Огцрууллаа гээд сайн зүйл авчрахгүй

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн бариад байгаа билээ. Энэ асуудлаар “Давос”-ын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж байна вэ? Ер нь гишүүдийн гаргаж байгаа үндэслэлийг юу гэж үзэж байна вэ?

-Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа.

Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилтон дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй. Үнэхээр улс оронд ашигтай юм хийж байна уу, хортой юм хийж байна уу. Одоо цаг хугацаа маш чухал.

Нөгөө талаас нь авч үзвэл, маш олон асуудлыг энэ Засгийн газрын үед, энэ УИХ-ын үед, болж өгвөл сонгуулиас өмнө шийдчихмээр байна шүү дээ. Жишээлбэл, төрийг хариуцлагатай болгоё гээд би Улс төрийн намын тухай хууль оруулсан. Түүнийг буцааж байна. Төрийн албаны тухай хуулиа бид янзалж авмаар байна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг бид батлуулж авмаар байна. Гэтэл яг энэ асуудлууд шахагдаад ороод ирэхээр анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн нэг арга.

Нөгөө талаас, засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл. Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөг энэ явдлаа, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа дахин давтах хэрэггүй.

Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй.

Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог. Герман болон бусад улс оронд үүнийг бүтээлч хандлага, Засгийн газартай хариуцлага тооцож байгаа бүтээлч хэлбэр гэж үздэг. “Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй.

Одоо эдийн засгийн байдал хүнд байна, ард иргэдийн амьдралын байдал хүнд байна. Өнөөгийн энэ хүнд байгаа нь улстөржилтийн л үр дүн, улстөржилтийн л бүтээл. Нэг үгээр хэлбэл, популистуудын бүтээл шүү дээ. Өөрсдөө буруу гэрээ ч гэдэг юм уу, 34 хувь, янз бүрийн төрийн өмчийн оролцоо гэж хашгирч, хашгирчихаад, түүнийг бий болгочихоод, тэгээд тэр нь эргээд өр боллоо, тийм юм боллоо гээд байгаа популистуудын л бүтээл. Өнөөдөр хүмүүс цалингаа авч чадахгүй боллоо, амьдрал нь хэцүү байгаа, мөнгө төгрөг нь хүрэлцэж ядаж байгаа энэ бүх байдал бол өнөөдрийн утгагүй улстөржилтийн үр дагавар юм. Үүнд бид цэг тавих хэрэгтэй.

Ер нь энэ чиглэлээр бид хууль, эрх зүйн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Ялангуяа энэ бүтээлч чиглэл рүү нь би хувьдаа хууль санаачилж, УИХ-д өргөн барья гэсэн бодолтой байна. Одоо бид сургамж авах цаг болсон. Цэг тавих цаг болсон. Цаашид энэ асуудалд бүтээлчээр хандах хэрэгтэй болсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Эх сурвалж:”President.mn”


URL:

Нэр: зочин Огноо: 22 January 2016

Тарвагадоржийн утсан кукелтэй юмчин хамгаалахгүй яахав. Харийнханд баялагаа худалдахад нь гар хөл нь болж байгаа Сайханбалаг,Баярцогт нарыг хамгаалахгүй бол ажил нь бүтэхгүй ш дээ.

Нэр: Anonymous Огноо: 22 January 2016

saixanbileg bayrtsogt 2 toigoo xutlultsuud dalan davxariin jalgand buuduulax tsag irne. tuux davtagddag gedeg. 37 on……….. 17 on.

Нэр: ЦАГААН САР Огноо: 23 January 2016

ЗӨВ ШҮҮ

Нэр: zochin Огноо: 26 January 2016

Улс орны эдийн засгийн хөгжлийг хойшин татаж, гадныхны эрх ашгийг дээгүүрт тавьсан, хэтэрхий их шуналтай, мэдлэг чадваргүй хүмүүсийг төрөөс яаралтай гаргахгүй бол монголчууд бидний эрх ашиг, үнэт зүйл, амьдрал улам дордох болно Ухаалаг төр бол ухаалаг үнэнч төрийн түшээдтэй байх ёстой Төр ард түмнээс урвасан төрийн түшээдийг нэн даруй огцруулах нь ухаалаг төрийн ажил юм Улс орны тогтвортой байдал төрийн сайн түшээ болохоос хямрал бий болгодог түшээ биш гэдгийг мэддэггүй юм уу хэцүү байна даа

Сэтгэгдэл бичих