2015 онд Монголд болсон онцлох 15 үйл явдал

1. МОНГОЛЧУУД ГУРВАН САЯУЛАА БОЛОВ

12-28-2a1_700x700

Монголчууд гурван саяулаа болов. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын Х.Монголжин охин Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодрон бүртгэгдэв. Тэр өдөр Х.Монголжин охинтой зэрэг төрсөн хүүхдүүд гурван сая дахь иргэний үе чацуутан гэсэн тодотголтой гэрчилгээ гардуулав. Гурван сая дахь иргэний аав, ээж нь охиндоо нэр өгөөд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Монголжин хэмээн өөрчилжээ. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэж монголчууд хэлдэг нь учиртай. Чухамхүү эл учир холбогдлыг нь бодолцож монголчууд үр хүүхдэдээ нэр өгдөг уламжлалтай. Монгол Улсын гурван сая дахь иргэд- үе чацуутнуудад олгох мөнгөн урамшуулал цаг хугацаандаа эзэддээ очиж чадаагүйг төвийн зарим хэвлэл мэдээллээр хатуухан шүүмжлээд өнгөрөв. Засгийн газраас гурван сая дахь иргэнээ 70 сая хүртэлх төгрөгөөр, түүнтэй нэг өдөр төрсөн 181 үе чацуутанд тус бүр гурван сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Монголын үр сад маш олон болох болтугай гэж Дашдоржийн Нацагдоржийн шүлэглэсэн нь бий. Улс орон хүн ам олонтой болох нь хөгжил дэвшлийн нэг үндэс мөн боловч олуулаа болоод  хөгжинө гэж хүлээвэл мөддөө бүтэхгүй учраас өнөөдрийн цаг үедээ хөгжлийг бүтээх нь гурван сая монголчуудын үүрэг буй заа.

2. ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

12-28-2a2_700x700

2015 онд Уул уурхай, эрдэс баялагтай холбогдсон дуулиант хэргүүд дэгдэв. Хамгийн том дуулиант хэрэг бол Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улсын шүүхээс ял оноогоод байсан “Саусгоби сэндс” компанийн ажилтан, АНУ-ын иргэн Жастин, Капла нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн явдал байв. Уучлалын дараа тэд нутаг буцсан бөгөөд 35.2 тэрбум төгрөгийн татварын өр эзэнгүйдэж өнөөг хүртэл төлөгдөлгүй үлдэв. Асуудал бүх шатны шүүхээр яригдан шийдэгдсэний дараагаар уучлалын асуудал хөндөгдөх ёстой байсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа шууд уучлал үзүүлсэн нь шүүхийн хараат бус байдалд халдсан, хууль зөрчсөн үйлдэл болов.

Олон улсын Арбитрын шүүх Монгол Улсын Засгийн газраас Канадын “Хан ресурс” ХХК-д 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг гаргав. “Хан ресурс” ХХК нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ураны ордтой байжээ. 2009 оны долдугаар сарын 10-нд дээрх орд газрын А-237 хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалснаас энэхүү хохирол үүссэн аж. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, Цөмийн энергийн газрын даргаар С.Энхбат нар ажиллаж байсан юм.  С.Энхбат “Би их юм мэдэж байгаа” гэсэн агуулгатай ярилцлага хэвлэлд өгч байснаа гэнэтхэн Элчин сайдаар томилогдон гадаадад явав. “Хан ресурс”-ын захирал ноён Жим Док Монголд ирээд зочид буудалдаа учир битүүлгээр нас барав.

ОХУ-ын ерөнхий сайд асан, тус улсын “Росатом” корпорацийн захирал ноён С.В.Кириенко урьд нь Монголын Дорнодод урантай холбоотой асуудлаар ирж байсан бөгөөд Ерөнхий сайд С.Баяртай уулзаж уг асуудлаар ярилцаж байжээ. Тэр үед нь зүүн аймагт ихээхэн хүчтэй шуурга болж, малчид эндэж бэртсэн тохиолдол гарч байсан билээ. Ураны олборлолттой холбоотой амин чухал асуудлаар буруу шийдвэр гаргуулж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан, холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн С.Баярт хариуцлага үүрүүлэх ёстой гэж  үздэг олон хүн бий.

3. ЯЛАЛТЫН 70 ЖИЛ, ТУСГААР ТОГТНОЛОО БАТАЛГААЖУУЛСНЫ 70 ЖИЛ

12-28-2a3_700x700

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож, Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл Москва хотын Улаан талбай, Бээжингийн Тяньанминий талбайд болсон ялалтын парадад оролцов. Украин, Оросын хоорондын маргаантай асуудлаас болж Москва дахь баярын парадад барууны олон орны дээд удирдагчид ирж оролцсон. Ялалтын 70 жилийн ойд зориулж анх удаагаа зохион байгуулсан Бээжингийн арга хэмжээнд 30 орчим орны төр, засгийн тэргүүнүүд, түүний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч оролцов.

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголд бүх нийтийн санал асуулга явж, санал асуулгад оролцсон нийт иргэдийн 99 хувь нь Монгол Улс тусгаар тогтносон улс мөн хэмээн санал нэгтэй баталгаажуулсны 70 жилийн ойтой дээрх үйл явдал энэ онд давхцан тохиов. Монгол Улсын тусгаар тогтнолыг эгүүлэн сэргээх, батжин бэхжүүлэх гайхамшигт үйлсэд энэхүү ард иргэдийн санал асуулга онцгой чухал ач холбогдолтойг түүхчид, эрдэмтэд онцлон тэмдэглэдэг бөгөөд энэ нь аугаа их эх орны дайны ялалттай шууд холбоотой үйл явдал юм.

4. НЭГЭН СОНИН НААДАМ

12-28-2a4_700x700

Өнгөрч буй 2015 онд нэгэн сонин наадам болж өнгөрөв. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ-тай хамтран 2015 оны наймдугаар сарын 8, 9-нд “Хүй долоон” худагт тэмдэглэв. Энэ наадмаар хүрээ цам гарч, 1000 лам нийслэлчүүдийн төлөө ном уншиж, бат оршил өргөсөн юм. Даншиг наадамд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншигийн арслан цол хүртэв. Энэхүү Даншигийг зохион байгуулсан нь наанаа уламжлалт баяр наадмыг сэргээсэн мэт санагдаж болох боловч үнэн хэрэгтээ төрийн өндөр албан тушаалд байгаа зарим нэг хүн өөрсдийнхөө үр хүүхдүүдээс Х Богдын хойд дүрийг тодруулахаар улайран хөөцөлдөж байгаатай шууд холбоотой гэж учир мэдэх зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэд XIV Далай ламыг элдвээр эргүүлдэж, элч төлөөлөгчдийг байн байн илгээж, өөрсдийн үр садаа X Богдоор тодруулахаар идэвхийлэн хөөцөлдөж буй мэдээлэл байна. Энэ нь цаашид өөрсдөө албан тушаалаасаа мултарсан ч үр хүүхдээрээ дамжуулан эрх мэдлийг гартаа байлгах гэсэн далд санааны илрэл гэнэ. Үүндээ хүрэхийн тулд айлгахыг нь айлгаж, аргадахыг нь аргадаж эр хүний арван гурван мэхийг угсруулан хийж байгаа юм байх. Эл санаагаа хэрэгжүүлж үр садаа X Богдоор тодруулсныхаа дараагаар тэдэндээ зориулсан Даншиг наадмыг байнга хийлгэж, “ноёны бөх” барилдуулж зугаацан цэнгэж байхын тулд одооноос ийнхүү урьдчилсан бэлтгэлийг хангаж Даншиг наадмыг сэргээж байх магадлалтай гэдэг шүүмжлэл төр, шашны зүтгэлтнүүдийн дунд гарсан билээ. Үүнд нь угаасаа баяр наадамд дуртай гэнэн монголчууд хууртаж байна гэж хардах хүмүүс  цөөнгүй байгаа юм. Даншиг наадмыг зон олонд дасгах, тэд нараар хүлээн зөвшөөрүүлэх бэлтгэлийг ийнхүү одооноос эхлэн хангаж байна гэж үзэх үндэслэлд үнэний хувь байгаа бололтой. Монголын Дилав хутагт тухайн цаг үедээ есдүгээр Богдыг тодруулах үед өөрийн биеэр хүрэлцэн очиж ажиллаж шинжээд “Энэ хүн Богд Жавзандамба хутагтын хойт дүр биш байна” гэж хэлсэн гэлцдэг билээ.

5. АН-ЫН ШИЙДВЭРЭЭР МАН-ЫН САЙД НАРЫГ ХӨӨЖ ГАРГАВ

12-28-2a5_700x700

УИХ-ын ээлжит чуулган 2015 оны наймдугаар сарын 6-нд хуралдаж АН-ын шийдвэрээр МАН-ын зургаан сайдыг огцруулж, МАН-ын төлөөллийг Шийдлийн гэх Засгийн газраас хөөж гаргав. АН нь сайдуудынхаа тоог нэмж, түүнчлэн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс сайдуудын тоог нэмэгдүүлэн томилов. Ц.Элбэгдоржийн төлөвлөснөөр Д.Алтанхуягийг Ерөнхий сайдынх нь суудлаас унагаж, “МАН-АН”-ийн Засгийн газрыг дахин сэргээн байгуулж, “Шударга ёс” эвслийнхнийг ад үзэн буланд шахаж, ингэснээр Тавантолгой, Оюутолгой мэтийн томоохон орд газруудыг өөрсдийн санаснаар хөдөлгөнө гэж тооцоолсон аж. Гэтэл АН-ын шинэ дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар санал зөрөлдөж уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “гацаа” үүсгэв.

6. ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТЛАГДАЖ УЛМААР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙЖ ХЭРЭГЖИВ

12-28-2a6_700x700

2015 оны наймдугаар сарын 11-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны ардчилсан сонгуулийн болон Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийг батлав. Уг хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжилгүй сунжирсаар арваннэгдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхлэв. Шоронгоос 4340 хоригдол суллагдав. Энэ тухай УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: “Өршөөлийн хууль наймдугаар сарын 11-нд батлагдаж, хүчин төгөлдөр болсон. Уг хууль зургаа хоногийн хугацаанд үйлчилж наймдугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Хуульзүйн байнгын хорооноос боловсруулан оруулж ирсэн. Түүнийг УИХ хэлэлцээд нэмэлт, өрчлөлт оруулан баталлаа. Ерөнхийлөгчийн хориг тавигдаж нэмэлт, өөрчлөлт оруулж хууль хэчнээн өөрчлөгдлөө ч гэсэн бидний наймдугаар сарын 11-нд баталсан хууль өөрчлөгдөхгүй. Тэнд өршөөнө гэсэн л бол өршөөгдөнө” гэжээ.

7. “НҮҮРС” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧДИЙГ ЯЛЛАВ

12-28-2a7_700x700

Шинэчлэлийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхэд 2015 оны есдүгээр сарын 21-нд анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноов. Энэ шийдвэрийг өнөөг хүртэл олон нийт хэлмэгдүүлэлт хэмээн үзсээр байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анхан шатны болон давж заалдах шүүх хуралд биечлэн оролцож “Нүүрс” хөтөлбөрөөр Улаанбаатар хотын гэр хорооллын олон мянган айлын аж амьдралд тус нэмэр болсон. Л.Гансүх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн, түүнд ямар ч буруу байхгүй. Шийтгэх хүн хайгаад байгаа бол намайг шийтгэ гэсэн боловч шүүх түүний үгийг авч хэрэгссэнгүй. “Нүүрс” хөтөлбөр бүрмөсөн зогсож 2015 онд нийслэл хотын гэр хорооллын айлууд өндөр үнэтэй нүүрсээр чадан ядан амь зогоож байна. Л.Гансүхтэй хамтарч “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хоёр хүнийг анхан шатны шүүхээс тус бүрийг 19 сая 200 мянган төгрөгөөр торгож шийтгэжээ. Ахлах нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа “Ямар ч буруугүй биднийг хэлмэгдүүллээ. Энэ их мөнгийг насаараа төлөөд ч барахгүй. Цагаатгаж өгөхийг шаардаж байна” гэж мэдэгдэв.

8. БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫГ ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭВ

12-28-2a8_700x700

Бурхан Халдун хайрханыг Дэлхийн өвд бүртгэлээ. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо 2015 оны долдугаар сарын 4-нд хуралдаж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгатай газар нутгийг бүртгэх эсэх тухай хэлэлцээд Дэлхийн өвд хүлээн авч бүртгэсэн юм. Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орны 17 нь энэхүү саналыг дэмжжээ.  Бурхан Халдун ууланд аялагчдын шугамаар ирсэн Францын судлаач Жесу  тэргүүтэй хэсэг хүн хууль бус аргаар судалгаа хийж Чингисийн шарилыг оллоо гэж зарлав. Энэ нь цоо шинэ, үг биш бөгөөд Монголын зарим түүхчид ч өмнө нь их эзэн Чингис хааныг Бурхан халдунд онголсон гэж мэдэгдэж байсан юм. Гэвч энэ нь одоо хүртэл батлагдаагүй байгаа болно.

9. “БАЯЛГИЙН ХАРААЛ” ҮРГЭЛЖЛЭВ

12-28-2a9_700x700

“Баялгийн хараал” 2015 онд Монголд үргэлжилж Гацууртын алтны ордыг эзэмшихийг эсэргүүцсэн хөдөлгөөнийхөн хуурай өлсгөлөн зарлаж, цагдаа нар тэднийг хүчээр буулгав. Иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч Засгийн эрхийг баригч АН оны эцэст МАН-ынхантай нийлж Гацууртын ордыг эзэмших асуудлаар далд тохиролцоонд хүрчээ. Парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнийхөн үүнийг эсэргүүцэж сонгуулийн хуулиар наймаалцлаа. Засаг төрд ахиад өтгөн МАНАН үүсэх эхлэл тавигдав гэж шүүмжлэв. Мөн Тавантолгойн ажилчдын эрх ашгийг хамгаалагч “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж өөрийгөө шатаах оролдлого хийв. Өөрийгөө шатаахыг оролдогч С.Эрдэнийг МоАХ-ны дарга Х.Баттулгын захиалгаар ийм үйлдэл хийсэн гэх хардлага цахим орчинд гарав. С.Эрдэнэ нь МоАХ-ны анхдагч партизануудын нэг юм. Түүнчлэн “Энержи ресурс” компанийн 200 гаруй ажилчин ажлаас халагдсаныгаа эсэргүүцэн тэмцэхээр шийдсэнээ илэрхийлэв. Компанийнх нь зүгээс тэднийг ажлаас халсан тухай мэдэгдлийг гэрийнх нь хаягаар хүргүүлсэн гэдэг америк маягийн хариулт өгсөн нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулав.

10. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ЛУЙВРЫН ГЭРЭЭ

12-28-2a10_700x700

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны тавдугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд гэнэт айлчилж, Рио Тинто болон “Эрдэнэс Монгол” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд биечлэн оролцов. Эл үйлдлийг Монголын олон нийт хурцаар шүүмжилж, УИХ-ын гишүүн Г.Уянга, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Бямбасүрэн зэрэг цөөнгүй нийгмийн зүтгэлтнүүд “Энэ бол эрх баригчид эх орноосоо урваж, харийнхны өмнө бөхөлзөж, тэдний захиалгаар ажиллаж буйн тод илэрхийлэл. Оюутолгойн тохиролцоо бол илэрхий луйврын гэрээ” гэж нэрлэв. Хэдийгээр дотооддоо энэ мэтээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж 2015 оны арванхоёрдугаар сарын 16-нд 4.4 тэрбум ам.долларын зээл олгож, баталгаа гаргах гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Энэ нь гадаадын нэр бүхий 15 томоохон банкны хамтран санхүүжүүлж буй зээл ажээ. УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд дээрх гэрээг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлгэж, сонордуулга гаргав. Монголын ард түмний хосгүй баялаг болсон Оюутолгой дэлхийн 15 акулын гарт орлоо гэж тэд үзэж байгаагаа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Оюутолгойн “санхүүгийн тайланг 2010 оноос хойш нэг ч удаа баталгаажуулаагүй байгаа. Яагаад гэвэл, ихээхэн хэмжээний зөрчилтэй. 2009 онд явуулсан үйл ажиллагааны санхүүгийн тайланг 2010 онд гаргаж танилцуулахад тэр үеийн Сангийн яам, Засгийн газар 300 гаруй сая ам.долларын зөрчилтэй байна гэсэн дүгнэлтийг хийж хүлээж аваагүй юм. 2010-2012 онд санхүүгийн тайланд Шинэчлэлийн Засгийн газар, Сангийн яам судалгаа, шинжилгээ хийж үзээд баримтын шалгалт оруулж 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн. 2013, 2014 оны үйл ажиллагаанд ийм анализ, дүгнэлт хийгдээгүй байна. 2014 оны тайлан өнөөдөр ч гарч амжаагүй байгаа. Тайланг гаргадаг дүрэм, журамтай, зохицуулдаг хуулийн зохицуулалттай. Одоо хийгдэж байгаа. Гэтэл 2010-2014 он хүртэлх санхүүгийн тайланг таван хоногийн хугацаанд шууд хүлээж авч, баталгаажуул гэсэн үүргийг Дубайн гэрээгээр хүлээсэн нь хуулийг дэндүү зөрчиж байгаа үйлдэл. Ерөнхий сайд нь ийм хууль бус үйлдлийг хийхийг зөвшөөрч, гадныханд илүү ашигтай гэрээнд гарын үсэг зурчихаж болох уу” хэмээн гайхширчээ.

11. СОНГУУЛИЙН ӨМНӨХ ЭЭЛЖИТ ШОУ ЮУ? ЭСВЭЛ…

12-28-2a11_700x700

17 жилийн турш унтаа байдалд байсан С.Зоригийн аллагын хэрэг гэнэт амь орж, түүний гэргий Б.Булганыг баривчлан яллагдагчаар татав. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийг уг хэрэгт холбогдуулсан жиргээ Монголын цахим ертөнцөд гэрлийн хурдаар тархав. “Ноцтой мэдээ” сонинд С.Зоригийн алллагын талаар ноцтой нийтлэл гарч Ш.Отгонбилэг, Н.Багабанди, С.Баяр, Э.Бат-Үүл нарын нэр оролцсон үйл явдлуудын талаар өгүүлсэн нь нийгэмд сенсаац дэгдээв. С.Зоригийн хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхэн Аюулгүйн зөвлөлд танилцуулга хийж хэрэг илрүүлэлт 65 хувьтай байна гэж мэдээлэв. Энэ нь 2016 оны УИХ-ын гишүүн сонгуулийн өмнөх  ээлжит шоу юу, эсвэл үнэн явдал уу гэдгийг хүлээх л үлдлээ.

12. ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО БА ХӨРШҮҮДИЙН ЭРГЭЛЗЭЭ

12-28-2a12_700x700

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс төвийг сахисан орон болно гэж зарласан нь нийгмийг хоёр талцуулсан маргаан мэтгэлцээний эхлэлийг тавив. Түүхчид, мэргэжлийн дипломатчид өөрсдийн үндэслэлийг тайлбарлаж Монгол Улс төвийг сахих болбол хөрш зэргэлдээх ОХУ, БНХАУ зэрэг хөршүүдтэйгээ байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээ өөрчлөх шаардлагатай тулгарна гэж сэрэмжлүүлэв. Төвийг сахих бодлогоор хорь гаруй жил замнаж буй Туркменистан улсад гэхэд нэг хүний дарангуйллын диктатур тогтосныг  зарим судлаач анхааруулав. УИХ-ын гишүүн Г.Уянга “Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “байнга төвийг сахих” бодлогоо зарлахын өмнө УИХ-ын чуулганд энэ талаараа мэдээлсэн. Түүний дараахан хойд хөршдөө айлчилж очиход ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярьж байгаа “Төвийг сахих бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ юу болохыг ойлгож байгаа гэж найдаж байна. Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг” гэж шуудхан хэлнэ лээ. З.Энхболд дарга “Манай Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчид энэ талаараа дуулгах нь дуулгасан гэх маягийн юм хэлээд өнгөрсөн. Таамаглавал, ноён В.В.Путин ”Тэгж болохгүй шүү, нөхөөр. Нөгөө стратегийн түншлэл мүншлэл чинь будаа болно шүү” гэж шууд хэлэхгүй нь лав. Анхааралтай сонсож толгой дохиод “Хорошо” гээ биз. Түүнийг манай хүн “Сайн байна” гэж байна гээд ойлгочихоогүй байлтай. ОХУ гадаад байтугай дотоод бодлогодоо ягштал нэг байр суурьтай байгаа В.И.Матвиенкогийн үгийг харин В.Путины хэлж байгаа үг гэж төвөггүй ойлгож болно. Урд хөршид ч зөвхөн энэ талаар онцгойлон асууж байна гэж тэнд очоод ирсэн гишүүд ярьж байна. Манай Ерөнхийлөгч ”төвийг сахих” шинэ “үзэл”-ээ зарласан нь Монгол Улсын урд өмнө байгуулсан стратегийн бүх яриа хэлэлцээрийг уг сууриар нь хөндсөн, анхаарал татахуйц, ноцтой асуудал болжээ. Цаашилбал, монгол үндэстний оршихуйн суурь асуудлыг хөндсөн тул энэ талаар үзэл бодлоо тодорхой илэрхийлье гэж бодлоо” хэмээжээ.

13. ҮНДСЭН ХУУЛЬ БҮХНИЙ БУРУУТАН БОЛОВ

12-28-2a13_700x700

1992 онд батлагдсан Үндсэн хуульд өөрчлөлт  оруулах асуудлыг засгийн эрх баригч АН-аас шаргуу тавьж УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг хүртэл байгуулав. Төр засаг хямарч, түмэн олон ядуурсны гол шалтгааныг тэд Үндсэн хууль руу чихэж, өөрсдөө хариуцлагаас мултрахыг санаархав. Гэвч энэ нь нийгмийн зүгээс, улс төрийн бусад намуудаас дэмжлэг авч чадсангүй.

14. ХУБИЛАЙ ХААНЫ 800 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

12-28-2a14_700x700

Их Монгол Улсын тав дахь хаан Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг 2015 онд тэмдэглэв. Монгол Улсын болон дэлхийн түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг их юм. Хубилай хааны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хубилай сэцэн хаан ба түүнийг залгамжлагчид” хэмээх цомог, Хубилай хаан болон Монголын Юань улстай холбоотой судалгааны 10 ном хэвлүүлжээ. Мөн хөөмий болоод шувуулахуй ёсны наадам, урлаг соёлын цэнгүүн, олон улсын эрдэмтдийн чуулган зохион байгуулагдсан байна.

15. МОНГОЛЫН ИРГЭН МАНЛАЙЛАВ

12-28-2a15_700x700

Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааныг ОХУ 2015 онд 15 дахь жилдээ зохион байгуулав. Тус уралдаанд манай орноос дуурийн таван дуучин оролцсоноос сүүлийн шалгаруулалтад гавьяат жүжигчин Г.Ариунбаатар үлдэж, тэргүүн байр эзэлсэн юм. Эцсийн шатанд тэрээр “Трубадур” дуурийн Ди лунагийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг тус тус дуулжээ. Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай Г.Ариунбаатар өрсөлдөж ийнхүү ялагчаар тодорсон байна. Уг уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан өрсөлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.