Англичууд С.Ганбаатараар аяга тавгаа л угаалгаж байсан, харин Монголчууд тархиа угаалгаж байна

12615201_1676917355920901_7267584477363693841_o

С.Ганбаатар хэмээх Монголын төрийн албаны бэлэн онош
@bolushka

Цэвэрлэгч ажилд авахдаа дээд боловсрол асууна.
Сайд болоход асуухгүй.
Цэрэгт явахад мэдрэл үзнэ.
УИХ гишүүн болоход үзэхгүй #гэнээ

Англичууд С.Ганбаатараар аяга тавгаа л угаалгаж байсан, харин Монголчууд тархиа угаалгаж байна. Үүнийг л нийгмийн хөгжлийн ялгаа гэнэ #гэнээ

Ямар нэг трэндийн ард иймэрхүү егөө гарцаагүй дагаж үүсдэг. Бичиг цаас их хураадаггүй, аливааг товч егөө, зүйр цэцэн үгэнд хураагуйлж, үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн нүүдэлчдийн цэц байх. Дээр эшлэсэн хоёр л гэхэд С.Ганбаатар гишүүний диплом тойрсон асуудал ганц хувь хүний биш төрийн албаны системийн асуудал онигоо болох хэмжээнд хурцдсаныг туйлын ончтой, егөөтэй илэрхийлжээ.

Ганбаатар сайн муу тухай маргаан хангалттай өрнөж байна. Гэхдээ энэ удаа хувь хүн миалах сайлахаар зогсохгүй энэ жишээгээр илэрсэн төрийн албаны бодит байдлыг дээр дооргүй ярьж шүүмжилж байгаа нь бас дэвшилтэй. С.Ганбаатар гишүүний фанатуудад эртхэн хэлэхэд энэ хүнийг ямар улстөрч болох, юу хийсэн бүтээсэн тухай хэлэлцэх санаагүй.
Түүний дипломтой дипломгүй хамаагүй, гол нь хууран олныг мэхэлж явсанд байгаа юм. Гомбо ч байна уу, Дамба ч байна уу, шалгахад хамгийн амархан диплом мэт дээр хүртэл бусдыг хулхидаж чадаад энэ орны хувь заяаг шийдэх багт багтах боломж оршин байгаа нь өнөөдөр яагаад Монгол ингэтэл доройтсоны гол шалтгаан бус уу!

Монголчууд уг нь харьцангуй боловсролтой. Бас чадвартай. Ижилхэн системээс олон орны оюутнууд төгсөөд гарахад илүү явна уу гэхээс дутуу явж харагддаггүй. Харин хамгийн шилдгээ толгойдоо тавих систем хөгжүүлж чадаагүйгээс болоод түүчээгүй галт тэрэг шиг тэнэж төөрч явна. Урд хөршөө л харъя л даа. Би “Капитализмыг алгасаагүй эрчүүд” номд Хятадын орчин үеийн соёл, шинжлэх ухаан, үйлдвэржилтийн нэг эцэг гэгддэг Жан Зиэниы намтарыг багтаасан. Түүний түүхийг судалж байгаад Хятадыг төрийн албандаа ямар чанд шалгуураар түшмэдээ бэлдэж ирсэн орон болохыг мэдэж авч билээ. Жан Зиэн гэхэд төрийн албаны түмэн давааг давахад залуу насаа зарцуулж, хамгийн дээд түвшний чүан-юуан эрэмбэд 4 дэх удаагаа өгөөд тэнцэхдээ нас сүүдэр 40 гарсан байдаг. 19-р зууны Хятад шүү дээ. Жан Зиэний хувьд сайн шалгаж авч байсандаа биш, шалгалтын агуулга, хэлбэр хоцрогдсоноос эх орон нь барууны 8 орны холбоотнууд, Японд үхтэл дээрэлхүүлж байгаагаа ухаарч, арай хийж оргилд нь мацаж гарсан албанаас сайн дураараа бууж аж үйлдвэрлэлийн хөгжилд зүтгэх болсон сонирхолтой түүхтэй. 21-р зууны Хятад төрийн албаны шалгуураа улам бүр чангалж байна. Өнгөрсөн 10 сард бүр төрийн албаны шалгалт дээр хуулж байгаад баригдвал 7 жил хүртэл шоронд суухаар хуульчилсан. Ердөө шалгуулах шатанд шипидвэл шорон явах, суудалдаа заларсан хойноо бүүр сайхан хээв нэг худлаа ярьсийн гээд сууж байх хоёрт асар их ялгаа байна аа? Хятад, Монголын сүүлийн 25 жилийн хөгжилд асар их ялгаа гарахгүй гээд яахав дээ.

Япон ч ялгаагүй. Хөгжлийн түүхэнд домог болсон Мэижигийн шинэчлэл. Шинэ засгийн газар угаас күнзийн нөлөөгөөр кастын систем дор бэлдэгдсэн фёодал анги дээрээ нэмээд баруунд бодлогоор сургасан залуусаа нэмж, бүр дургүй байхад нь хүртэл чангааж оруулж байгаад “тархи”-аа бүрдүүлсний хүчинд атаархмаар, аюумаар, биширмээр хурдаар модернизаци хийсэн. Модерн Японы эдийн засгийн загалмайлсан эцэг гэгдэх бизнесмэн, соён гэгээрүүлэгч Эичи Шибусаваг “8 сая бурхан тэнгэрийн заадалд улсын хөрөнгийг аривжуулъя хэмээн хурах цаг” гэж хамаг “бурхдаа“ төрийн толгойд татах цаг ирснийг хэлж ятгаж байгаад сангийн яамандаа татаж авсан байдаг. Өнөөх нь ч зүтгэсэн шиг зүтгэж хувьцаат компани, аж үйлдвэр, санхүүгийн системийг тохинуулж өгөөд бизнес, боловсролын салбар руу буцсан.

Хөгжлийн хурд, хүрсэн амжилтаар Мэижигийн шинэчлэлтэй өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа Сингапур байна. Ерөөсөө гол нууц нь хамгийн сайн сургасан хамгийн сайн хүмүүсээ төрийн албанд авах. Мeritocracy буюу хамгийн чадварлагаа удирдах албан тушаалд томилдог тогтолцооных нь талаар хэд хэдэн нийтлэл гарсан.

Өнгөн дээрээ найрамдалт боловч мөн чанартаа бүтээмжийн асар зэрлэг өрсөлдөөнтэй эрин үргэлжилж байна. Ийм цаг үед нэн ялангуяа followers буюу сүүлдэж гараанаас гарагсдаас амжилтад хүрсэн нь төрийн албандаа хулгайч, худалчийн зай гаргаагүй орнууд. Бүтээмжтэй эдийн засаг, тэрийг хийх хүнээ бүтээж чадах албатуудаар төрөө бүрдүүлээгүй цагт Давост мянга мөөмөө гаргаж гүйгээд, АСЕМ-д мянга мөнгө үрж, айргаараа дайлаад нэмэргүй.

Бид гэтэл сүүлийн сүүл мушгиж яваа атал рецедив нь ч гишүүн болчихдог, худалч хулгайч нь ч болчихдог, барилдаж явснаа ерөнхий сайдад бодлого заах ч болчихдог. Төрийн дээд алба, энэ улсын инститүүцийн гол тархи ийм байхад бусад алба нь ойлгомжтой мэт. Давосын мөөм ч бараг л Ганбаатарын дипломоос илүү том онош. Хэн ч орж болдог, тэгээд эргээд гаргах хөшүүрэггүй ийм том хогийн сав биднийг удирдаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан яавал эргэж гаргах тухай хяналтын тухай хууль хэлэлцэгдэхгүй гацаж байна. Одоо энэ хуулиа батлахаас гадна Ерөнхийлөгч болон хууль санаачлах эрхтэй хэн нэг нь анхнаасаа орох замыг нь ч шүүлтүүрдэх хууль санаачилж, гаргаж чадвал мянган үе нь машид жаргах асар том буян болох нь дамжиггүй. Бүх багаж хэрэгсэл хөгжсөн, иргэнийхээ худалдан авалт бүрийг хянах амбиц гаргаж чадаж байгаа ийм үед систем, шалгалт үүсгээд чанд сахиулаад явах гэдэг хүсэх л юм бол тийм хэцүү ажил биш байх. Хууль, системээс гадна хувь хүний ухамсар. Заримых нь хувьд 3 сая хүн (аа биш олон саяар хэлэхээр зүгээр статистик болчихдог гэдэг), 3 хүн, хүн бүр, хүүхэд бүрийн амьдралд нөлөөтэй газраас дутах ухаан гаргавал нэг насандаа гаргасан хамгийн буянтай шийдвэр ч болж мэднэ. Бодоод үз л дээ, чамайг наанаасаа дутах ухаан гаргаж, чаддаг нь орсон сон бол тэр гуравхан настай балчир охин эмнэлэгт үхэхгүй, дөрөвхөн настай цэцэг шиг охин зодуулж үхэхгүй байсан байж магадгүй шүү дээ, хэн ээ…
http://www.trends.mn/n/4924


URL:

Нэр: Isobel Tasto Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих