Д.Сүрэнхорын эхнэрийн хэрэгт шинээр шинжээч томилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг Улаанбаатар Төмөр замын гал командын зүүн талын Нарны зам дээр Д.Сүрэнхорын эхнэр Д.Энх-Отгон 30 настай эрэгтэйг дайрч амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан.

Энэ хэргийн шүүх хурал болсон талаар мэдээлэл гарч байсан. Энэ талаар Тээврийн прокуророос тодруулахад тус хэргийг өнгөрсөн долдугаар сард прокуророос мөрдөн байцаалтад буцаасан байна. Түүнээс хойш Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа гэнэ.

Прокуророос хэргийг буцаахдаа шинээр шинжээч томилж хэрэг дээр ажиллуулах даалгавартай явуулжээ. Үүний дагуу дахин шинжээч томилж хэргийг шалгасан бөгөөд шинжээчийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан аж. Тэгэхээр хэргийг энэ долоо хоногтоо багтаан прокурорт шилжүүлэх гэнэ.

Осол гарах үед Д.Энх-Отгон УНН 70-20 улсын дугаартай “Toyoto vitz” маркийн автомашиныг согтуугаар жолоодож явсан байдаг. Тэрбээр талийгаач эрэгтэйг дайрсныхаа дараа УБТЗ-ын гал командын байрны зүүн талаас “Гермес” төвийн урд хүртэл 750 метр газар чирсэн болох нь цагдаагийн ажилтнуудын хэрэг бүртгэх ажиллагааны явцад илэрсэн билээ.

Түүнийг мөрдөн байцаах үед тэрбээр “Би маш их айсан. Тухайн үед яаж зугтааж гэртээ ирснээ санахгүй байна” гэсэн тайлбар мэдүүлгийг мөрдөн байцаагчид өгсөн талаар мэдээлэгдэж байсан. Тэгвэл шинээр шинжээч томилсноор хэргийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох бололтой.

Д.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих