Б.Үйсэнмаа: Зөрчил бол миний амьдралын салшгүй хэсэг

Испанийн Каталон мужийн Таррагона хотод болсон REC олон улсын кино наадмаас монгол найруулагч Б.Үйсэнмаа “Битгий над руу ингэж ширт” бүтээлээрээ шагнал хүртсэн билээ. Өмнө нь Мюнхенийн кино наадмаас шилдэг дебют киноны төрөлд шагнал хүртэж байсан түүнтэй онлайнаар ярилцсанаа хүргэе. Өдгөө Б.Үйсэнмаа Германы Мюнхен хотод гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байгаа ажээ.

-Таны “Битгий над руу ингэж ширт” бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртсэн. Уг бүтээлийн гол агуулга нь юу байв?

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би киноныхоо нэрийн талаар эхлээд тайлбар хийе гэж бодлоо. Учир нь, миний бүтээлийн нэрийг монгол хэл рүү хөрвүүлэхдээ “Битгий над руу ингэж ширт” гэж бичсэнийг олонтаа харсан. Миний бодлоор киноны нэрийг “Намайг битгий ингэж хар” хэмээн хөрвүүлэх нь киноны агуулгатай илүү зохицох болов уу. Би энэ бүтээлээрээ Испанид болсон наадмаас гадна олон кино фестивальд амжилттай оролцсон. Олон улсын кино наадмыг зохион байгуулагчид өөрсдөө шалгаруулж тохиромжтой гэж бодсон уран бүтээлчдийг сонгож наадамд урьдаг. Тийм болохоор дээр дурдсан наадмуудад оролцсон миний сэтгэгдэл маш өндөр байгаа юм. Киноны агуулгын тухайд амьдралд тохиолдох элдэв сонин учралуудыг тусгахыг хичээсэн. Тэр дундаа хайр гэж чухам юуг хэлээд байгаа юм, хэн нэгнийг хайрлахад үргэлж золиос, дарангуйлал агуулдаг юм биш үү, бид үнэхээр эрх чөлөөтэй байж чаддаг уу гэдэг асуултад уран бүтээлээрээ дамжуулан хариулахыг оролдсон юм. Түүнээс гадна эмэгтэй хүн, тэдний өнөөгийн дүр төрхийн тухай кинондоо тусгахыг хичээсэн. Миний бодлоор эмэгтэй хүн гэдэг зөвхөн эм хүйсээрээ л ялгагдах төдий баймаар. Түүний зан чанар, хүмүүжил, үйл хөдлөл нь амьдрал болон зан төлөвийг тодорхойлоход нөлөөтэй байгаа нь буруу гэж өнөө үед олонтаа ярьж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн түүхэнд давамгайлсан эцгийн эрхт ёсоор хүмүүжээгүй тийм эм хүйстэн байх юм бол тэр эмэгтэй ямархуу хүн байх бол. Магадгүй миний кинонд тусгагдсан Хедигийн дүр төрхтэй их төстэй байх ч юм бил үү гэх мэт сонирхолтой асуултууд гарч ирж байгаа юм л даа. Үүнийг л миний киноны гол санаа, амин сүнс гэж хэлж болох байх.

-Киногоо хийхэд та хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

-Би олон жил нэгэн мэдрэмжийг дотроо тээгээд явдаг байлаа. Энэ кино миний тэр мэдрэмжээс “ургасан” гэж хэлж болно. Мэдрэмжээ бусдад тайлбарлах, илэрхийлэхийн тулд би маш олон зүйлийг уншсан. Үүний үндсэн дээр хүмүүстэй хуваалцах гээд байсан мэдрэмжээ илэрхийлэхэд бэлэн болсон юм. Киноныхоо зохиолыг бичиж байхдаа (классик кино зохиол бол биш) би Ива болон Хеди хоёрын дүр цааснаас амилах гэж эрмэлзэж байгааг мэдэрсэн. Өөрөөр хэлбэл, миний киноны дүрүүд надад тийм хүчтэй санагдсан. Киноны зураг авалт болон эвлүүлгийг хийх явцад би эрх чөлөө гэж чухам юуг хэлээд байгааг жинхэнэ утгаар нь ойлгосон. Ер нь энэ мэдрэмжийг ганц би биш, бүтээлийг маань үзсэн бусад хүнд ч бас тэгж санагдах байх. Яагаад гэвэл Ива, Хеди хоёр бидэнд өөрсдийнхөө үнэнийг харуулж байгаа юм шүү дээ.

-Та киноныхоо гол дүрд өөрөө тоглосон учраас уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа гаргаж чадсан байх?

-Надад кино зохиолдоо бичсэн тодорхой ярианы чиг хандлага гэж байгаагүй. Ер нь бидэнд элдэв хаалт хориг байгаагүй л дээ. Тиймээс бид бүх зүйлийг тухайн үед нь л шийдэж байсан. Учир нь, надад бодит байдлыг л тусгах хүсэл байсан юм. Тэгээд ч бид мэргэжлийн бус хүмүүс юм шүү дээ. Кинонд тоглосон уран бүтээлчдээс Ёосеф Биербишлер л ганцаараа мэргэжлийн жүжигчин байсан. Гэхдээ киноны зураглаач Свен Зеллнер бид хоёр ямархуу төрх байдлаар бүтээлээ илэрхийлэхээ мэдэж байсан учраас бүгдийг шийдсэн. Ингэж зураг авалт хийхэд бидний өмнө нь олон удаа хамтран ажиллаж байсан туршлага маш их нөлөөлсөн.

-Уран бүтээлийг амилуулахад чадварлаг хамт олноос гадна санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болдог. Киног бүтээхэд танд санхүүгийн тал дээр тусалж дэмжсэн хүн бий юү?

-Надад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүн байгаагүй. Харин ч Баварийн “эрэгтэй” хүмүүсээс бүрдсэн кино комиссынхон эмэгтэй хүний бүтээсэн, эмэгтэй хүний тухай кино амжилтад хүрэхгүй гэж тооцсон байх. Дээрээс нь эрс тэс үзэл бодолтой, секс хэсэгтэй, шалдан нүцгэн хүмүүс гарсан байна гээд бараг л “Ээ, бурхан минь” гэх маягтай байсан шүү. Гэхдээ надад тэдний бодол нөлөөлөөгүй. Тиймээс ч би киногоо сургуулийнхаа олгодог тэтгэлгээр л бүтээсэн. Уг нь иймэрхүү уран сайхны киног маш өндөр өртгөөр хийдэг юм. Тэгж зориглосны хүчинд бид улсынхаа болон олон улсын хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлж шагнал хүртлээ. Бас Бавари, Германы хүмүүс киног маань их үнэлж байгаад маш их баярлаж байна. Цаашид Швед, Японы кино фестивальд оролцохоор сонгогдоод байна. Энэ бүтээл 2016 оны гуравдугаар сард Германы кино театруудаар гарч эхэлнэ. Түүнээс гадна би киногоо Монголд гаргахыг хүсч байна.

-Уран бүтээлч бүр өөрийн гэсэн “өнгө”-тэй байдаг ч хувийн онцлог шинж, агуулгаараа ялгардаг. Таны бусад уран бүтээлчээс ялгарах онцлогийг асуумаар санагдлаа?

-Би зөн совиндоо их итгэдэг, үүндээ ч их дуртай. Бас хүрээлэн буй орчноо ажиглаж мэдрэхийг хичээдэг. Нийгмийн харилцаа холбоог сонирхдог. Контраст буюу зөрчил бол миний амьдралын салшгүй нэгэн хэсэг. Энэ байхгүй бол би байхгүй гэж боддог.

-Шагнал хүртсэн киноноос өөр ямар бүтээл дээр ажиллаж байсан бэ?

-Баримтат кинонууд хийсэн. Тухайлбал, “Himmel voller geiden” буюу тэнгэр дүүрэн хийл, нэгэн настай герман эмгэн бид хоёр танилцаж буй тухай өгүүлдэг баримтат кино бий. Энэхүү кинонд тэр хүн хийлээ тоглож би “Задгай цагаан үүл“ дууг дуулж, бид үхэл амьдралын тухай, Гитлерийг эцэг эх нь эсэргүүцэж байсан тухай ярилцсаныг харуулдаг.

-Мөн цаашид хийхээр төлөвлөж буй уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Би зохиол бичиж байгаа. Шинэ бүтээлийн зураг авалтдаа удахгүй орно. Мөн Улаанбаатарт үйл явдал нь өрнөх баримтат кино хийхээр төлөвлөсөн. Миний хамгийн том зорилго Монголд уран сайхны кино хийх. Удахгүй энэ зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэж байна.

-Таныг Мюнхенийн кино телевизийн дээд сургуулийг төгссөн гэж сонссон. Германд ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Би хүүхэд байхдаа гэр бүлийнхэнтэйгээ тэр үеийн Зүүн Герман улсад ирсэн юм. Европтой танилцсан хувь заяа маань намайг барууны соёлтой ойртох боломж олгосон. Манай гэр бүл Монголын говь нутгаас гаралтай. Ээж маань 19 настайдаа ганц ч герман үг мэдэхгүй, Өмнөговиос германд ирсэн гэдэг. Ээжийн минь амжилт үнэхээр гайхмаар. Ээж маань бидний үлгэр жишээ болдог. Бид Германд ирээд 28 жил болжээ.

-Агуу соёлтой энэхүү улсын юу нь таныг уран бүтээл хийхэд урам өгч байна вэ?

-Герман, Монгол хоёр орны соёлын ялгаатай ба адил төсөөтэйг эргэцүүлж нийгэм болон хүмүүсийн тухай уран бүтээл туурвих өвөрмөц бодол санаа олох нөхцөл надад илүү байдаг гэж боддог. Урлагийн бүтээлийг сонирхох, үнэлэх хэмжүүр энэ оронд сайн байдаг нь уран бүтээл хийх урам хайрладаг.

-Та монгол дээлээрээ их гоёдог юм шиг санагдсан. Ээж тань оёж өгдөг үү?

-Миний өмссөн дээлийг ээж, эгч хоёр минь оёж өгсөн. Дээл өмсөхөд сайхан бас биед эвтэйхэн байдаг юм. Ер нь би монгол дээлээ тайлах дургүй л дээ. Саяхан Испанид оролцсон олон улсын кино наадмын үеэр дэндүү халуун байсан учраас дээлээ тайлахаас өөр аргагүй болсон.

-Уран бүтээлийн амтад орсон хүн өөр зүйлийн талаар боддоггүй гэсэн. Цаашид та жүжигчнийхээ карьерийг хөөх үү эсвэл кино бүтээгч болох уу?

-Одоохондоо хариулахад хэцүү асуулт байна. Би бүгдийг л хийсэн, ер нь цаашдаа ч гэсэн иймэрхүү бодолтой явна. Кино зохиолоо ч бичнэ, бас жүжиглэнэ. Продюсер ч хийнэ, надад тийм ийм гэсэн зааг байхгүй. Харин адилхан алсыг харж төсөөлдөг хүмүүстэй хамтран ажиллах дуртай. Кино бол зөвхөн хамтын ажиллагааны л үр дүн, үүнд ч би өөрийгөө сайн гэж боддог. Би их сониуч, бүхнийг сонирхоно. Соёлын салбарт ажиллаж байгаа хүн цаг үеэ сайн ойлгож эргэцүүлэх хэрэгтэй.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү таны нагац ах гэсэн. Тэгэхээр танай гэр бүлийнхэнд ч гэсэн урлагийн хүн байгаа болов уу?

-Би Хүрэлээ ахыгаа их хүндэлдэг, бас үеэл ахаа ч гэсэн. Ер нь бид бүгд л урлагтай салшгүй холбоотой. Миний ах кино найруулагч, эгч маань загвар зохион бүтээгч мэргэжилтэй болохоор бид энэ авьяасаа ээжээсээ өвлөсөн гэж боддог. Аав маань зураач хүн, миний хамгийн хатуу шүүмжлэгч бөгөөд багш гэж хэлж болно. Аав надад өөрийнхөө мэдрэмж совинд итгэж нийгэмтэй танилцаж бас гэрэл сүүдэртэйг нь олж харахыг зааж зөвлөдөг. Аавтайгаа ярилцаж зөвлөгөө авах нь миний хамгийн үнэт зүйл гэж боддог. Ер нь миний баатар бол аав минь юм.

-Та найз залуутай юу?

-Тийм ээ. Би бас нэг хөөрхөн хүүтэй.

-Монгол хүн бүр хаана ч явсан зүрх сэтгэлдээ эх орноо тээж явдаг гэдэг?

-Би эх орноо зүрх сэтгэлдээ үргэлж хайрлаж, бусдаас харамлаж явдаг. Монгол хэл бол миний анх сурсан хэл. Эцэг эх маань эгэл жирийн малчин айлын малын хотонд бусдын л адил өссөн. Тиймээс надад энэ л амьдралынхаа утга учрыг зааж хүмүүжүүлсэн. Би Германд өслөө гээд герман хүн болохгүй. Би бас Монгол хүн гэж бардаж цээжээ дэлдэхгүй, тэгэхийн тулд эхлээд эх орондоо хэрэгтэй зүйл бүтээсэн, хийсэн байх хэрэгтэй гэж боддог. Би нүүдэлчдийн амьдралыг мэддэг, дотно мэдрэх боломжтой байдагтаа баярлаж явдаг. Үндэс угсаа бол надад чухал биш, хил хязгаарт би дургүй. Ээж аавынхаа дуулахыг сонсоод, говийн таана үнэртсэн салхийг үнэрлээд, олон зуун өнгийг нь харж, гурилтай хоолны ааруул шингэсэн амтыг нь мэдрээд одоо ч гэртээ байна гэж боддог.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих