Улаанбурханы өвчлөл нэмэгджээ

Улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. 11 сар хүртэлх насны хүүхдүүд, 15-25 хүртэлх насны сурагчид болон оюутнууд энэхүү өвчнөөр илүүтэй өвчилж байгаа аж.

Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна. Иймээс тус төвөөс дараах зөвлөмжийг өгч байна.
Тухайлбал,

-Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.

-Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.

-Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.

-Есөн сар болон хоёр нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолт вакцинд хамруулах,

-А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх.

-Амны хаалт зүүх,

-Даарахгүй дулаан байх,

-Гараа савандаж угаах нь зүйтэй.

Анхааруулахад, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул юун түрүүнд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй аж.

Мөн үүнээс гадна дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хүүхдүүдийн дунд салхин цэцэг гэх мэт тууралтат өвчин ихсэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Эдгээрээ урьдчилан сэргийлэхийн тулд биеийн дархлааг дэмжих эмчилгээнүүдийг гэрээр сайн хийх шаардлагатай байгааг зөвлөж байна. Хэрэв эдгээр өвчний шинж тэмдэг буюу халуурах, биеэр туурч эхлэх шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлгүүддээ яаралтай хандахыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих