Юу хямарсан, юу хямраагүй вэ

Дэлхийн хоёрдугаар дайны дараахан улсад нь ядуурал газар авсан үед японы иргэд гэдсээ хурдан цатгахын тулд цагаан будааг тоолж иддэг байсан гэдэг. Гэлээ ч Японы иргэд улсаа хөгжүүлэхийн тулд үндэснийхээ үйлдвэр, дэлгүүрийн барааг өөрт шаардлагагүй байсан ч сүүлийн иенээ шавхаад авдаг байсан юм билээ. Тийн Японы үйлдвэр болон брендүүд дэлхийд гарах эхлэлээ тавьсан гэдэг: Монголчуудад ч мөн японы иргэдээс дутахааргүй улс орноо гэсэн сэтгэл байгаа нь саяхны нэг жишээн дээрээс харагдлаа.

AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалт  энэ онд манай улсад болно.  Дэлхийн хэмжээний Ази-Европын энэ уулзалт нь дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлдэг. Мөн Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй механизм билээ.  2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож буй.

Иймээс манай улсад болох уг уулзалт нэлээд чухал ач холбогдолтой. Саяхан AСEM-ын уулзалтын үеэр зочдод тоноглосон приус, хуягласан жийп машинаар үйлчлэх асуудлыг УИХ хэлэлцсэн. Улмаар 320-350 машиныг долоон тэрбум төгрөгөөр оруулж ирэх шийдвэр гаргасан. Гэхдээ гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлнө. Тэгвэл энэ мэт асуудалтай холбоотойгоорАсашёорюү Д.Дагвадорж ийм санаачлагыг гаргаж, твиттер хуудсаараа жиргэсэн. Тэрбээр “АСЕМ-ын уулзалтаар Японы зочдод би машин тэргээрээ үйлчилье.

С.Баярцогт Хятадын зочдод үйлчлээд явчих. Хуваагаад явчихъя”хэмээн жиргэжээ. Мөн нэлээдгүй иргэд унаагаараа үнэгүй үйлчлэх боломжтой, машин авах мөнгөөрөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг барь хэмээн сошиал ертөнцөөр мэдэгдсэн. Уг нь энэ санаачлагыг дэмжээд зохион байгуулалтаа сайн хийвэл  төсөв мөнгө хэмнэх сайхан боломж.

Харамсалтай нь эрхэм гишүүд аль хэдийнээ машин авахаар хэлэлцээд шийдчихсэн гэнэ. Гэлээ ч уг санаачлага Монголд улс төр, эдийн засаг хямарсан болохоос иргэдийн эх орон ч үзэл, эх орноо гэсэн сэтгэл хямраагүй, хямрахгүй гэдгийг илтгэлээ.

Ч.Сүх


URL:

Сэтгэгдэл бичих