Төсвийн мөнгөнөөс “Хумсалсан” засаг ноёд

Сонгууль ойртох тусам эрх мэдэл, албан тушаалтнуудын талаар таагүй мэдээллүүд хөвөрч, бүр том эрх мэдэлтэй нь “жижиг гар”-уудаа жийж, ар хударгаар нь амжуулж, болж өгвөл шинэ хэрэг сөхөж, болохгүй бол хуучин хэргээр нь “нээнтэглэх”-ийг урьтал болгож эхэллээ. Хамгийн ойрын жишээ нь УИХ-ын гишүүн Х.Наранхүү, жаахан наашилбал, дүүргүүдийн Засаг дарга нарын асуудал. Ойрмогхон нийслэлийн хоёр ч дүүргийн Засаг даргыг суудлаас нь огцруулах, шалгуулах тухай яриа тархаж байна. Өөрсдөө бол шууд л үгүйсгэж байгаа нь бүр ч хачин. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг төсвийн мөнгө хувьдаа завшсан нь илэрч, албан тушаалтай нь асуудлыг ярих төвшинд хүрсэн бололтой юм. Л.Амгалан даргын хувьд засаг ноён болонгуутаа л болохгүй бүтэхгүй бүхний “амьд жишээ” болж эхэлсэн.Албан тушаалдаа очингуут дүүргийнхээ Тамгын газрын 15 хүнийг ажлаас нь хууль бусаар халсан, хоёр жилийн өмнө АТГ-т хөрөнгө орлогоо худал, дутуу мэдээлсэн хэргүүд дээр нь төсвийн мөнгийг идсэн хэрэг бас нэмэгдэж байгаа гэнэ лээ. Энэ нь нийслэлийн хамаг хог новшийг дүүрэгтээ авчраад овоолчихсон мэт байдаг хур хогных нь асуудал, түүнийг цэвэрлэж, тохижуулах ёстой мөнгө л буруу замаар орсонтой холбоотой бололтой дог оо. Баянгол дүүрэг 185 мянган хүн амтай бөгөөд 47 мянган айл өрхтэй. Өнгөрөгч онд энэ дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 22.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Үүнээс 45 хувь нь дэд бүтцийн салбарт, 17.8 хувь нь боловсролын салбарт, 6.8 хувь нь эрүүл мэнд, нийгмийн салбарт, 30.4 хувь нь бүтээн байгуулалт тохижилтын ажилд зарцуулсан гэж Л.Амгалан дарга тайлбарласан байдаг. 22.6 тэрбумын 30.4 хувь гэдгээс багагүй хэмжээний хөрөнгө дүүрэг тохижилтод зарцуулагдсан гэж ойлгогдож байна. Тэгвэл ямар ч байсан хог новшноосоо салах гэж мөнгө зарцуулаагүй болох нь. Олны сайн мэддэг “Богд Ар” хорооллын хур хогийг хэлэхэд л хангалттай. Баянголчууд сүүлдээ бүр “Энэ хогны дор манай засаг ноёны их хөрөнгө хадгалаастай байгаа” гэх ч юм уу, “хогон дээр буусан айл баяждаг” гэх манж хэллэгт хэт итгэсэн” гэцгээн инээлдэх юм билээ. Баянгол дүүрэгт бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй гэж хэлэхгүй, хийгдсэн. Харин хур хогонд нь нэр сүр нь дарагдаад, гутаагдаад байгаа юм. Тэгэхээр тэр их мөнгийг тохижуулалтад бус өөр юунд зарцуулсан байж таарах вэ. Түүнийг шалгах л хэрэгтэй юм байна даа. Бас нэгэн дүүргийн Засаг дарга өнгөрөгч долоо хоногт дүүрэгтээ зориулах “таван цаас”-наас “хусчихсан” хэргээр хальт баривчлагдаж, амьтны хэл аманд өртөв. Тэр бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд. Тэрбээр 2008 оноос эхлэн нийслэлийн гудамжны цас мөсийг хайлуулах бодис авах нэрээр Нийслэлийн Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс хүссэн мөнгөө гаргуулж авч байсан хэрэгт холбогдоод байгаа. Нэг удаа мөнгө гаргуулахдаа л 20-30 саяар нь “туучихдаг” байж. Мөнгө данснаас дансанд шилжиж байсан болохоос бус цас мөс хайлуулах бодис үсрээд ганц удаа л орж ирсэн байж магадгүй гэх бөгөөд тэр бодисыг нь харсан албаны хүн олддоггүй гэх. Энэ хэрэгтээ дээрх хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг татан оролцуулж, хоёулаа нийлээд 300 сая төгрөгийн ялд унах нь бараг тодорхой болчихсон юм билээ. Цас мөснөөс ашиг унагахаас гадна дээрх хоёр эрхэм нийлж нийслэлийн харьяа байгууллагуудад бараа бүтээгдэхүүн шахдаг байсан баримт ч хуулийнханд олдчихсон гэнэ. Энэ хэргийг нь хуулийнхан хоёр сарын турш ажиллаж байж илрүүлсэн бөгөөд өнгөрөгч пүрэв гарагт Ц.Болдыг сэжигтнээр татаж, шүүх прокурорынхны зөвшөөрлөөр цагдан хорьсон нь үнэн юм билээ. Харин тэрбээр өөрөө үүнийгээ “Тийм юм болоогүй” хэмээн мэлзээд байгаа. Харин хоригдсоныхоо маргааш шүүгч эгчийнхээ буянаар суллагдсан гэх мэдээлэл тархаад буй. Ц.Болд дарга өөрийнхөө хэргийг өөр нэгэнд тохох гэж оролдож, хуулийнханд өөрийгөө гүтгүүлсэн хэмээн үзэж буй гэнэ. Тиймээс л түүнийг цагдан хорих шаардлага гарсан юм байна лээ. Хууль, шүүхийнхэн жинхэнэ үнэнийг олж, буруутнуудад хариуцлага тооцож чадвал эд байтугай том, жижиг олон “тул”-ууд баригдана даа.

Д.Дорж


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.