Б.Болорцэрэн: Ээжийн минь үлдээсэн он цаг

Нар хүртэл алдааг минь дөрөөлж мандах шиг
Надад ийм сэтгэгдлийг зовлон мэт илгээх
Эвлэрч туулахад хэцүү энэ амьдрал өөрөө
Ээжийн минь үлдээсэн он цаг юм
Хайрлахгүй бол даанч болохгүй
Хатуужихгүй бол бүүр ч болохгүй
Эргээд төрөх ээжийгээ
Итгээд хүлээх он цаг юм
Нууж унагасан нулимсанд нь инээд хайвч оройтох
Нуурлаад туньсан сэтгэлд нь итгэл оловч эзгүйрэх
Хайран сайхан ээжээс минь
Хагацааж чадсан он цаг юм
Үгүй болсон гэдэгт нь итгэж үл чадах
Үрсээ орхисон үнэнд нь гомдож үл тайтгарах
Өвдтөлөө санах ээжийгээ өрөвдсөөр элээх он цаг юм
Өөрөө дагаад явмаар ч хоригдох ялтай он цаг юм
Зовлонг өвдөлт мэт тэсэх мөнх бусын хорвоод
Зориуд өвдөөгүй мэт тэвчих мөр замын уртад
Ээжийгээ жаргаасан билүү гэх эдгэшгүй сэтгэлийн зовиурыг
Эргүүлж үрээр минь цагаатгах үнэний нэхэлтэй он цаг юм
Намар хүртэл гэмшлийг минь дагаж хагдрах
Надад ийм уйтгарыг сүүдэр мэт дагуулах
Хүлээн сууж тэвчдэггүй энэ амьдрал өөрөө
Хүн бүхнээс авлагтай өглөгч он цаг юм
Ээж минь байсан бол гэх харамслын аянга дэлдүүлж
Ихэр татсан санаа алдалт хором бүхнээс амтагдахад
Гэм зэмийн өмсгөл гэрэлт хонгор нулимсандаа
Гэгээ татуулан зүсрэх нь миний л элээх он цаг юм
Сайн ээжээс төрсөндөө муу явахын учиргүй
Сайхан амьдарч чадвал ачилсны хариутай он цаг юм
Охин нялх үрдээ л ээж шигээ ээж байх
Орчлонг хүйгээр холбосон энэрхүйн их он цаг юм
Хайрлахгүй бол даанч болохгүй
Хатуужихгүй бол бүүр ч болохгүй
ЭРГЭЭД ТӨРӨХ ЭЭЖИЙГЭЭ
ИТГЭЭД ХҮЛЭЭХ ОН ЦАГ ЮМ

2009-он
Б.Болорцэрэн


URL:

Сэтгэгдэл бичих