Д.Дагвадоржийн давах даваа мөн үү, биш үү

Нэгэн цагт арлын орны сумочдыг сөхрүүлж Монгол Улсын нэр хүндийг дэлхийн дэвжээнд өргөж явсан Д.Дагвадорж их улстөрийн босгоор алхаж орлоо гэсэн мэдээлэл чих дэлсэв. Ямар замын тендерээс “хусчихсан” мөнгөө тараагаад орж ирж байгаа биш, яадгийм. Ямар аль нэг намын даргын цүнхийг зөөж, өвдгөө хавдтал сөгдөж байж их улстөрийн босгоор орж ирж байгаа биш яахав дээ л гэж бодлоо. Үндэсний үзэлтэй энэ нөхөр их улстөрд сууж байхад юу нь болохгүй гэж. Ийм л хүмүүс улстөрийн хоймор эзлэх цаг нь болсон байхыг хэн ч үгүйсгэхгүй. Би энд спортынхоноор Төрийн ордныг дүүргэх гэсэн санаа агуулсангүй. Гагцхүү тэдний эх орон, газар шороо гэсэн үндэсний үзэл нь харийнхантай сүлбэлдсэн энэ цагт гарцаагүй хэрэгтэй учраас ийн дурдаж сууна. Энэ тухайд хойш өгүүлсү.

Их аварга Д.Дагвадоржийг улстөрд хөл тавих сургаар нийгэм л болсон хойно алагтай цоогтой л хүлээж авсан. Түүний ах Монгол Улсын аварга Д.Сумъяабазар МАН-аас УИХ-д сонгиночуудыг төлөөлөх болсон. Сумогийн их аварга маань ахынхаа араас улстөрд хөл тавилаа хэмээн шуугисан бол нөгөө талаас УИХ бөхчүүдээр дүүрлээ хэмээн ад үзсэн дээ. Бүр нөгөө талаас их аварга юу дутлаа гэж улстөрд орж ирэв гэх зэргээр мэдээллийн шуурга дэгдээд чимээ намдаав. Ерөөсөө Д.Дагвадоржийн давах даваа мөн үү, биш үү гэдэг маргаан дэгдсэн учраас үүнийг бичиглэж байгаа хэрэг. Аливаа зүйлээр дутсан хүн улстөрд ордог гэсэн ойлголтыг өнөөх олигархи бүлэглэл иргэдэд өгсний хар гай. Сүүлийн 20 жилд улстөр ийм л хүмүүсээр дүүрсэн учраас ард түмэн өөрийн эрхгүй ийн ойлгоход хүрсэн нь тэдний буруу огт биш. Түүнээс бус дутаж гачахаараа Төр түшилцдэггүй юм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг зүгээр нэг тэнэмэл үг биш.

Миний хувьд бол улстөрийн ороо бусгаа энэ цагт Д.Дагвадорж УИХ-д ороод ирэхэд болохгүй зүйл алга. Хамгийн гол нь өнөөдөр улстөр дэх бизнес бүлэглэлийн холбоо бэхжиж, бүр цаашлаад харийнхантай сүлбэлдэх болсон энэ цагт түүний дуу хоолой, төрөлх араншин хэрэгтэй юм уу гэж бодлоо. Үндэсний аюулгүй байдал аль аль талаасаа алдагдан алдаж буй энэ цагт харин ч ийм хүн олон хэрэгтэй. Яаж ч бодсон тэр манай түшээд шиг “Рио Тин То”-гийн аманд багтаад стратегийн орд газраа зүгээр шахам өгчихгүй. “Чамайг эх газрын бодлого харж байгаа шүү” хэмээн хэлсэн эрлийз нөхрийг “нясалчихна уу” гэхээс парламентийн чуулганы танхимд нэгэндээ салаавч үзүүлэхгүй. Гэтэл манай парламентчид эрлийз хурлийзтайгаа нийлээд улсаасаа хулгай хийж сууна.

Хөлс хүчээ шавхаж олсон хөрөнгөөрөө амьдарна уу гэхээс биш оффшор бүсэд сая саяар нь ам.доллараа мартчихгүй гэж бодном. Өнөөдөр манай улстөрд ийм л залуус хэрэгтэй. Нөгөө талаар Монголын их улстөрд зайлшгүй шинэ давалгаа цөн түрэн наашлахаас өөр гарц харагдахгүй байна. Энэ бугшсан нийгмийн тархин дээр цахиур хаглах залуусыг эх орон дуудаж байна гээд хэлчихэд буруудахгүй. Энэ улстөрд заавал Жорж Вашингтоны сургууль төгссөн гэх хуурамч дипломтой нөхөр хэрэггүй. Өнөөдрийн УИХ-д АНУ-д очиж хоёр сар зугаалж байгаад Жорж Вашингтоны сургуулийн дипломыг мөнгөөр худалдаж аваад ирдгийг бүр баримттай ч нотолсон болно. Заавал намын дарга нарын цүнхийг зөөж гүйсэн долдойнууд энд хэрэггүй. Улстөр бизнесийн бүлэглэлийн гар хөл бологсод бүр ч хэрэггүй. Гагцхүү эх оронч, үндэсний үзэл нэвт шингэсэн зөв сэтгэлтэй залуус хэрэгтэй байна.

Парламентад бөхчүүдийн төлөөлөл байдаг ч тэднийг ад шоо үздэг нь хэвлэл мэдээллийнхний буруу биш. Хэн нэгнээс шууд хараат хэвлэлийн прамидтай манай улсад “Бөхчүүд улстөрд хэрэггүй. Тэд бол ноцолдохоос өөр шидгүй мангар амьтад” гэсэн мэдээллийг миний дээр дурдсан улстөр бизнес бүлэглэлийн нөхөд тараадаг. Сэтгүүлч уран бүтээлчид бол өөрийнхөө зоргоор ийн бичдэггүй. Бөхчүүд гэж ад үзэхийн хэрэг алга. Бөхчүүд гэхээр бүдүүн ширхэгтэй, хойрго байдаг тухай ойлголт монголчуудын зүрх сэтгэлд хадаатай болсны шалтгаан нь энэ. Уг нь тэдний хувьд жинхэнэ тархи зүрхээ ажиллуулж байж сая амжилтад хүрдэг. Ёстой л уран ухааныг уралдуулж байж сая амжилтаа өвөртөлдөг хүмүүс. Тархи нь ажиллахгүй хар тэнхээгээр ямар ч хүн хол явахгүй гэдгийг нийгэмд бүү хэл тив дэлхийд нотолсон хүмүүс. Хамгийн наад зах нь ард түмний хүндлэл хүлээсэн тэд түмний хайр хүндлэлийг дааж явахын төлөө Төрийн түшээдээс илүү нийгэмд анхаардаг. Юутай ч парламентийн танхимд салаавч гаргаж, нэг нь нөгөөхийнхөө картыг авч зугтаахгүй. Өнөөдөр манай чуулган, байнгын хорооны хуралдаанаар гишүүд маань буйд бригадын төвийн чавганц нар шиг хэрүүл дэгдээж суудаг. Тэд бол хэзээ ч тэгэхгүй. Ийнхүү олон түмний инээд барж цухлыг төрүүлж суухаар босоод зодолчихсон дээр санагддагийг нуух юун.

Манай парламентад гурван ч бөх бий. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнөөдрийн ямар ч олигархи бүлэглэлд хамаардаггүй. Эх орон газар шорооныхоо төлөө тууштай тэмцэгч гишүүн. Манай бизнес бүлэглэлтэй хамтарсан гадныхан уул усанд минь шунах тоолонд Б.Бат-Эрдэнэ гишүүн хазаарлаж байв. Хазаарласаар ч байна. Тиймдээ ч нутаг зон нь гурвантаа итгэл үзүүлсэн биз. Ус нутагтаа мал сүргээ өсгөчихсөн, газар тариалангийн бизнес эрхэлчихсэн гээд түүнд бүхий л талаасаа үндэсний гэх зүйл цогцолцжээ. Түүнд ус нутгаа ухаж зарах хэрэг алга. Ухаж зардаг гаруудтай нийлэх хэрэг бүр ч алга. Ийм л нэр цэвэр эх орноо гэсэн сэтгэлтэй түшээд улстөрд олон байх тусмаа сайн. Тэр бол цагийг эзэлж тархиа ажиллуулсан учраас Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ олон жил босоо байж чадсан шигээ өнөөдөр улстөрд ус нутгаа хэдэнтээ төлөөлөөд буй.

Нөгөө талаас дэлхийн аварга бөх Х.Баттулга байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх тал дээр олон жил хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө хөлсний суурин дээр их улстөрд орж ирсэн хүн. Тэр улстөрд орж ирээд үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хөдөлгөх гэж үзсэн. Өнөөх л олигархи бүлэглэлийн эсэргүүцэл ил далд галлаад хөдөлгөж өгөөгүй. Төмөр замаас эхлээд олон төслийг тэр гаргаж ирсэн ч болсонгүй. “Шинэ сум” төсөл хөдөө орон нутагт ямар их хэрэгтэйг түүний босгосон Баянхонгорын хоёр ч сумын шийдэл хэлж өгөх байх. Тэр мөн л спортын хүний их тэвчээр, өөрийнхөө хөлсний үнэ цэнээр өөрөө босч өндийсөн хүн. Х.Баттулгыг ийн өөрийнхөөрөө өсч өндийж, өөрийнхөөрөө сэтгэхээр өнөөх л олигархи бүлэглэлийнхэн харлуулах гэсэн элдэв цуу яриаг дэгдээдэг ч тэр буруу зөвийг ялгахыг хичээж хэл ам хийдэггүй. Үүнийг цаг хугацаа харуулж, түүхийн нэгэн гэгээн мөрүүд болж үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бас л тархиа ажиллуулж байж дэлхийн дэвжээнд цоллуулсан шигээ бизнес, их улстөрийн талбарт Төрийн түшээ шиг Төр түшилцэж яваа нэгэн.

Өнөөдрийн байдлаар спортын ертөнцөөс хамгийн сүүлд улстөрд хөл тавьсан хүн бол Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар. Аанай л өөрийнхөө хүч хөдөлмөрийн үнэ цэнээр их улстөрд хөл тавьсан. Өнөөдөр түүн шиг ард түмний дунд ажилладаг гишүүн ховор. Тэр ямар нэг улстөрийн олигархи бүлэглэлд хамаардаггүй. Төр түшилцэхийн зэрэгцээ Монголын хөдөө аж ахуйн гол үнэ цэнэ болсон хоршоологчдын төлөө цаг наргүй ажиллаж явна. Газар шорооныхоо үнэ цэнийг тамирчид л илүү мэдэрдэг гэдэгт олон хүн санал нийлж таарна. Их халуурвал хойд их гүрний удирдагч В.Путин хэмээх жүдочийг хар. Өнөөдөр бараг дэлхийг захирахдаа тулж явна. Тэнэг мангар хүн тэр их гүрнийг удирдаад зогсохгүй дэлхийг айлгах хэмжээнд очдог юм уу. Энэ мэт олон жишээг харахаар их аварга Д.Дагвадоржийг улстөрийн босгоор ямар ч төвөггүй давуулж болмоор. Алдар хүндийн оргилд хүрэх гэж урсгасан хөлсний цаана эх орон газар шороо байдгийг хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж үзсэн хүн бүхэн мэдэж таарна. Тиймээс улстөр Д.Дагвадоржийн давах даваа мөн үү биш үү гэдэгт маргаад яахав.

С.Ууганбаяр  

Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин


URL:

Нэр: ҮНЭН ШҮҮ Огноо: 29 December 2015

ЮУН Ч ИХ ДАЛДАГНУУР НӨХӨР ВЭ.

Нэр: Anonymous Огноо: 29 December 2015

Davgaa Bol butehgui yu ch medehgui hun shu dee bolobsrol bhgui ehneree bnga zodno agsan deerin iim hunees yu garhuu ??? Yu ch garahgui uls tord bold zugeer cekts baiguulaad bagsh hii ybdag jorlon min

Нэр: keke Огноо: 30 December 2015

Наадах чинь Циркийг хувь заяаг яалаа? Баар, дэлгүүр, pc game болгосон ш т…Гишүүн болговол Монголыг Бар биш Баар болгондоо…Улс төрд харь амиа боддог биш нийтийн эрх ашгийг хүндэлдэг хүн гарах ёстой. Тэрнээс биш алдартай болгон болдог зүйл биш. Энэ нөхрөөс болоод миний хүүхэд цирк гэж юу байдгыг мэдэхгүй өсөж байна.

Нэр: kkk Огноо: 30 December 2015

za ene bukhg mukh ni khuuli togtoogch boldog iim gajig togtoltsoo Mongoloos uur baikhgui baikhoo khun buruuriin chaddagig l khiimeer yum bukhchuud bol uneniig khelekhed jaakhan tenegduu garuud l baidag iim khumuus uls turd orood baikhaar Mongoliin tur yaj oligtoi baikh vedee

Нэр: Зочин Огноо: 12 January 2016

Гурван намаа хамгаалж зодолдоод ах дүү гурав тангараг нь тонгорог болно. яшиг зүгээр.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.