Дэлхийн цомын эзэн осолд орох дөхөв

Спортын уралдаан тэмцээний шууд дамжуулах телевизийн техник саатах, эвдрэх, улмаар осол гарах явдал зөвхөн манайд гардаггүйн нэг жишээ хүргэе. Италид болсон уулын цанын дэлхийн цомын тэмцээний явцад Австрийн алдарт цаначин Марсель Хиршерийн толгой дээр нисдэг дрон унах дөхсөн байна.

Уулын цанын слаломын төрлийн дэлхийн цомын улирлын хоёр дахь гараа Италийн Мадонна ди Кампальо гэсэн сонсголонт нэртэй өвлийн спортын цогцолборт явагдлаа. Тэмцээний явцад телевизийн шууд дамжуулалтанд ашиглаж байсан хөдөлгөөнт дроны трос нь тасарч уралдааны зам дээр унасан байна.

Энэ хүнд төхөөрөмж дэлхийн цомын нийлбэрт тэргүүлэгч Марсель Хиршерийн толгой дээр унах дөхжээ. Энэ үйл явдал олон улсын цанын холбооны удирдлагуудыг бухимдахад хүргэсэн байна. 26 настай Австрийн супер од азаар энэ осолд өртсөнгүй, уралдаанаа үргэлжлүүлж чадсан.

Сүүлийн дөрвөн жил дараалан дэлхийн цомын нийлбэрт түрүүлж, том болор бөмбөрцөгийн эзэн болсон Хиршер энэ өдөр 2-р байр эзэллээ. Харин уралдааны ялагчаар Норвегийн залуу од Хенрик Кристофферсен тодорсон байна.

19-хөн настайдаа Сочид 3-т орж, Олимпоос медаль хүртсэн хамгийн залуу уулын цаначин болсон Кристофферсен Хиршерээс 1,25 секундээр түрүүлж барианд орсноор илт давуу түрүүлж, улирлын хоёр дахь ялалтаа байгууллаа. 3-р байранд Австрийн залуу тамирчин Марко Шварц орсон байна.

Эх сурвалж: NTV Sport


URL:

Сэтгэгдэл бичих