Х.Баттулгыг “намнах” ажиллагаанд өмгөөлөгч Б.Батзаяа өртөв үү

afsfafaf

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяад холбогдох хэрэгт гадна, дотнынхныг хоморголон шалгаж байгаа. Тухайлбал, Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ”- ХХК-ийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЭЦГ-аас бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн цагдан хорьсон. Мөн эл хэрэгт холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Ингээд зогсохгүй Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Б.Батзаяатай холбоотой хэрэгт сэжигтнээр татсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох үйлдэлд дээрх хоёр иргэнийг шалгах шаардлагатай асуудал үүссэн.

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаад оны өмнө прокуророос харьяаллыг нь өөрчилж АТГ-т шилжүүлснээр Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр тооцсон. УИХ-ын гишүүн Х.Бат тулгын хувьд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг одоогоор хөндөөгүй” гэв. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч Б.Батзаяаг шүүхийн шийдвэрээр оны өмнө цагдан хорьжээ. “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Түүнийг 2013 онд мөнгө угаасан гэх асуудлаар шалгаж, “хар гэр”-т саатуулж байсан санагдана. Харин энэ удаа өмгөөлөгч Б.Батзаяаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хэнтий аймгийн Бигэр суманд бусадтай нийлж хууль бус ан хийж байсныг сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Үүнийг эх сурвалжаас лавлахад, Бигэр сумын цагдаагийн хэлтсийн дарга Г.Отгонжаргал “Хууль бус ан агнасан хэргийг шалгахад Бигэр сумынV багийн иргэн Д.Батжаргал хууль бус ан агнаснаа хүлээн зөвшөөрсөн. Иргэн Д.Батжаргалтай хамт 3-4 хүн явсан.

Түүний нэг нь өмгөөлөгч Б.Батзаяа байсан. Хууль бусаар хоёр буга, гурван чоно, нэг зэрлэг гахай агнасан иргэн Д.Батжаргалд хэрэг үүсгэж, хавтаст хэргийг аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Гэтэл тухайн хүн өнөөдөр орон нутагтаа ямар ч гэмт хэрэг хийгээгүй мэт аж төрж байгааг би гайхаж байна. Гэтэл түүнтэй хамт явсан хүнд хулгайн ангаар хэрэг үүсгэж, цагдан хорих дээрээ тулсан гэхэд эргэлзээтэй” гэв. Үнэхээр хулгайн ан хийсэн хүмүүсийг цагдан хорьж, ялладаг бол манай“томчууд” бүгд дээлээ нөмрөх байсан.

Хууль бус ан агнахыг эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэрэгт тооцож, дийлэнх тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Б.Батзаяаг хууль бус ан агнасан, мөнгө угаасан гэх хэргийн сэжүүр дор УИХ-ын гишүүн Х.Баттулга, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг өмгөөлснийх нь төлөө цагдан хорилоо гэж хардах хүмүүс ч байгаа юм.

Дээрх баривчилгааны гол хүн нь Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын“гар”-ын хүн, багийн гишүүн нь билээ. Тэд ажил, амьдрал дээр хамтрагчид гэдгээ баривчилгааны дараа олонд зарласан. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Б.Батзаяа манай багийн хүн учраас байр сууриа илэрхийлж байна.

Цагдаагийн даргыг хэн томилдог билээ. Та нар бодоод үз” гэсэн бол Б.Батзаяа “Монголын төмөр зам” ТӨХК, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Х.Баттулга гишүүний санал болгосноор ажилласан” гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр эл баривчилгааны ард улс төр өрнөж, АН-д албан тушаалын төлөөх тулаан хурцадмал байдалд хүрч, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “намнах” ажиллагааг эхлүүллээ гэж харах өнцөг ч бий.

Ер нь УИХ –ын ээлжит сонгуулийн хугацаа ойртох тусам улс төрийн хүрээнд баривчилгаа өрнөдөг. Х.Баттулгыг дээрх хэрэгт сэжигтнээр татаж буй нь түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжийг “боомилж” буй ч байж болох юм.

Ямартай ч, дээрх баривчилгаа цаашид хаана хүрч төгсөхийг хэлж мэдэхгүй нь. Б.Батзаяа ба түүний нөхөд бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасныг шүүх тогтоовол цөөнгүй хүн“хар гэрт” суухыг баривчилгааны зураглалаас харж болохоор байна.

Б.Цэцэгдэлгэр


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 January 2016

ТӨР хулгаич хорлон сүитгэгч авлигач нараасаа салж ядаж баихад УЛС төрийн ӨНГӨ аяс оруулах гээд ядчих юмаа? ЯДАЖ наадуул чинь нэг намынхан гэдгийг мэднэ биздээ?

Сэтгэгдэл бичих