НЭРСНИЙ ЧАНАМАЛААС ХОРДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

“Шавь” сургуулийн сурагчид үдийн цайнаасаа хордон эмчлүүлж байна. “Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шавь” цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид энэ сарын 23-нд үдийн цайндаа хордсон” гэх мэдээллийн дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодруулахад Баасан гарагт дүүргийн Эрүүл ахуй халдвар судлалын улсын байцаагч Цэрмаагаар ахлуулсан мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн эмч, Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар “Шавь” сургууль дээр очин, хүүхдүүдэд үзлэг хийсэн. Үзлэгийн дагуу нэг хүүхдийг ХӨСҮТ рүү хүргэн хэвтүүлснээс гадна орой нь хоёр хүүхэд эмнэлэгт хүргэгдэн ирсэн.

Одоогоор манай эмнэлэгт 6 хүүхэд эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал сайн байгаа” гэв. Тухайн өдөр тус сургуулийн үдийн цайнд нэрсний чанамал, нарийн боов, “Коко” десерт өгчээ. Тус сургуулийн дөрөвдүгээр ангийн 40 хүүхэд үдийн цайнд орсноос 10 гаруй сурагч бөөлжсөн учраас багш нар нь ХӨСҮТ рүү дуудлага өгсөн аж.

Тус сургуулийн цайны газрыг “Дархан-Уул” гэх компани түрээслэн ажиллуулдаг юм байна. Одоогоор цайны газрыг хааж, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс ажлын хэсэг байгуулагдан, хүнсний бүтээгдэхүүнд нь шинжилгээ хийж эхэлсэн байна.

Д.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих