Х.Уламбаяр: Ханиад, томууны хүндрэл ихэсч байна

Ханиад томууны тархалт хэр байгаа болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Х.Уламбаяртай ярилцлаа.

     -Хүүхдийн өвчлөл хэр байна вэ. Бага насны хүүхдүүд ханиад, томуунд өртөх нь их байх шиг?

-Сүүлийн таван жилийн дунджийг авч үзэхэд сүүлийн үед өвчлөл их нэмэгдэж байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдийн өвчлөл маш их байна. Дэлхий Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн өвчлөлийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тодорхой зөвлөмж өгч байна. Үүний дүнд өвчлөл хүндрэх, нас баралт харьцангуй буурч байна. Амьсгалын замын өвчлөл болон ходоод гэдэсний хямрал давамгайлах аястай байна. Есдүгээр сараас гурав- дугаар сар хүртэл амьсгалын дээд, доод замын үрэвсэл, зун, хаврын улиралд ходоод гэдэсний замын болон бөөлждөг, шингэн алддаг, өдөрт 10-20 удаа гүйлгэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн жил улаан бурхан өвчин маш их дэлгэрч, 21 аймаг, есөн дүүргийн ачаалал ихэссэн. Эмийн зохисгүй хэрэглээ, ард иргэдийн буруу хандлага, агаарын боирдолтой холбоотой амьсгалын замын өвчлөл буюу ханиад, томуу их байна. Эдгээртэй холбоотойгоор эмчилгээ хийлгэхэд дээрддэг байсан өвчин хүртэл дасан зохицох буюу антибиотект мэдрэг чадвар нь алдагдсанаас өвчин хүндрэх нь бий.

        -Ханиад, томууны шинж тэмдэг жил бүр өөр байдаг. Өнөө жилийнх ямар байсан бэ?

-Он гарснаас хойш амьсгалын доод замын өвчлөл ихэссэн. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн цээж хэржигнэж шуугих, өглөө оройд бөглөрчих гээд унтаж чадахгүй байна гэсэн зовиуртай их ирж байна. Энэ нь утаа тортог болон бага насны хүүхдэд зориулсан сиропын төрлийн буюу саахарын агууламж ихтэй эмийг хүүхдэдээ өгч байгаатай холбоотой. Түүнээс гадна эмчид үзүүлэхгүйгээр гэрээр, жоргүй олгодог эмийг дураар авч хэрэглэж байгаагаас антибиотект дасал болох, амь нас нь ч эрсдэх аюулд хүрч буй юм.

   -Одоо дэлгэрээд буй ханиад ямар эм, эмчилгээнд дарагдах вэ?

-Ханиад, томуу, уушгины хатгалгаа, бронхит гээд өөр өөр төрлийн өвчлөл дэлгэрч байна. Манайхан эмчид үзүүлээд бичиж өгсөн эмийг дахиад ханиад хүрэхээр “адилхан юм чинь” гээд хэрэглэдэг эсвэл хүүхдэдээ өгөөд байдаг нь буруу. Тэр тусмаа антибиотек. Ер нь антибиотек нян, бактерийг устгахаас биш вирусийг устгахгүй зөвхөн үрэвслийнх нь идэвхийг багасгаж дарангуйлах үйлчилгээ үзүүлдгийг ойлгох хэрэгтэй. Ханиад, томуу вирусээр үүссэн айвал антибиотек тухайн хүүхдийн дархлал биеийн эсэргүүцлийг улам унагана уу гэхээс ханиадыг эмчлэхгүй. Сүүлийн үеийн ханиадыг эмчлэхийн тулд аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаар оруулах, өвчлөлөөс сэргийлсэн тос түрхэх, шингэн зүйлийг энгийн үеэс 2-3 дахин их уулгах, тарваган шийртэйсүү уулгах, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх нь ханиад, томуунаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв ханиад, томуу хүрсэн тохиол- долд анхан шатны буюу өрхийн эмнэлэгт хандах шаардлагатай. Хүүхэд том хүнээс өөр гэдгийг үргэлж санаж, эм өгөхдөө биеийн жин, арьс гадаргуу, өвчлөл зэргээс хамаарч эмийн тунг нарийн тохируулдгийг эцэг, эхчүүд анхаараарай. Үндсэн суурь болгож барих эмчилгээ бол хүүхэд, том хүн гэлтгүй биеийн эсэргүүцлээ маш сайн анхаарч, тэжээллэг хоол, хүнс хэрэглэнэ. Олон нийт цугласан газраас хол байлгаж, биеийн дархлааг сайжруулахын тулд хүүхдэд нэмэлтээр витамин өгөх, дархлааг нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэх нь суурь эмчилгээ болно. Хамгийн чухал нь мэргэжлийн эмчид хандаж, өвчний шинж тэмдгээс хамаарч тохирсон эмчилгээг цаг тухайд нь авах шаардлагатай.

         -Эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Ханиад, томууны өвчлөл сар, улирлаас хамаардаг. Тухайлбал, 10-12 сард өвчлөл их нэмэгдэж нэг, хоёрдугаар сард харьцангуй гайгүй болсноо гуравдугаар сараас дахин нэмэгддэг. Манай эмнэлэг 75 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай Арваннэгдүгээр сард хам- гийн их буюу 140 хүүхэд хүлээн авсан. Үүний 90 гаруй хувь нь амьсгалын замын буюу ханиад, томуугаар өвчилж ирсэн. Тэгсэн хэдий ч өнгөрсөн жилүүдийн дунджаас энэ жил харьцангүй гайгүй байна. Учир нь, эрүүл мэндийн салбарын ажил ахиж , иргэд ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байна. Гэвч ханиад, томууны хүндрэл маш их байна. Ихэвчлэн таталт өгөх, маш өндөр халуурах, ухаангүй 2-3 хоног болох зэрэг хүндрэл нэлээд илрэх боллоо.

         -Ханиад хүрвэл яах вэ. Бага насны хүүхэд өндөр халуурахад юуг анхаарах вэ?

-Мэдээж ханиалгах, халуурах, нус гойжих шинж тэмдэг илэрнэ. Бага насны хүүхдийн халуун 35 хэмээс доош байвал “бие хөрөх” гэх бөгөөд хүүхдээ дулаалах хэрэгтэй. Хэвийн халуун 36- 37 хэм байх ёстой гэж үздэг. Гэхдээ хоёр хүртэлх сартай нярай хүүхэд 37-37.5-аас дээш хэм халуурвал амь насанд аюултай байдаг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хоёр сартайгаас дээш нярай хүүхэд 38.5 дээш хэм хүрвэл халуун бууруулах эм өгөх заалттай. Манайхан 37-38 хэм хүрэнгүүт эм өгөөд эхэлдэг. Ингэснээр хүүхдэд хавсарсан антибиотек хэрэглэж байгаа үед тухайн эм үр дүн өгч байна уу, үгүй юу гэдгээ ялгахаа байдаг. Нас биед хүрсэн хүний хувьд мэдээж нус гоожно, нүд нуухдаж улайж, нулимс гоожиж болно. Унтахад тавгүйтэх, үе үе халуурах, тасралтгүй хуурай ханиалгах, аль эсвэл өглөө оройдоо ногоон цэр гарах шинж тэмдэг илэрнэ. Энэ жил том хүмүүс хүндрэх тохиолдол их байна. Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандахаас эрхэм зүйл үгүйг хэль

М.Энх


URL:

Сэтгэгдэл бичих