Та төгрөг гэж мэдэх үү?

Нэгэн залуу нэрийн хуудсаа намайг “Чингис хаан” гэж хэлж амжаагүй байхад халаасанд хийв. Онон гэх энэ залуу, баасан гарагийн орой 19 цагийн орчим Давосын хурлын төвийн хүлээн авах хэсэгт намайг угтав. Ингээд би түүний анхны зочин болсон бөгөөд энэ мөчид түүний сэтгэл догдолсон нь илт харагдаж байлаа. Тэрээр Монголын худалдаа хөгжлийн банкны удирдлагын зөвлөлд өндөр алба хашдаг бөгөөд энэ оройн хувьд “Монголын үдэш” цэнгүүний зохион байгуулагч нь юм.

Дэлхийн эдийн засгийн форумын далбаан доор хөгжиж буй энэ орон өөрийгөө сурталчилж байгаа нь танд инээдтэй санагдаж болно. Надад ч тэгж санагдсан бөгөөд бас энэ орой Монгол Улсын Засгийн газар хагас жилийнхээ маркетингийн төсвөө зарлагадсан байx гэж бодогдов. Тэнд мөн гэр барьсан байв. “Тал гэр учир зочид гэрийн доторхыг харах боломжгүй” гэж Онон ярьж байлаа.
Тэнгэр баганадсан барилгууд болон балетчин, рок одууд байдгийг харуулсан танилцуулгын кинонуудыг том дэлгэцээр энэ мөчид үзүүлнэ. Харин тэд хэн нь хэн бэ гэдгийг зөвхөн чөтгөр л мэдэх биз. Дэлхий даяар энэ улсыг нэг их тоодоггүй, бас мэдэхгүй. Энэ орой тусгайлан авчирсан бүжигчид тайзан дээр бүжиглэж, удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч ирнэ гэв.

Солиотой!

Хичнээн би Монголын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй ч бусдын адил монгол архиар хоолойгоо чийглэн түүнийг гарч ирэхийг хүлээн зогсов. Тэр зуур би яаралтай “Google”-ээр судалгаа хийв. Цахиагийн Элбэгдорж нь өөгүй ардчилсан үзэлтэн. Жинхэнэ ардчилсан хүн. 52 настай, мэргэжлийн сэтгүүлч, 1989 онд ардчилсан хөдөлгөөн байгуулснаа зарласан хүн юм байна. Үр дүнд нь гурван жилийн дараа тус улс шинэ Үндсэн хуультай болж, улс төрийн эрх мэдлийг хувааж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, парламентын удирдлагатай болсон. Хуучны социалист орнуудын дундаас Монголд хамгийн тогтвортой ардчилсан нийгэм бүрдсэн юм байна.

Цаг 19.30 ч болоогүй байхад Монгол Улс миний хувьд маш нааштай санагдаж эхлэв. Энэ нь архины нөлөө биш байлаа. За яахав, газар хөдлөх магадлал өндөртэй бүс нутаг биш байж, гэсэн хэдий ч, тус улсад унаж тусчихмаар юм бараг юу ч байхгүй. Тэр ч байтугай, нялхсын эндэгдлээр өндөрт тооцогддог улс бөгөөд магадгүй Улаанбаатар хотод нь дулааны траншейд хэдэн мянган залуу амьдардаг байж болох л юм.

Гэтэл бас нөгөө талаас нь харвал, Монгол Улс олон дээд амжилтыг тогтоосон. Жишээлбэл, дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ Казакстаны дараа хоёрдугаарт жагсдаг бөгөөд “википедиа”-гийн мэдээллээр, хүн амын нягтрал хамгийн багатай улс юм. Энэ нь барилга барих боломж маш ихтэй гэсэн үг. Гэхдээ л би хувьдаа энэ удаагийн чуулга уулзалт Монголд ач тусаа өгнө гэдэгт эргэлзэж байна. Харин Монгол Улс газар нутаг, байгалийн хувьд их сонирхолтой юм. Нийт нутгийн гуравны нэг хувь нь уулархаг. Уулархаг нутгаар нь ирвэс, мазаалай болон тахь нутагладаг.

Гэсэн хэдий ч олон нийтэд ардчиллын алтан шонхор гэгддэг Ц.Элбэгдорж нь одоо болтол хурлын зааланд орж ирээгүй л байна.

Түүнээс гадна буриад, халимаг гээд жижиг үндэстэн ястан байдаг. Тэд Монголын валют болох төгрөгийг хэрэглэдэггүй. Эдгээр үндэстэн нь Монголын нэг хэсэг боловч ОХУ-д харьяалагддаг. Нэгэн дуучин тайзан дээр дуулж байна бодвол Монголын Селин Дион бололтой. Хэн мэдэх билээ? Ер нь Орос, Хятадын хооронд орших энэ улсын талаар хэн юу мэдэх билээ.

Чингис хааны жинхэнэ нэр Тэмүүжин. Тэрээр хэзээ өнгөрсөн нэгэн цагт Монгол гүрнийг нэгтгэсэн нэгэн. 1227 онд түүнийг таалал төгсөхөд оршуулах ёслолд оролцсон 2000 хүн амь насаа алджээ. Учир нь хэн ч түүний булш хаана байгааг мэдэх ёсгүй байсан аж. Бичиг үсгийн хувьд сонгодог монгол босоо бичигтэй улс юм. Монгол Улсын нэрт зохиолч Ч.Галсан герман хэлээр бүтээлээ туурвидаг. Тэрээр Лейпцигт сурч байсан нэгэн юм. Ийнхүү удаан хүлээсний эцэст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирлээ.

Утсаа гарган зураг дарах гэтэл бие хамгаалагчдын нэг нь “No Photo please” гэж хориглов. Монгол Улсын нийт хүн ам Берлин хотын хүн амаас нэг их илүү гарахгүй. Гэхдээ л  бодоод үз дээ, Берлин хотыг танилцуулах сурталчилгааны үдэш хотын захирагчийн хамт Холливудын од зогсож байна гэж хэзээ ч төсөөлөгдөхгүй. Гэтэл энд “Tiger & Dragon” киноны од өөрийн найз олон улсын автомашины холбооны дарга Жан Toдтой одоо ч зогсож л байна. Ийм хэмжээний од магадгүй Монгол Улсын маркетингийн жилийн төсвийн нөгөө үлдсэн хувийг залгисан биз. Гэхдээ хэнд хамаатай билээ дээ.  Одоо, Ц.Элбэгдоржийг индэрт гарч “Монгол руу явах цаг болсон” уриан доор улсаа сурталчлах хүртэл бүгд л түүнтэй цуг инээлдэнэ.
Урьд хэзээ ч сонсож байгаагүй ч, магадгүй маргааш биш өнөөдөр гэрт амьдарч үзэх ч юм уу. Гэхдээ л өнөөдөр гэхээс нөгөөдөр л очиж үзэх нь дээр байх. Магадгүй эхлээд амралтаа Монголд өнгөрөөсөн нь дээр байх. Ямартай ч бага төгрөгөөр диваажинд очно гэсэн үг.

Энэ үдэш надад таалагдсан эсэхийг Онон эцэст нь асуув. Таалагдах? Мэдээж хэрэг, урам зориг хайрласан нь үнэн. Мөн Монгол Улс бол очиж үзэх газруудын нэг. Баярлалаа, Ц.Элбэгдорж танд! Баярлалаа, Онон чамд! Сайхан эмэгтэй болон архиар амжилттай сурталчилгаа хийж болдог гэдгийг баталсан орой байлаа гэж Томас Тума бичжээ.

Орчуулсан Х.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих