Тоогоо бодоорой, толгойгоо битгий маажаарай

Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийнхний амралт зугаалга арай гэж дууслаа. Ажлаа эхлүүлж ганц нэг хуралдсан боловч Х, У-тэй тэгшитгэлийнхээ хариуг олж чадалгүй таран одов.

Тоо бодоход толгой сэргэдэг байтал манай парламентчид эсрэгээр хөмсгөө атируулан, толгойгоо маажсаар л сууна. Одоо л тоогоо бодохгүй бол “хонх дуугарлаа” шүү. Энэ Парламентын сүүлчийн намар тул гишүүдийн хувьд хувь заяаныхаа эргүүлэгт тун дөхсөн түгшүүрт улирлыг эхлүүлж байна. Дөрөвхөн хоногийн дараа нээлтээ хийх УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ээлжээ хүлээж буй.

Төслийг УИХын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд батлах ёстой. УИХ-д хоёрхон сар гаруйн хугацаа үлдэв. Удтал хойшлогдсон, дуншиж ханадаггүйгээрээ Сонгуулийн хуулийн төсөл болоод цуглаж ярьдагг үй, зөвшилцөж бардаггүй Ажлын хэсгийнхэн энэ Парламентын “чимэг” болж байх шиг. “Таван төгөлдөршил”-ийг анх зарласнаас хойш дөрвөн жил өнгөрөөд байгаа бөгөөд 2008 онд бүрэлдсэн УИХ-ын гишүүдийн эр зориг, жудаг чанарыг шалгах томоохон сорил нь зөвхөн сонгуулийн шинэтгэл байлаа гэхэд хилсдэхгүй.

Ардчилсан Монголын нэн шинэ түүхэнд “долдугаар сарын 1” хэмээх цуст хуудас тэрлэгдсэн байхад сонгуулийн шинэ хуульдаа УИХ хоёрхон сарыг зориулах болж байна. Магадгүй үүнээс ч богино хугацаанд “шууруулах” дэндүү тулгамдсан цаг хугацааг далим болгож, хуучин хуулиа хэрэглэх арга саам хайж ч мэднэ. Х,У-ийн оронд тохирох тоог нөхнө буюу 30:46, 32:44, 34:42 “Тоо чухал биш” гэсэн тайлбарыг Ажлын хэсгийнхэн өгдөг. Мэдээж чанар чухал. Гэхдээ УИХ-ын сонгуулийн хуульд тоо бодохгүйгээр чанарын өөрчлөлт гарахгүй, шударга сонгууль болохгүй юм. Сонгууль пропорциональ, мажоритарын холимог системээр явах тухайд УИХ дахь намын бүлгүүд баараггүй тохиролцож дөнгөснөө том амжилт гэж үзээд байгаа.

Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг өдгөө нэг мандаттай тойргоос гарах УИХ-ын гишүүдийг Х, намын жагсаалтаар гарах гишүүдийг У-ээр тэмдэглэсэн тэгшитгэл зохиочихоод зогсонги байдалд саатаарахав. З.Энхболд гишүүний хэлснээр бол одоо Х,Уийн оронд тохирох тоог нөхөөд л гүйцээ. Хэд байх бол? АН-ын бүлэг анх 26 тойрогтой, 50:26 буюу пропорциональ давамгайлсан хувилбарыг санал болгосон боловч МАН-ын бүлэг үүнийг эрс няцаасан. АН буулт хийж, 38:38 буюу нэг мандаттай 38 тойрогтой байх, үлдсэн 38 нь намын жагсаалтаас сонгогдох хувилбарыг гаргаад байгаа билээ.

АН-ын энэ саналыг МАН-ын бүлэг хүлээж авах эсэхээ шийдэж байгаа сурагтай. 30:46, 32:44, 34:42 гэсэн хувилбаруудыг МАН-ын зарим гишүүн хэлж байна. Эдгээрээс хамгийн их яригдаж байгаа нь мажоритар давамгай 34:42 хувилбар болоод байгаа гэнэ. МАН хэрэв 34:42 хувилбараа АН-д санал болговол 38:38-д хамгийн их дөхсөн, сонгуулийн шинэтгэлийн төлөө хийж байгаа “сайн” гэж хэлж болох алхам болов уу. Сонгуулийн хуулийг гацаанаас гаргахад УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд дундын хувилбараа яаралтай тохирох шаардлага гарч байгааг гишүүд эрхбиш ухамсарлах биз ээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих