Мандатын хувиарлалт ГАЛ ДУУДАВ

527-1447644575b7e34c0bd5710f1abigСонгуулийн нэгдсэн хуулиа санал нэгтэйгээр баталсан АН, МАН-ынхан дахиад л зөрчилдөж эхэллээ. Шалтгаан нь сонгуулийн тойрог байгуулж, мандатын хуваарилалтаа хийх тухай. Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс сонгуулийн санал авах өдөр, тойрог, мандатын хуваарилалтыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байв.

 

Харин Сонгуулийн ерөнхий хорооноос 48 мандатын хуваарилалтыг 2012 оныхоор буюу нийслэлд 14, орон нутагт 34-ийг нь хуваарилах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байсан ч буцаан татсан нь МАН-ын бухимдлыг төрүүлж, АН-ыгаа хардахад хүргээд байна.

эшлэл

Мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг  харгалзана гэсэн Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн заалт байдаг. Зөвхөн хүн амын тоог харгалзаж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. Энэ нь хязгаар нутаг эзгүйрэх, төвлөрөл бий болж Монгол Улс хот улс болно.

Хүн аллын  48 хувь нь Улаанбаатарт байгаа. 2008 онд нийслэл 800 мянган иргэнтэй байсан бол оноодор нэг сая 314 мянгуулаа боллоо. Хүн ам 500 мянгаар оссон ч 2008 оны  жишгээрээ УИХ-д 14 гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн 500 мянган иргэн УИХ-д төлөөлөлгүй байна.

 

Сонгуулийн хуулийг баталсны дараахан нийслэлийн ИТХ- ын дарга Д.Баттулга хүн амын төвлөрлийг харгалзаж, тойргоос сонгогдох 48 мандатын 21-ийг хотод хуваарилах хүсэлтийг УИХ- ын дарга З.Энхболдод хүргүүлээд байсан юм. Гэвч энэ асуудал Байнгын хорооны босго даваагүй атлаа ийнхүү маргаан дагуулж эхэллээ. Учир нь, Сонгуулийн Ерөнхий хороотой хотын мандатыг нэмэгдүүлэхээр ярилцаж эхлээд байна.

 

Тойрог, мандатын хуваарилалтыг хөдөөд танаж, нийслэлд төвлөрүүлэхээр ярилцаж эхэлсэн хувилбараар хоёр хүнийг УИХ-д суулгаж ирсэн хэд хэдэн аймагт нэг мандаттай байхаар тусгажээ. Жишээ нь, 2012 оны сонгуулиар хоёр мандат хуваарилсан Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Баян- Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймаг тус тус ганцхан төрийн түшээтэй болох магадлалтай байгаа юм. Улмаар эдгээр аймгаас танасан долоон мандатыг нийслэлийн зургаан дүүрэгт нэмж хуваарилахаар ярилцаж байгаа гэх. Мэдээж Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байгаа нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйн хэрэг байх. Гэхдээ ингэж хуульчилж өөрчилсөн тохиолдолд МАН төдийгүй АН-аас нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүдийн дунд жинхэнэ утгаараа цусгүй тулаан өрнөх нь.

 

Жишээ нь, Хэнтий аймгийг дурдаж болно. Гурван мандаттай явсаар 2012 оны сонгуулийн тогтолцоогоор хоёр болж багассан тус аймагт горилогч олон. Энд МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Н.Ганбямба, АН-аас Ж.Оюунбаатар, М.Хүдэрбаатар нар нэр дэвшихээр хэдийнэ бууриа сэлгээд байгаа. МАН-аас гурав, АН-аас хоёр хүн гэсэн үг. Аль аль нь намдаа өөрийн гэсэн нөлөөтэй, нэр дэвшихээ эртнээс зарласан эрхмүүд.

 

Харин мандатын шинэ хуваарилалтаар тэдний нэг нь УИХ-д суух юм. Увсаас гэхэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд хоёр удаа УИХ-д сонгогдсон. Хоёулаа дахин нэр дэвших боломжтой авч нэгэнд нь л тойрогт өрсөлдөх эрх очих нь. Үүн дээр аймгийн Засаг дарга АН-ын автортой Д.Цэндсүрэн нэмэгдэнэ. Олон ястны өлгий нутаг гэгддэг Ховдод МАН-аас Д.Загджав, АН-аас Б.Пүрэвдорж, Д.Батцогт, Кёкүшюүзан Д.Батбаяр нарын нэр дуулдаж эхэлсэн. Үүгээр АН-ын гурван гишүүн нэг мандатын төлөө өрсөлдөх юм. Завхан аймагт одоогийн төлөөлөл Д.Оюунхорол, Я.Санжмятав нараас гадна Д.Балдан-Очир Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу гээд нэр дэвшигчдийн цуваа үргэлжилнэ. МАН-аас нэр дэвшихээр горилж буй дөрвөн хүн бий хэрэг. АН, МАН-ынхан эн тэнцүүхэн хуваалцсаар ирсэн Баянхонгор аймагт Х.Баттулга, Д.Ганбат, Г.Занданшатар нар дахин хүч үзэх нь тодорхой. Гэвч Х.Баттулга уу, Д.Ганбат уу гэдгийг АН-аас тойрог хуваарилах эсэхээр л шийдэхээр болж байна.

 

Зүүн хязгаар Дорнодод Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нарын гишүүд дахин нэр дэвшихээ илэрхийлж эхэлсэн бол тэдэнтэй хамт “Бишрэлт”- ийн Б.Ундармаа, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, П.Алтангэрэл нарын эрхмүүд өрсөлдөнө. Тэгэхээр Н.Номтойбаяртаа дахин итгэл үзүүлэх үү эс бөгөөс Б.Ундармаа, Д.Одбаяр нарын аль нэгэнд боломж олгох уу гэдгийг МАН-ын Бага хурлаар дэнслэх нь.

 

Энэ бүгдээс харахад орон нутгийн мандатыг танаж, нийслэлд төвлөрүүлсэн тохиолдолд АН, МАН-ын сонгуульд хэрхэн оролцохоос илүүтэй хоёр нам доторх нэр дэвшигчдийн дунд томоохон сунгаа өрнөх бололтой. Нэг мандаттай тойрогт нэр дэвших эрхээ авахын тулд нам доторх өрсөлдөгчөө хуулийн байгууллагад “матаж” барьж, хориулах замаар өөртөө ашигтайгаар эргүүлдэг улстөрч АН, МАН дотор цөөнгүй. Үнэндээ улстөрчид нам гэсэн малгайн дор нэгд дэг ч өөрийй ашиг сонирхол, амбийцдаа хөтлөгдвөл юу ч хийж мэдэхээр улс болохоор тэр.


URL:

Сэтгэгдэл бичих