Чоно хууль бусаар агнасан этгээдийг торголоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр зургаан чоно агнасан байсныг илрүүлжээ. Б хууль бусаар агнасан гурван эр, гурван эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанаас илрүүлж, хураан авсан ба зургаан сая есөн зуун мянган төгрөгийн нөхөн төлбөр тооцсон байна.

Монгол Улсын “Амьтны тухай” хуульд зааснаар нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнах ёстой. Харин ховор амьтдын жагсаалтад орсон ан амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнаж барьж болно. Нэн ховор ан амьтдыг агнахыг барихыг хуулиар хориглосон байдаг ба зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнахыг зөвшөөрдөг юм. Хуульд зааснаар нэг ширхэг чононд 120 мянган төгрөгийн төлбөр төлж агнах эрхийг авдаг байна. Тэгвэл зургаан чоно агнасан этгээд зохих зөвшөөрөл аваагүйгээс ийн хариуцлага хүлээлгэж байгаа юм.

Б.Төгөл


URL:

Сэтгэгдэл бичих