Улсын харцага Б.Пүрэвсайхан Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа гардлаа

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ньюпрогресс группийн бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд 7 даван түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа гардаж авлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Ажнай корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба энэ барилдаанд анх удаагаа үзүүрлэв.

Тэдний барилдаан тийм ч их удааширалгүй өрнөж байсан ч өөрсдийн саналаар золгох болж шодоод Пүрэвсайхан харцагын талаар буусан. Гэвч тэд барьцаа авах дээр маргалдаж багагүй цаг авсан нь үзэгчдийг жаахан бухимдуулав бололтой. Энэ нь зааны хувьд анхаарал сарних шатах, харцага тэр алдааг зөв ашиглах боломжийг олгосон байж мэдэх. Юутай ч харцага зааныг зүүн золгонгуут  төвөггүйхэн хаяснаар ийнхүү Монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 104 жилийн ойн баяр Монгол шинэ жилийн баярын түрүү бөхөөр тодорлоо.

Их шөвөгт аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь нар шалгарсан. Наадмаас хойш барилдаагүй аварга маань бэлтгэлийн форм дажгүй байгаа даг, янз нь. Гуравт а.з М.Баасанбатыг, дөрөвт а.а Б.Бат-Өлзийг, тавд а.х.а Н.Жаргалбаярыг тус тус давж, их шөвөгт заан Санжаадамбыг амалж, барьц сонгуулан өвдөг шороодсон юм. Харин Батсуурь арслан Б.Пүрэвсайхан харцагатай тунаж барилдан тахим буулгалаа. Арслан их л яарч барилдав уу гэмээр санагдсан. Гарч ирэнгүүтээ хөөж яваад харцагыг хөлдөө алдаж унасан юм. Өмнөх даваанд нь Баасанхүү начинг мөн л ингээд шүүрчихсэн. Пүрэвсайхан харцагыг шагайгаар, хар тавхайгаар шүүрэх улмаар лавшруулан хонгодож цацах ч ямар ч өрсөлдөгчид тун халгаатай мэхний нэг болж. Их л хурдтай с ууж шүүрээд л дамжаад гүйцээчихэж байгаа харагддаг.

Заан Санжаадамбыг түрүү булаалдахаар гарахын өмнө заан Өсөхбаяр цай аягалан балгуулахын зэрэгцээ багагүй зөвөлгөө өгөөд амжив бололтой. Мөн жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр өргөөний зүүн хоймроос өөрийн дэмждэг бөхчүүдийн зүг хошин үгс олныг чулуудан ойр хавийнхнаа багагүй хөгжөөгөөд авна лээ.

Дунд шөвөгт у.н Б.Сугаржаргал, у.н Т.Баасанхүү, а.х.а Н.Жаргалбаяр, а.а О.Хангай нар шалгарчээ. Сугаржаргал начин дөрвийн оноолтод Гончигдамба гарьдтай таараад талбайн захад ачаад мөн ч даацтай давна лээ. Яг л жүдо “стиль”-ээр хаясан.  Мөн дөрвийн оноолтод Ганбаатар гарьд начин Баасанхүүтэй таарч халз хутгуулаад унав. Тэд  улсын наадмын дөрвийн даваанд таарч Баасанхүү начин мөн давсан түүх бий. А.а Хангай арслан Бүрэнтөгсийн хөлд орж, тэр чигт нь түрснээр давсан бол а.х.а Жаргалбаяр арслан Оюунболдыг мөн барьц сонгон давснаар дөрвийн даваа дуулиан, шуугиантайхан өрнөсөн юм.

Бөхийн өргөөний хойморт төрийн өндөрлөгүүдээс гадна Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар тухлан барилдааныг шимтэн харсаар байв. Бас залуу аварга С.Мөнхбат, гарьд Ш.Жаргалсайхан, олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд ч үзэгчийн суудлаас барилдаан үзэж харагдсан.

Уламжлал ёсоор хоёр давсан шилдэг 32 бөх Ерөнхийлөгчтэй хамт дурсгалын зураг даруулах үеэр Элбэгдорж ерөнхийлөгч монгол бөхийн дэвээг хальт хийн үзэгч олныг, бөхчүүдийг хөгжөөгөөд авна лээ. Мөн Цагаан өвгөн бөхийн талбайг нар зөв тойрон үзэгч олонд хишгээ түгээв. Нар зөв гэснээс манай бөхчүүд туг тойрчихоод ихэнх нь өргөөний баруун талаар буцаад гүйчихдэг. Харин  Говь-Сүмбэрийн а.а Б.Гончигтавхай, Сүхбаатарын а.з М.Баасанбат нар заавалгүй нар зөв зүүн талаар дэвжээ захлан гүйсээр буцаж байгаа нь сайхан санагддаг. Аливаа зүйлийн учир бэлгэдэл, ёс горим бага гэлгүй бүх л зүйлд номоороо, жамаараа байх нь сайхан. Тэрийг мэдэж байгаа, нь дагаж байгаа нь бүр сайхан.

Гурвын даваанд ч сонирхотой барилдаан олон гарсан. А.а М.Бадарч у.х Ө.Бат-Оршихыг хөмрөөд тогтонгуут нь цөмөрсөн хөлийг нь тахимдаад, начин Б.Сангисүрэн Р.Пүрэвдагва начинг татаж хавираад, а.а О.Хангай а.х.а Б.Эрдэнэхүүг хутгаад угсарч мордоод, начин Т.Баасанхүү харцага Ө.Даваабаатарыг хутгахад нь сөрж мордоод, гэх зэргээр…

Өнөөдрийн барилдааны нэгийн даваанд заан  Д.Баасандорж, Д.Амгаланбаатар, харцага Ц.Содномдорж, А.Цацабшир, Д.Батболд, начин Э.Энхбат, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, П.Ганхүү, Ч.Цогбаяр, Л.Цэрэнтогтох, Ч.Ганзориг, Д.Энхбаяр, Э.Даш, хоёрын даваанд у.з М.Өсөхбаяр, у.х Б.Одгэрэл, у.н Ж.Отгонбаяр, С.Батсуурь, Б.Амарзаяа, Л.Лха-Очир, Г.Баасандорж, Бо.Батжаргал нарын улсын цолтнууд тахим буулгажээ.

                                                                                                                                                                                С.Бадам

 

Хоёрын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав–Н.Хүрэлсүх а.х

2.      П.Бүрэнтөгс у.ар–У.Береке а.х

3.      Н.Батсуурь у.ар–Д.Пүрэвдорж а.х

4.      Э.Оюунболд у.арс–Ч.Эрдэнэсайхан а.з

5.      Н.Ганбаатар у.г–Т.Бэгзсүрэн а.з

6.      Б.Гончигдамба у.г–Ж.Наранбаатар а.а

7.      Ч.Санжаадамба у.з–Б.Чимэдвандан а.а

8.      М.Өсөхбаяр у.з – Б.Хаш-Эрдэнэ а.а

9.      Б.Батмөнх у.з–А.Саруулсайхан а.а

10.  Ө.Бат-Орших у.х– Ц.Мөнхбаяр а.а

11.  Т.Өсөх-Ирээдүй у.х– Э.Ванданцэрэн а.а

12.  Б.Пүрэвсайхан у.х–Ч.Хөхчирэнгэр а.а

13.  Н.Батзаяа у.х–Давж.Батбаяр а.а

14.  Ө.Даваабаатар у.х–Ш.Пүрэвгарьд а.а

15.  Б.Одгэрэл у.х– Б.Ганбаатар а.а

16.  Ж.Отгонбаяр–М.Эркебулан а.а

17.  Р.Пүрэвдагва у.ө.и.н–Б.Мөнх-Эрдэнэ а.а

18.  Л.Гантулга у.н –Б.Гончигтавхай а.а

19.  Ч.Баянмөнх у.н–Н.Ганзориг а.а

20.  С.Батсуурь у.н –М.Баасанбат а.а

21.  Б.Сангисүрэн у.н–Н.Золбоо а.а

22.  А.Батмөнх у.н–П.Мөнхбат а.а

23.  Б.Амарзаяа у.н –Б.Бат-Өлзий а.а

24.  Б.Сугаржаргал у.н –Б.Хишигбаатар а.а

25.  Т.Баасанхүү у.н–Б.Баатарцол а.а

26.  Л.Лха-Очир у.н –Б.Ганзориг ц.а

27.  Ш.Шинэбаяр у.н–Б.Тайван а.а

28.  Г.Баасандорж у.н –О.Хангай а.а

29.  Бо.Батжаргал у.н –Л.Батзориг ц.а

30.  Ш.Мөнгөнбаатар а.х.а –М.Бадарч а.а

31.  Б.Эрдэнэхүү а.х.а– А.Отгонбаатар а.а

32.  Н.Жаргалбаяр а.х.а–Ө.Сүхбат а.х.а

Гурвын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав–М.Баасанбат а.а

2.      П.Бүрэнтөгс у.ар–Б.Ганбаатар а.а

3.      Н.Батсуурь у.ар–Л.Батзориг ц.а

4.      Э.Оюунболд у.арс–М.Еркебулан а.а

5.      Н.Ганбаатар у.г–Б.Хаш-Эрдэнэ а.а

6.      Б.Гончигдамба у.г–А.Батмөнх у.н

7.      Ч.Санжаадамба у.з–Б.Ганзориг ц.а

8.      Б.Батмөнх у.з–Л.Гантулга у.н

9.      Ө.Бат-Орших у.х –М.Бадарч а.а

10.  Т.Өсөх-Ирээдүй у.х –Н.Жаргалбаяр а.х.а

11.  Б.Пүрэвсайхан у.х–Ч.Баянмөнх у.н

12.  Н.Батзаяа у.х –Б.Бат-Өлзий а.а

13.  Ө.Даваабаатар у.х –Т.Баасанхүү у.н

14.  Р.Пүрэвдагва у.ө.и.н –Б.Сангисүрэн у.н

15.  Б.Сугаржаргал у.н –Ш.Шинэбаяр у.н

16.  Б.Эрдэнэхүү а.х.а –О.Хангай  а.а

Дөрвийн даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав–Б.Бат-ӨАлзий а.а

2.      П.Бүрэнтөгс у.ар –О.Хангай а.а

3.      Н.Батсуурь у.ар –М.Бадарч а.а

4.      Э.Оюунболд у.арс –Н.Жаргалбаяр а.х.а

5.      Н.Ганбаатар у.г –Т.Баасанхүү у.н

6.      Б.Гончигдамба у.г –Б.Сугаржаргал у.н

7.      Ч.Санжаадамба у.з–Б.Сангисүрэн у.н

8.      Б.Батмөнх у.з –Б.Пүрэвсайхан у.х

Тавын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав–Н.Жаргалбаяр а.х.а

2.      Н.Батсуурь у.ар –О.Хангай а.а

3.      Ч.Санжаадамба у.з–Б.Сугаржаргал у.н

4.      Б.Пүрэвсайхан у.х–Т.Баасанхүү у.н

Зургаагийн даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав –Ч.Санжаадамба у.з

2.      Н.Батсуурь у.ар –Б.Пүрэвсайхан у.х

Долоогийн даваа

1.      Ч.Санжаадамба у.з –Б.Пүрэвсайхан у.х

/үзүүрлэсэн/               /түрүүлсэн/


URL:

Сэтгэгдэл бичих