В.Путины амь насыг хөнөөх гэсэн долоон оролдлого

Vladimir Putin

Хамгийн их дайсантай, хамгийн их занал хийлэлд өртдөг ерөнхийлөгчийн нэг бол Владимир Путин. Түүнийг Чечень болон Дундад Азийн лалын фундаменталистуудаас гадна сүүлийн үед Украйны бандеровчууд овоо хараандаа онилон амь насыг нь хөнөөхийг туйлын их хүсч байгаа нь нууц биш. Тиймээс түүний хамгаалалтын алба дээд зэргийн сонор сэрэмжтэй ажиллаж байгаа гэдэг нь тодорхой. Борис Ельциний үед КГБ-ын генерал Александр Коржаковын үүсгэн байгуулсан ерөнхийлөгчийн хамгаалалтын алба нь анх “Есдүгээр газар” нэртэй байсан гэдэг. Сүүлд нь буюу 2004 оноос энэ албыг “ФСБ” хэмээн нэрлэх болж, генерал Виктор Золотов гардан хариуцдаг болжээ. “ФСБ” буюу ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд “хар хувцастанууд” гэж нэрлэгдсэн 3000 залуу ажилладаг бөгөөд тэд ихэвчлэн есөн мм-ийн 995 гр жинтэй “Гюрза” хэмээх буугаар зэвсэглэдэг байна. Нэг магазиндаа 28 сум ордог уг бууны сум нь 50 мм-ийн зузаан сум нэвтэрдэггүй хантаазыг ч нэвт цохих чадвартай, олон хүн цугларсан газар зургаагаас долоон хүний биеийг, давхраар нь нэвт цохин гарах боломжтой учраас хамгийн аймшигтай зэвсэгт тооцогддог юмсанж.

Түүнчлэн ерөнхийлөгчийн хамгаалагчдын машин нь “АК-74”, АКС-74У”, “Рагунов” загварын мэргэн буудагчийн буугаар тоноглогдсон байдаг аж. Мөн тэд зөөврийн жижиг оврын “ОСА”, “ПСПД” болон “ПРК” загварын пуужин, гранат харвагчийг эзэмшдэг учраас бүхэл бүтэн батальоныг ч хэдхэн хормын дотор устгах чадвартай гэж үздэг байна. Хэдийгээр ийм айхтар хамгаалалттай ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдах гэсэн долоон удаагийн тохиолдол бүртгэгдсэн ажээ. Хамгийн анх 2000 оны 2-р сард Санкт Петербургт болсон Анатолий Собчакийн оршуулгын үеэр Оросын гэмт хэргийн бүлэглэлүүд түүний амь насанд халдах гээд бүтэлгүйтжээ. Үүний дараа В.Путин гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг өргөн хэмжээний баривчилгаа явуулж, 19 бүлэглэлийг илрүүлэн, толгойлогчдыг нь гэр бүл, үр хүүхдүүдийнх нь хамт автоматаар шүршин нам дарсанаар бусад бүлэглэл сарнин голлох гишүүд нь гадаад руу зугтан алга болсон юмсанж. Үүний дараа нь 2001 оны наймдугаар сард Крымын хойгт Симферополь хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дөрвөн хүн В.Путины хамгаалалтын бүсэд нэвтэрч чадсан ч гал нээж чадалгүй баригдсан байна.

Энэ Явдлаас хойш нэг жилийн дараа 2002 онд Азербайжаны нийслэл Баку хотноо айлчлах үеэр нь чечениүд түүний амь насанд халдахыг завдсан ч бүтэлгүйтжээ. Харин 2003 онд Путин Чеченийн нийслэл Грозный хотод хүрэлцэн ирж Разман Кадыровын тангараг өргөх ёслолд оролцох үеэр нэг оролдлого гарсан нь амжилттай болох дөхсөн аж. Чеченийн уулын бүлгийнхний тавьсан минанд өртөн амиа алдсан Ахмад Кадыровын хүү Рамзан Кадыров ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөх үеэр дайны улмаас хохирч тахир дутуу болсон тэргэнцэртэй охин Владимир Путинд зориулан өөрийн гараар цэцгийн баглаа гардуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Путин ч Чеченийн дайнд хэлмэгдсэн охины баглаа цэцэгнээс олны нүдэн дээр татгалзвал эвгүй гэж бодсон бололтой зөвшөөрч хамгаалалтынхан тэргэнцэртэй охиныг шалгалгүйгээр нэвтрүүлжээ. Гэтэл Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыровын бие хамгаалагч, ОХУ-ын баатар Рустам Махмудов охиныг В.Путинд хүрэхээс өмнө сагстай цэцгийг нь шалгаж үзмэгцээ дотор нь гар хүрмэгц дэлбэрэх доргигч бүхий гар бөмбөг суурилуулсан болохыг мэдсэн байна.

Оросын тусгай албаныхан уг бөмбөгийг гурван минутын дотор аюулгүй болгож, Владимир Путин бүхнийг мэдэж байсан ч мэдээгүй дүр эсгэн охиноос ажиллагаагүй болсон тэсрэх бодис бүхий цэцгийн баглааг олны нүдэн дээр гардан авч бяцхан шоу хийж байжээ. Харин дараа нь тэрхүү тахир дутуу охиныг хэрхсэн нь тодорхойгүй байдаг аж. Хэрвээ тэр үед Кадыровын бие хамгаалагч Рустам Махмудов /сарын дараа үл мэдэгдэх хүмүүст буудуулж амиа алдсан/ тэргэнцэртэй охиныг саатуулан шалгаагүй бол Владимир Путин гэдэг хүн 2003 оны найман сард Чечень улсад нас барах байсан хэрэг. В.Путины амь насанд халдах гэсэн хамгийн сүүлчийн оролдлого 2008 оны намар Орос Гүржийн дайны үеэр болсон байна.

mglclub.com


URL:

Сэтгэгдэл бичих