Ногоон дарь эх гурав дахиа алдагдлаа

Өндөр гэгээн Г.Занабазарын урласан түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг ямар нэг аргаар гартаа оруулах гэсэн атгаг санаатнууд хадгалж буй газар руу нь үе үе халддаг. Өнгөрсөн хавар л гэхэд гэмт хэрэгтнүүд Эрдэнэзуу хийдийн Далай ламын сүмд халдаж, Ганданзуу гэх бүтээлийг нь хятадуудын захиалгаар хулгайлах гэж байгаад баригдсан.

Харин уржигдар өглөө буюу 09.26-ны 05:00-07:00 цагийн хооронд Өндөр гэгээний урласан Ногоон дарь эхийг хулгайлсан хэрэг гарлаа. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдэд залсан уг бүтээлийг хулгайлж буй тохиолдол ганц энэ биш юм. Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн өгүүлснээр түүнийг хулгайлсан гурав дахь тохиолдол нь энэ болж байна. Өмнө нь тус сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б 2006 онд уг бурхныг хулгайлж, дуурайлган хийлгэж, хуурамчийг нь хийдэд залсан байсан нь илэрч, ял шийтгүүлсэн. Тэрбээр хулгайлсан бурхнаа тогтоол усанд нуусан байсан гэдэг.

Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2008 оны өвөл “Хожиндой” хочит С.Батжаргал, Я.Мөнхбат, С.Пүрэвбат нар Баруун Чойрын хийдийн манаач С-т буу тулган, хөгшин эхийнх нь хамт хүлж орхиод гэрээс нь болон хийдээс эд зүйл хулгайлан зугтсан юм.

Цагдаагийнхан манаач С-ын өгсөн дуудлагын дагуу Ажлын хэсэг байгуулан эрэн сурвалжилж гэмт хэрэгтнүүдийг Налайхын замд “Исүзү Бигхорн” маркийн автомашинтай явж байхад нь саатуулж, уг хийдээс алдагдсан эд зүйлийг тоо ёсоор нь хураан авч, хийдийнхэнд буцаан өгсөн юм.

Түүнээс хойш нам гүмхэн байтал ийнхүү гэмт этгээдүүд гурав дахиа халдлаа. Нутгийн иргэдтэй холбоо барихад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Энүүгээр цагдаагийнхан явж, сэжигтэй хүн ирсэн эсэхийг лавлаж байна. Ногоон дарь эх олдоно гэдэгт сүсэгтэн олон бид итгэлтэй байгаа. Учир нь өмнө нь хоёр ч удаа алдсан ч олсон. Хулгайч хэн ч байсан гэлээ бурхныг аваад нэг их холдож чадалгүй баригддаг. Тиймээс “амилсан” бурхан өөрөө хулгайчийг барьж өгдөг гэдэг юм. Ногоон дарь эх бурхныг алдах болгонд Баруун жанжин Чойр хийдийн хамба лам зүүдэндээ мэдэрч байсан гэдэг. Бурхан алга болсон шөнө хамба ламын зүүдэнд уг бурхан орж, хулгайд алдагдаж байгаа тухай мэдэгдсэн гэдэг” хэмээн орон нутгийн иргэд  өгүүлсэн юм.

Ногоон дарь эх бурхныг 1690-ээд оны үед Өндөр гэгээн Г.Занабазар урлаж анх Төвхөн хийдэд залсан гэдэг. Хожим 1691 онд Өндөр гэгээн Занабазар одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун жанжин Чойр хийдэд морилоод буцахдаа Ногоон дарь эх бүтээж хайрлахаа амлаж, бүтээж өгсөн нь хулгайд алдагдаад буй түүх, соёлын ховор дурсгалт энэ бүтээл юм.

Даваа гаригийн өглөө гарсан хулгайн хэргийн талаар ЭЦГ-ынхнаас тодруулахад, “Ийм хэрэг гарсан нь үнэн. Уг бурхан тохой хэрийн өндөртэй, алтан шармал, Өндөр гэгээний урласан бүтээл. Орон нутгийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран шалгаж байна. Одоогоор сэжиглэсэн хүн байхгүй” гэлээ. Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатараас лавлахад “Хэргийг шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сэжиглэсэн хүн одоогоор алга” гэсэн хариулт өглөө. Ногоон дарь эхийг Монголбанкны Эрдэнэсийн сангийнхан 500 сая төгрөгөөр үнэлсэн гэнэ.

Түүх соёлын хосгүй үнэт бүтээлийг бүртгэж, сэргээн засварлах үйл ажиллагаа явуулдаг Соёлын өвийн төвийнхөнтэй 16.40 цагийн үед холбогдоход “Дөнгөж сая ЭЦГ-ынхнаас энэ тухай мэдээллийг авлаа. Уг бурхан нь төрийн бус байгууллагад данстай. Гэхдээ манайд бүртгүүлсэн байсан” гэсэн юм.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих