Б.Дуламсүрэн: Хориод аймгийн зуугаад сум зудтай байна

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад нөхцөл байдал ямар байгаа талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын нөхцөл байдал ямар байна вэ. Үнэлгээ хийснээс хойш зудтай аймаг, сум нэмэгдсэн үү?

-Улсын онцгой комисс, ОБЕГ-аас гарсан шуурхай бүлэг 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээг арванхоёрдугаар сарын 16-28 өдөр хийсэн. Тэр үед 16 аймгийн 50 сумыг зудтай байна гэж үзсэн. Үнэлгээ хийсний дараахан Засгийн газрын 480 дугаар тогтоол гарч, өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцийн салбар цэгүүдэд нэмж өвс байршуулсан. Тэр өвсийг малчдад хүргэх тээврийн зардлыг хүртэл шийдэж өгсөн. Мөн малчдад эмнэлэг болон шуурхай албаны тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд зарим аймгийн ОБГ, цагдаа, хүн эмнэлэгт автомашин хуваарилсан.

Биднийг зудын байдалд үнэлгээ хийснээс хойш зарим аймаг, орон нутгийнхан өөрсдийн газар нутгийн цаг улирлын байдлыг үнэлснээр зудтай аймаг, сумын тоо нэмэгдсэн. Одоогоор нийт 18 аймгийн 98 сум зудтай байна. Харин 20 аймгийн 111 сум цагаан зудтай байна. Бас олон улсын болон Улаанзагалмайн байгууллагаас орон нутагт үнэлгээ хийж байгаа.

-Малчдад хэчнээн тонн өвс, тэжээлийг хөнгөлөлтэй үнээр малчдад хүргэв ээ?

-Нийт 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж малчдад хүргэж байна. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчдад туслах үүднээс Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг гаргасан. Үүнийг аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээлэл болон үнэлгээнд тулгуурлаж хуваарилсан. Тухайн аймагт шаардлагатай өвс, тэжээл, хөрөнгө мөнгийг аймаг тус бүрт нь өөр өөрөөр шийдсэн учир орон нутгийнхан одоо өөрсдийн хүч бололцоондоо тулгуурлан ажиллаж байна.

-Тухайлбал,аль аймагт шуурхай албаны автомашин дутмаг байсан бэ?

-Баруун аймгийн нутаг уулархаг нутаггай, бартаа саад бүхий замтай. Тэндхийн зарим сумын иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээ шуурхай үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг талаар ярьж байсан. Тиймээс Баянхонгор, Завхан аймгийн Цагдаагийн тасаг, Булган аймгийн Хангал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын гал унтраах анги, Өмнөговь аймгийн Номгон болон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн эмнэлэгт шуурхай албаны автомашин өгсөн. Мөн Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олгосон. Олонх аймаг шатахуун түгээх станцууддаа өртэй, малын мах хямдхан байгаагаас малчид бэлэн мөнгөний хомсдолтой байна гэсэн үнэлгээ гарсан.

-Цас орж, хүйтний эрч чангарч буй энэ үед зам, даваа хаагдсан тохиолдол гарч байна уу?

-Өнөөдрийн байдлаар улсын болон орон нутгийн чанартай автозам, даваа хаагдаагүй. Өнөө жилийн хувьд цас ихтэй, орон нутагг зудтай байна. Иргэдээс ирж буй дуудлагын дийлэнх хувийг цасанд суусан, цасан шуурганаар төөрсөн зэрэг асуудал эзэлж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан учир ийм төрлийн дуудлага нэлээн хэд ирсэн. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Дундговь аймгийн Сайнцагаан сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт зорчих хөдөлгөөнд саад учирч, автомашин цасанд боогдсон тохиолдол гарсан. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Ногоон дов, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Шартын болон Бумбатын даваа хаагдсан. Түүнд орон нутгийн автозам засвар арчлалтын компанийнхан ОБГ-ын алба хагчидтай хамтран цасыг арилгаж, давааг нээсэн.

-Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад малын хорогдол гарч байна уу?

-Зарим аймаг, суманд тодорхой тооны мал хорогдсон мэдээ бий. Одоогоор нэгт-гэсэн дүн мэдээлэл гараагүй байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орлоо. Орон нутагт цасны зузаан ямар хэмжээтэй байна вэ?

-18-42 см-ийн зузаантай байгаа. Өвөлжилт хүндэрсэн зудтай аймаг сумдад цасны зузаан 42 см-т хүрч байна. Цасны зузаан өмнөх сарынхтай харьцуулахад эрчимтэй нэмэгдэхгүй ч цасны нягтрал их байна. Тиймээс бууцхөлдөх, малын бэлчээрт нэлээд хүндрэл учирч болзошгүй. Мөн бог малын хошуу, туруу зулгарч, цус шүүрэх, шархлах тохиолдол гарч байна.

-Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв ямар байна вэ. Иргэдэд анхааруулга мэдээ хүргэнэ үү?

-Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд ойрын хоногуудад нийт нутгаар хүйтэн хэвээр байна. Тухайлбал, маргааш баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 29-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Энэ сарын 31-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Энэ сарын 24-нд Ховд аймгийн Дуут сумын Шивэрт багийн 40 настай эрэгтэй малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага хүлээн авч, тус аймгийн ОБГ-ын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж олсон. Тиймээс малчид, ард иргэд болон тээвэрчид замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Зузаан хүнд хувцас өмсөх нь хүйтэнд хөлөрч, хөлсөндөө жиндэн осгох аюултай. Иймээс биед элбэг таардаг хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх нь хөлрөх, даарахаас сэргийлдэг.

С.Юмсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих