Монголд цаасан мөнгө үйлдвэрлэх бололцоо бий гэв

Дэлхийн алдарт “КВА” концерн манай улсад зах зээлээ өргөжүүлэх, харилцаагаа шинэ шатанд гаргахаар түншлэгч байгууллагаа сонгожээ. Тус байгууллага нь хэвлэлийн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж буй “Эдмон” компани юм. Уг ажлынхаа эхлэл болгож “КВА” концерн нэгэн шинэ хэвлэх машин “Эдмон”-д хүлээлгэн өгөх ёслол өчигдөр боллоо.

“КВА” концерний зохион бүтээсэн хэвлэлийн машинаар аль тэртээ 1814 онд Английн “The Times” сонинг хэвлэснээр дэлхийн хэвлэх үйлдвэрлэлийн түүх эхэлдэг байна. Мөн том хэмжээтэй офсет хэвлэлийн машины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүн байр эзэлдэг гэнэ. Нээлтийн үеэр шинээр оруулж ирсэн хэвлэх машинаа ажиллуулж, анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж сонирхуулав. Энэ үеэр “Эдмон” компанийн ерөнхий захирал Р.Энхбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хэвлэлийн үйлдвэрлэл манай улсад өрсөлдөөнтэй салбар болжээ. Гэвч зарим нь хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоож байхад танай компани гадаадаас шинэ машин оруулж ирж байна. Хэр ирээдүйтэй гэж үзсэн бэ?

-Германы 200 жилийн түүхтэй анхны хэвлэлийн машин үйлдвэрлэгч “КВА” концерн машин, тоног төхөөрөмжөө манай улсад ийн суурилууллаа. Туршилтын журмаар эхний машин нь манай үйлдвэрт жил гаруй хугацаанд ажилласан. Өнөөдөр харин хоёр дахь машин нь байнгын ажилд орж байгаа нь энэ.

Таны асуулт үнэний хувьтай. Нэг талаар дижитал техник, интернет хоёр цаасан хэвлэлийг орлох болж, нөгөө талаар манай яам, тамгын газруудын тэжээвэр хэвлэхүүд бас эхнээсээ үүд хаалгаа барьж байна. Цаасан хэвлэлийн ирээдүй хумигдаж байгаа ч чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурахгүй гэж бид үздэг. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаа гэсэн үг.

-Сонгуулийн жилийг угтаж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж байгаа хэрэг үү?

-Тэгж хэлж болно.

-Манайд хэвлэлийн үйлдвэрүүд төрөлжиж эхэлсэн үү?

-Эхэлсэн. Төрөлжсөн хэлбэрээр л үйлдвэрлэл хурдацтай хөгждөг шүү дээ. Нэг хэсэг нь цаасан этикет хийж байхад нөгөө нь цөөхөн тоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол анхаарлаа чиглүүлэх жишээтэй. “КВА” нь дэлхийн хэмжээнд эргэлцэж байгаа цаасан мөнгөний 70-80 хувийг хэвлэдэг машин, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг юм. Энэ бол бахархмаар амжилт. Тиймээс бидэнд ч бас өөрийн оронд үнэт цаас, яваандаа цаасан мөнгө үйлдвэрлэх тийм өндөр түвшинд хүрэх бололцоо бий.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих