2016: Сонгууль, АСЕМ, бас олимп…

1-5-2_700x700

2016 он гарлаа. Өнгөрсөн жилийг их хямралын дунд өнгөрөөсөн ч монголчууд маань шинэ оноо харин ч нэг нижгэр тэмдэглэж угтав. Амны бэлгээс ашдын билэг хэмээдэг нь энэ биз.

Үнэндээ 2015 он тийм таатай байгаагүй. Дайн тулаанаас бусад болж бүтэхгүй юм бүгд л болсон. Өмнөх жилүүдээс улбаатай засаглалын хямрал эдийн засгийн уналт руу хөтөлж нийтээрээ бүсээ чангалав. Албаны мэдээллээр 1.1 их наяд төгрөгийн  төсвийн алдагдалтай гарч, ажилгүй хүний тоо 10 хувь нэмэгдсэн байна. Мөн ам.доллартай харьцах төгрөгийн ханш зургаан хувиар унаж, монгол хүн бүрт ногдох гадаад өрийн хэмжээ 5.9 сая төгрөг болж өссөн.

Энэ бүхнийг дурдахын учир нь 2016 онд Оюутолгойгоос нэг тэрбум ам.доллар орж ирнэ. Тавантолгой, Гацууртын орд хөдөлж “ард түмний” амьдрал аятайхан болно гэсэн хүлээлтийг өнөөгийн улстөрчид бий болгоод байгаа юм.

Гэхдээ энэ бүхний орлого хаашаа урсахыг тодорхойлох чухал үйл явдал энэ жил тохионо. Тэр нь УИХ-ын ээлжит сонгууль. Энэ сонгуулиар зөвхөн дээрх мөнгө, ордын асуудал ч биш Монгол Улсын хувь заяа цаашид хэрхэхийг тодорхойлно гэж ойлгож болно. Учир нь үүсээд байгаа хямрал юунд хүргэх нь ихэээхэн бүрхэг байгаа. Хатуухан үнэнийг хэлбэл төрд суугаа эрхмүүд дураараа дургих шиг болж, тэднээс үүдсэн хямралд нэрвэгдсэн ард түмэн, олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрээд байгааг хэлэх хэрэгтэй.

Хэдхэн сарын дараа болох сонгуулийн тухай хуулийг УИХ шинэ жилийн өмнөхөн баталсан. Өмнөх хуулиас өөрчлөгдсөн зүйл бараг үгүй гэдгийг эрхэм гишүүд ярьж байгаа. Харин сонгуульд шинээр өрсөлдөх нам хийгээд нэр дэвшигчид УИХ-д орж ирэх боломжийг хаажээ. Ингэхээр өнөөдөр байгаа эрхмүүд “эргэж ирнэ” гэсэн үг. Энэ нь ч үнэн. Сонгуулийн хуулийг батлахын өмнөхөн АН, МАН-ын хар машины талаар хийсэн тохиролцоо зэрэг дээрхийг батална.

Гэвч ийм үр дүнг иргэд, олон нийт хэрхэн хүлээж авах бол. Намуудын рейтинг тийм ч сайнгүй байгаа. Байнга унаж байгааг судалгааны арвин туршлагатай байгууллага хүртэл гаргаад өгсөн. “Сант марал”-ын өнгөрсөн оны дундуур хийсэн судалгаагаар АН-ыг дэмжигчдийн тоо 18.9 хувь болж буурчээ. Өөрөөр хэлбэл, тэднийг буруу ажиллаад байна гэдэг судалгааг иргэдийн 51.5 хувь нь өгсөн байна. Харин МАН-ыг иргэдийн 27.3 хувь нь дэмжсэн бол 39.2 хувь нь буруу замаар явж байна гэжээ. Судалгаанд оролцсон иргэд “Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэдэг асуултад 38.9 нь МАН, 33 хувь нь АН, 18.9 хувь нь МАХН, 4.4 хувь нь ИЗНН гэж хариулжээ. Өнөөдөр дахин судалгаа авбал энэ үзүүлэлтүүд улам л буурна уу гэхээс өсөөгүй дүн гарна гэдэгт мөрийцсөн ч алдахгүй дэг.

Юутай ч ирэх сонгуульд “зэрэг горилсон” улстөрчдийн жагсаалт гараад эхэллээ. Ихэнх нь тойргоо сонгоод ажиллаад эхэлсэн дуулдана. Энэ сонгууль Монгол Улсыг хаагуур, хаашаа замнах вэ гэдгийг шийдэхээрээ тун чухал гэдгийг хэлээд байгаа судлаачид, туршлагатай улстөрчдийн үгийг онцолъё.

Энэ жилийн бас нэг чухал үйл явдал бол ирэх долдугаар сард Монголд болох АСЕМ-ын уулзалт юм. Ази, Европын орнуудыг нэгтгэсэн энэ байгууллагын 10 дахь уулзалт 2014 онд Италийн Миланд болох үеэр манай Ерөнхийлөгч “Улаанбаатарт уузацгаая, АСЕМ-ынхаан” гэж урьчихаад ирсэн. “Спортоор бол Монгол улс Олимпийн эрх авчихлаа” хэмээн тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алатнхуяг нар мэдэгдэж байлаа.

Улаанбаатарт болох АСЕМ-ын 11 дэх уулзалтад хоёр тивийн 50 гаруй улс орны төрийн тэргүүнүүд ирнэ. Тэднийг дагалдсан гээд нийт 4000 орчим хүн ирэх ажээ. Хямралын зудтай байгаа ч манайхан бэлтгэлээ базаасаар байгаа. АСЕМ-д зориулсан зам, зочид буудал гээд чадлынхаа хэрээр барьж бүтээцгээж байна. Сонгууль өнгөрүүт болох энэ уулзалтын үеэр төрийн алба, нийт үйлчилгээг зогсоож, улаанбаатарчуудыг хэд хоногт цэвэр агаарт “амраахаар” төлөвлөсөн гэж бас яригдаж байна.

Энэ уул­залтыг зохион байгуулахад нийтдээ 47 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тооцжээ. Мөнгө төгрөггүй, эдийн засгийн хямрал хамгийн доод төвшиндөө хүрчихээд байхад юун АСЕМ энэ тэр вэ гэх халаглал олон талаас ирж байна. Гэхдээ албаныхан өөр тайлбарыг хийж байгаа. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг “…АСЕМ ашигтай. Дээд түвшний энэ уулзалтын үр дүнд Монголтой бизнесийн чиглэлээр хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд эергээр нөлөөлнө. Бас уулзалтыг угтан бүтээн байгуулсан зам гүүр, зочид буудал бидэнд үлдэнэ” гэж байна.

2016 он бол Олимпийн жил. “Рио-2016” зуны олимпод манайхан ихээхэн найдлага тавьж байгаа. “Бээжин-2008” олимпоос хойш хийморь сэргэсэн монголчууд маань энэ жилийн олимпоос аваргын алтан медаль зулгаана л гэж үзнэ. Жүдо, бокс, чөлөөт бөх, бас буудлагаар Олимпийн шинэ аварга төрөхийг үгүйсгэхгүй. Сүүлийн жилүүдэд спортод хийж буй төрийн “хөрөнгө оруулалт” үр дүнгээ өгч л таарна. Тамирчид амжилтын эрэмбээрээ цалинждаг болсон. Цүнхээ үүрээд, заал хайгаад, бэлтгэл муутайхан тив, дэлхийн аваргын тэмцээнд морддог байсан цаг хэдийнэ ард хоцорсон. Нөгөө талаар спорт гэдэг ямар их эв нэгдэл, баяр бахархал вэ гэдгийг “Бээжин-2008”-аас жүдогийн Н.Түвшинбаярын хүртсэн Олимпийн аваргын анхны алтан медалийн хүч харуулсан. Тэр үед “хар” долдугаар сарын 1 болж, Монгол Улс нийтээрээ түгшүүр, хямралын байдалд орчихоод байсан. Түүнийг анагаасан нь Н.Түвшинбаяр нарын медаль байдаг.

Тийм ээ, энэ 2016 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль, долдугаар сард АСЕМ-ын 11 дэх уулзалт, наймдугаар сард Рио-2016 зуны олимп болно. Монголчууд хүлээж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих