж Элбэгээ болон АТГ-т мадлуулаад дуусах шиг. Ийм нэг зориг муутай Ерөнхий сайдтай л байна даа, Монгол улс.

Энэ үгийг бас л З.Энхболд дарга хэлсэн байна лээ. Тэгвэл энэ хооронд ЭМС-ын яам өөрийн гэсэн удирдлагагүй болж, эрүүл мэндийн салбар улам л хэцүүдсээр байна. Тиймээс сайдаа томилуулж чадахгүй байгаа Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох хэрэгтэй мэт.

Яг ийм асуултад УИХ-ын дарга хариулахдаа, бүх л асуудал дээр хариуцлага тооцно гээд байж болохгүй гэсэн нь бас хачирхалтай. Тэгэхээр зориггүй Ерөнхий сайдтан ганц сайд томилуулчихаж чадахгүй хугацаа алдсаар байгаадаа хариуцлага хүлээлгүй ингээд л сууж байхаас яахав.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих