Б.Чимид: Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах үнэт зарчмыг энэ хуулиар тогтоохыг зорьсон

УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү хуулийн төслийн эхийг боловсруулсан Монгол Улсын гавъяат хуульч Б.Чимидтэй ярилцлаа.

-Та Үндсэн хуульд хир халдаах дургүй. Гэтэл толгойтой бүхэн л энэ хуулийг өөрчлөх цаг болсон гэж ярих болж. Энэ нь хэн дуртай нэгний ярьдаг сэдэв мөн үү?
-Үндсэн хууль өөрчлөх гэж ярих ч яахав. Улиг болчихсон асуудал. Ер нь хуулийн тухай Монголд гаж сэтгэлгээ лавширч, эрх зүйн ухамсрын доройтол ихэсч байна уу даа гэж санаа зовох боллоо. Би эрх тушаал горилж явсангүй, тэгээд ч одоо цаг нь өнгөрсөн, хардах, атаархах шаардлагагүй болсон хүн. Нэг үгээр хэлбэл, олз ашиг, хайж ярих шаардлага надад байхгүй. Ялангуяа улстөрчид, тэр дундаа УИХ-ын зарим гишүүн өөрийгөө төр, түмний өмнө хэн болохоо ухаарахгүй, Үндсэн хуулийн талаар төр ёсонд хазгай, түмэнд хорлонтойгоор ярих, авирлах болж. Хүн уг нь мэддэг юмаа яривал, бас мэдэхгүйгээ мэддэг байвал зүгээр сэн. Гэтэл тэгдэггүй юм байна л даа. Уг нь улстөрийн өндөр албан тушаалтны үг хэл ихээхэн үнэ цэнэтэй, үр нөлөөтэйг мартаж болохгүй. Гэтэл манай улстөрчид, хууль тогтоогчдын хандлага, ер нь оюуны сахилга сайнаасаа саар нөлөөтэй байх нь элбэг болж. Төрийн албан хаагч, төрд алба хаахыг хүсч буй хэн боловч наанадаж тэрхүү хүчин зүтгэх гэсэн оршин буй төрийн байгууллыг хүлээн зөвшөөрч, хууль журмыг нь чанд сахиж баримталдаг, үүргээ үнэнч шударгаа биелүүлдэг байх ёстой гэж агуу сэтгэгч Аристотель хэлсэн байдаг. Үүнийг эдүүгээчилж, Монголын амьдралд буулгавал 1992 оны Үндсэн хуулиар бататгасан монгол төрийн байгуулал, түүний ёс журмыг УИХ-ын гишүүд, сайд нараас эхлээд багийн Засагдарга хүртэл сахиж, дээдэлж ажиллах учиртай.
Бид эрх зүйт төр байгуулж байна гэж лоозогнох мөртлөө түүний үндсэн зарчмыг тогтоосон төрийн гол хуулиа “будаа болгож” од болохыг оролддог. Уг нь УИХ Үндсэн хуулиа, Засгийн газар, түүний байгууллагууд, шүүх хоёр нь Үндсэн хууль ба бусад хуулийг чанд биелүүлдэг байх ёстой. Түүнийг л эрх зүйт төр гэж үнэлж болно. Гэтэл манайхан Үндсэн хуулийн нэр барьж, түүний сайн сайхныг магтан ардчилагчийн дүр эсгэж байж сонгуульд ялж, “Үндсэн хуулийг гуйвалтгүй сахин биелүүлнэ” гэж тангараг өргөчихөөд маргааш, нөгөөдрөөс нь элдвээр гоочилж үгүйсгэж эхэлдэг. Энэ бол улстөрчдийн, “нийгмийн өвчин” болчихоод байна. Ардчилал бол өөрөө чөлөөт байдлын хязгаарт байдаг зүйл. УИХ-ын гишүүн болчихвол энэ хязгаараас гараад явчихлаа, “намайг хэн юу гэхэв, нохойг хэн саах вэ” гэдэг шиг ам нь халж, тааж гуйвуулах, алд дэлэм худал ярьж олны анхаарал татахыг оролддог бололтой, зарим нь. Тийм хүний ядаж амны хэмжээ нь агшихаа, дийлдэхээ больдог аж. Ичмээр дамшиг. Жишээлбэл, захын наймаачин байсан хүн УИХ-д орж ирээд “Монголын бүх хууль цоорхой, бизнөс хийхэд их л саад тотгор болдог, Үндсэн хууль нь ийм муу юм чинь бусад нь аргагүй” гэх мэтийн юм яриад явж байх болж. Олон удаагийн парламентын “бүтээлийг” цоорхой шанагаар хутгаад яаж зөв үнэлэх вэ дээ.

-Та Ш.Сайхансамбуу гишүүнийг хэлээд байна уу?
-За тэрийг хэн гэж ойлгох нь хамаа алга л даа. Ер нь ганц хүн биш. Бизнес эрхлэх, эрх тушаал ахих гэхэд дур зоргоороо хандаж болохгүй болохоор л ингэж хэлэх гээд байх нь бий. Түүнээс биш хувийн өмч, чөлөөт хөдөлмөр, бие даасан аж ахуй эрхлэх зэрэг эдийн засгийн эрхийг нь бататгасан Үндсэн хууль бизнесийг хөгжүүлэхэд саад болно гэж юу байхав. Иргэн өмчтэй байж болно, аж ахуй эрхэлж өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж болно. Энэ эрхийг төр хамгаална гэж Үндсэн хуульд заасныг гүнзгийрүүлж ойлгоогүй л хөвж байгаа хэрэг л дээ. Ардчилсан ёсыг хэтрүүлбэл юу болдгийг иймэрхүү байдал л харуулж өгдөг аж. Манай эзотерик философич Сома “Грекийн гүн ухаантан Платон ардчиллыг хүлээн зөвшөөрдөггүй байсны учир юу вэ гэвэл тэрээр жирийн наймаачин төрд гарч, жинхэнэ сэтгэгч гудамжинд гарах бололцоог ардчилал агуулж байдагт оршино” гэж үздэгээсээ болсон гэж байна лээ. Монголд агуу их нь байхгүй юмаа гэхэд гүнээ сэтгэгчид зөндөө л бий. Төр барина гэдэг компани удирдахтай адилгүй. Ний нуугүй хэлэхэд, би эрх зүйн талаар ямар ч ойлголтгүй хүмүүстэй маргаад баймааргүй байна. Дуугарч л байг. Ш.Сайхансамбуу гэснээс тэр чинь “Монгол Улсын хөгжлийг 18 жил саатуулсан Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай болсон” ухааны ярилцлага өгсөн байна лээ. Юу ч гэх вэ дээ. Үндсэн хуулиар бататгасан эрх чөлөөт байдал, тэр дундаа өмч, бизнесийн эрх чөлөөг хамгийн их эдэлсэн хүний нэг нь энэ баян мөн баймаар. Хэрэв тийм биш бол Үндсэн хуулиас гадуур, хуулиудын заалтыг тойрч, зөрчиж явж хөлжиж баяжсан байж таарна гэж ойлгох болж байна уу.

-Үндсэн хууль улс орны хөгжлийг уяна гэж байх уу?
-Нийгмийн өөр байгуулал тогтоод байхад түүнд харшилсан хуучин Үндсэн хууль байгаад байвал тэгж хэлж болно л доо. Гэтэл бид чинь 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл баримтлалд нийцсэн хуулиа л мөрдөж байгаа шүү дээ. Тэгээд ч Үндсэн хууль нь улсын хөгжлийн зорилго, арга замын тухай хууль биш. Бүрэн эрхт тусгаар улсын өнө мөнх орших үндэс тулгуурыг л бататгасан хууль шүү дээ. Энэ бол Монгол Улс л гэсэн үг. Гэтэл “үүргээ биөлүүлсэн” ч гэх шиг юм ярьж болохгүй. Ер нь нэг бол намдаа жигүүр байгуулж баахан цоролзож байгаад албан тушаалд очоод таг болдог. Эсвэл хууль руу дайрч өөрчлөгч шинэчлэгчийн дүр эсгэж өөдөө гарч ирдэг хоёр хандлага байна аа даа. Үндсэн хуулийг ийм тоглоомын хэрэг болгож болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Харин юуг яагаад өөрчлөх гээд байгааг ухаарч буй юм алга. Хэлж ярьж буй нь сайд, гишүүн хоёр нэг байх уу, үгүй юу. Баг, сумын Засаг даргыгтомилох уу, сонгох уу. Хот тосгоныг засаг захиргааны нэгж болгох уу, үгүй юу гэх мэт гол төлөв эрх тушаал, эзэн суух арга зам хайсан асуудлаас хэтэрдэггүй. Албан тушаалд амар хялбар дөхөж очих эрх олж авах, хариуцлагаас мултарч болох арга хайсан тийм зүйлийн өөрчлөлтийг хийнэ гэж ярихаас биш хүн амынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоо, механизмыг сайжруулах, хүний эрхийгхангах, орон нутгийн эрхийг өргөтгөх, ядуу буурай, эмзэг хэсгийн аж байдлыг дээшлүүлэх гэх мэтийг бараг ярьдаггүй. Сонгуулийн албан тушаал, төсвийн мөнгө, орлого ихтэй хэдэн том уурхай дээр л бужигнаад байх болж. Ийм санаагаар Үндсэн хуульд халдах гэвэл аюул болно. Үүнд л ихэд санаа зовох юм.

-Гэхдээ л Таны цээжний мухарт Үндсэн хуулийг шүүмжилдэг хүмүүст хандсан гомдол цухалзаад байна аа даа?
Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл Монгол Улсынхаа сонгосон зам, тогтсон байгууллыг сольж өөрчилнө гэсэн үг. Үүнийг бол дэмжихгүй. Харин зайлшгүй шаардлагатай, нотлогдсон өөр гарцгүй асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулж бололгүй яахав. Энд шинжлэх ухаан хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дахинд шинжлэх ухааны олон салбар бий боллоо. Үндсэн хуулийн эдийн засаг, эрх зүйн мэдлэгийн томоохон салбар хөгжиж байх жишээтэй. Гэтэл манайд энэ тухайд дурсдаг хүн бараг үгүй. Ярих гэж хөгөө дэлгэх ч харагдах юм. Ашигт малтмалаа олборлож, овоо орлого мөнгө орж ирэх бололтой. Гэтэл мөнгө байхгүйн зовлонгоос байхын зовлон хэцүү юм. Хааш нь юунд зарахаа мэдэхгүй тэвдэж буй мэт. Мөнгөтэйн зовлон л гэнэ. Шаазгай зүү олоод хийх газаргүйн үлгэртэй адил. Ийм хариуцлагагүй төр барьж болохгүй. Бид зээлийн асар их өртэй. Нийгмийн шийдвэрлэвэл зохих асуудал хэдэн уул нуруу шиг хуримтлагдсан. Эхчүүдийн төрөх байр, эмнэлгийн оношлогооны төв, суман дахь эрүүл мэнд, боловсролын материаллаг бааз, ажлын байр, иргэдийн орон сууц, ахуйн нөхцөл гээд хэрэгцээ шавхагдашгүй. Ингээд бодохоор юун мөнгө илүүдэх тухай зүүдэлж ч болохгүй. Харин урьдчилсан төсөл төлөвлөгөөтэй л байх нь зүйтэй. Ажлаа мэдэхгүй байна гэхээр тийм биш, илүү зарснаа өөр зорилгоор хуваарилах гэж тархи угааж байгаа юм уу гэж хардмаар. Ийм хүмүүсээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж бодохоор итгэл, сэтгэл хүрэхгүй байх юм даа. Түүнээс биш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэж муйхарлан зүтгэж байгаа юмгүй. Итали зэрэг оронд парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болбол тэр парламент биш, шинээр сонгогдсон дараагийн парламент уг нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталдаг хуультай байдаг. Өөрөөр хэлбэл, “өөрчлөх” гэж хорхойссон хүмүүсээр биш ашиг сонирхлын зөрчилгүй бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлдэг гэсэн үг.

-Үндсэн хууль 18 настай. Зарим заалтыг өөрчлөх, тодотгох санаа оноо олон жилийн өмнөөс эхтэй. Үндсэн хуулийг өөрчилнө гэж хий хоосон ярихын оронд ямар нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болохыг хуульчилбал яасан юм бэ. Ер нь Үндсэн хууль ч гэлтгүй бусад хууль дагалдах процессын хуультай байхын ач холбогдол юу вэ?
-Хууль олон янз. Хэм хэмжээнийхээ хувьд материаллаг буюу эдлэг, процессын буюу хэлбэрийн хууль гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Үндсэн хууль гэж байхад Үндсэн хуулийн янз бүрийн салбарын үндэслэл заалтыг яаж хэрэгжүүлэх журмыг тогтоосон хуулиуд байх хэрэгтэй. Манай хууль тогтоомжид социализмын үеэс удамшсан “хууч өвчин” байдаг. Тэр нь хуулиа хэрэгжүүлэх үйл явцын буюу “процессын журам” нь бараг байдаггүй явдал. Барууны эрдэмтэд “Танай хууль процессын үндэсгүй учир хэрэгждэггүй” гэж шүүмжилж ном зохиол хүртэл бичсэн байдаг. “Танай хууль яагаад биелдэггүй юм бэ гэвэл яаж биелүүлэх журам нь байхгүй юм аа” гэж. Нэг нь хэн, юу хийх вэ гэхийг заадаг, нөгөө нь түүнийг хэн, хэзээ, яаж, ямар арга, хэлбэрээр биелүүлэх вэ, тэр явцад ямар нэг маргаан тэмцэл, осол цалгар явдал гарвал яах вэ гэх мэтийн асуудлыг зохицуулдаг хууль юм. Тиймээс Үндсэн хуулийг амьдруулдаг хууль нь Үндсэн хуулийн, процессын хуулиуд юм. Ялангуяа манайх шиг дураараа хадуурдаг, зоргоороо хууль томъёолдог, хувийнхаа бодлыг хуульд оруулчих хүсэлтэй хүмүүст ийм эрхийг хэмжээ хязгааргүй олгож болохгүй. Би Үндсэн хуулийн процессын талаар маргаж, зарим докторуудтай ч зөрдөг хүн. Жишээлбэл, газар олгох ажил “ил тод” байна гэдэг. УИХ-ын гишүүд том том газар авчихсан байхад жирийн иргэнд газар олдохгүй лаг шавар дунд хашаа хатгаж, гэр барьж, үерт автаж “Тусгай салаа”-ныхнаар гэрээ нүүлгүүлж байх янзтай. Уг нь тэр ил тод, эрх тэгшийн зарчмыг чинь яаж биелүүлэхийг газрын процессын хуулиар журамлах ёстой. Тэгэхээс биш Үндсэн хуульд энэ мэтийг заахгүй шүү дээ. Процессын хууль бол зарчмыгтунхаглах биш харин нэгэнт тунхагласан зарчмыг биелүүлэх арга зам, хариуцах эзэн, цаг хугацаа, үүрэг хариуцлага, болзошгүй сөрөг үзэгдлээс сэргийлэх, маргаантай асуудлыг зөв гарц олж шийдэх журмыг л тогтооход чиглэж байгаа юм.

-Анх Үндсэн хууль батлахдаа процессын хуулийг баталж болоогуй юм уу?
-Та нар яг тэгж л асууна л даа. Тийм боломж байхгүй л дээ. Олон жилийн практик цуглуулж байж л үүнийг хийнэ шүү дээ.

-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуультай болъё гэдэгтэй санал нийлдэг биз дээ?
-Дээр хэлсэнчлэн Үндсэн хууль өөрчлөхөд ийм осол гардаг учраас Үндсэн хуульд “нэмэлт, өөрчлөлт оруулах” асуудлыг нарийн журамлая гэдэгт миний бие санал нэг байдаг. Н.Багабанди өрөнхийлөгчийн үөэс оролдлого эхэлсэн ч онол практикийн гүн гүнзгий үндэслэл болж чадаагүй. Харин 2009 оны арванхоёрдугаар сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн дэргэд эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан дэд хэсгийг бас байгуулж надаар ахлуулсан, Энэ хэсэгт акадөмич Ж.Амарсанаа, С.Нарангэрэл, шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, хууль зуйн доктор Д.Солонгоо, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Ж.Нарантуяа зэрэг хууль боловсруулах онол, практикийн дадлагатай хүмүүсийг томилсон. Ажлын хэсэг нэлээд ажил хийсэн шүү.

-Та бүхэн хэчнээн орны ижил төрлийн хуулийг судалж үзэв. Боловсруулсан үзэл баримтлалыг ажлын хэсэг тэр чигээр нь хүлээж авсан уу?
-Бид нийтдээ 120-иод улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой суурь зарчим, үндэслэл,    заалтыг    түүж судалсан.    Гэхдээ   үүнийг “судалсан, мэдсэн” гэж хэлж болохгүй. Хуульд байгаа нэг өгүүлбэр, ганц үг цаад талдаа шинжлэх ухааны асар том ойлголтыг тээж явдаг. Тэрийг мэдээгүй цагт хуульд байгаа өгүүлбэрийг уншчихаад юм уу цээжилчихээд тэгдэг, ингэдэг гэж яривал цэцэрхсэн хэрэг болдог. Тийм  учраас  бид  гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүйн ном зохиол, эрдэмтдийн бичсэн өгүүлэл тэргүүтнийг уншиж судалсан. Тэгээд үе үе ярилцаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн журмын төслийн үзэл баримтлал гэх 20 гаруй хуудастай баримт бичгийг боловсруулж УИХ-ын хувьд “яс дагаж мах” гэдэг шиг мөлжүүрээсээ төсөлд тусгасан гэж санана. Сүүлийн үед амьтан хүний хүсэлтээр Үндсэн хуулийн тухай байн байн нэлээн ярьсан учраас “Чимид гуай ярих нь улиг болсон” юм биш байгаа даа гээд зугтаахыг бодох болж. Энэ нь зарим хүнд таашаалтай байгаа тухай чих дэлссэн. Чимидийг ирүүлж хэрэггүй, дүрсийг нь зурагтаар гаргаж болохгүй гэж ярьдаг сайд, дарга байна шүү дээ. Буруу яриад байгаа бол тэгэх нь зөв л дөө. Зарим нөхөд 1992 оны Үндсэн хуулийг Чимид гуай “хар ухаанаар хийчихсэн” юм гэх хачин жигтэй юм зурагтаар ярихыг сонсоод чихэндээ итгээгүй шүү. Ямар ч сургууль төгсөөгүй, тусгай боловсрол, мэргэжилгүй атлаа юмны голыг олоод хэлчигдэг өвгөд, ахмадууд байдаг даа. Тэрийг л хар ухаантай гэж хэлдэг болохоос өвчинд онош тавьж байгаа их эмчийг хар ухаанаар онош тавилаа гэж хэлдэггүй биз дээ. Харин гүйх ухаан сайтай, муутай гэх нь бий. Ингэж хэлэхийг би доромжлол юм уу гэж ойлгож байна. Уг төслийг бид НҮБ-ын экспертүүдийн төвшинд хийлцэж байсан шүү. Үндсэн хууль хийлцсэн тухайд би чинь улсын их сургуульд 10 янзын хичээлийн өдрөөр 13, цагаар 20 жил зааж байгаа, мэргэжлийн 20, 30 ном бичсэн, хэдэн доктор “төрүүлсэн” хүн шүү. Одоо би өөрийгөө магтлаа, даруу биш гэж хэлүүлэхээс эмээхгүй байна. Угтаа бол өөрийгөө хамгаалж байна л даа. Тэгэхээр хар ухаанаар бичнэ гэж юу яриад байгаа юм. Бид өдөр алгасахгүй шинийг мэдэхийн төлөө ажиллаж байгаа ч гэсэн хөгжлийн хурдаас яах аргагүй хоцорч, хожигдож байгаа нь үнэн. Харин УИХ-ын дарга тэргүүтэн биднийг энэ ажилд оролцуулж буйд талархаж байна. Шинжлэх ухааны, судлаачдыг үнэлдэг, мэргэжилтнийг ойшоодог болох нь ээ гэж. Дэмбэрэл дарга нь зовлон үзсэн юм болохоороо хамаагүй муйхарлан дайрахгүй байх шиг байна. Хэлчихмээр, захимаар, анхааруулмаар, осол цалгар явдлаас авармаар зүйл их харагдах юм. Нас дагаж туршлага, мэдлэгийн аль аль зохих хэмжээгээр нэмэгддэг бололтой. Энэ ч утгаараа залуустай гар нийлэн ажиллаж, тэдний мэдлэг туршлагаас хуваалцаж байна.

-Хуулийн төсөлд яг ямар зохицуулалтыг тусгасан нь сонирхол татаж байна. Нэмнэ, өөрчилнө гэдэг ч тусдаа ойлголт байх?
-Дандаа хууль зүйн нэр томъёо, шинжлэх ухааны хэлээр бичсэн хэдэн зуун өгүүлбэр бий. Үндсэн хууль “өөрчлөх” ба “нэмэлт, өөрчлөлт” оруулах гэдэг нь зарчмын эрс өөр ойлголт гэдгийг онцолъө. Өөрчилнө гэж хуулийг бүхэлд нь халахыг хэлдэг. Энэ нь бидний хуулийн төсөлд хамаагүй, Үндсэн хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтад байхгүй шинэ томъёоллоор зохих бүлэгт оруулж буй зүйл, хэсэг, заалтыг Үндсэн хуулийн нэмэлт гэнэ. Харин мөн хуулийн зохих бүлэг, зүйл, хэсэгт нэгэнт байгаа заалтын нэр томъөог тодруулах, найруулгыг сайжруулахаар оруулж буй эаалтыг өөрчлөлт гэнэ. Өөрөөр хэлбэл, уг зүйлийнхээ үзэл баримтлал, үндсэн агуулгыг зарчмын хувьд өөрчилсөн байж болохгүй. Энэ бол гарааны асуудал юм. Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах нь зарчмын ялгаатай гэдгийг Канадын эрдэмтэн Альбөрт дэлхийн хэмжээнд судалж маш нарийн тодорхойлсон, Тэр судалгааг манай ажлын хэсгийн нэг доктор орчуулан нийтэлж байгаа.

-Журмын хууль нэг талаар Үндсэн хуулийг дархлаатай болгох, тогтвортой байлгах зорилго агуулж байгаа гэж ойлгож байна.
-Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах үнэт зарчим, арга хэрэгслүүдийг энэ хуулиар тогтоохыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хэсэгхоригтогтоосон. Хэн дуртай нь, аливаа улстөрийн бүлэг, нам, холбоод явцуу ашиг сонирхлын үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн оролдлогыг хаах, улс орноо Үндсэн хуулийн хямралгүй байлгахын тулд зайлшгүй хориг хязгаарыг тогтоох нь зайлшгүй чухал юм. Нэмэлт, өөрчлөлт оруулах нэрээр Үндсэн хуулийн оршил, үндсэн бүлгүүдийн дугаар, тодорхойлолт буюу нэрийн томъёоллыг бүхэлд нь өөрчлөх, шинэ бүлэг нэмэх, хуучныг хасч нэгтгэхийг хориглоно. Энэ талаар УИХ дээр цаанатай, наанатай хандах байх л даа. Нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгээр далимдуулж шинэ хууль хийчихэж болохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь уг хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчилж үл болно гэсэн хоригийг мөн тавьж байгаа. Жишээлбэл, бүрэн эрхт тусгаар тогтносон бүгд найрамдах улс, засгийн эрх ард түмний мэдэлд байна, Монгол Улс нэгдмэл улс бөгөөд засаг захиргааны нэгжид хуваагдана гэх мэт заалтыг өөрчилж огт болохгүй. Мөн Үндсэн хуульд хүний эрхийг дордуулсан ямарваа нэмэлт, өөрчлөлт оруулах хориотой.

-Тэгвэл ямар тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй вэ?
-Үндсэн хуульд зааснаар онц ба дайны байдал тогтоосон нөхцөлд өөрчилж болохгүй. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор нэмэлт оруулахыг хориглосон. Нэгэнт оруулсан нэмэлт, өөрчлөлтийгэнэ тухайн хууль хүчин төгөлдөр болсон он, сар, өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар дахин оролдохгүй. Хэрвээ онц ба дайны байдал гарлахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эхэлсэн бол уг ажиллагааг түдгэлзүүлнэ.

-Ер нь хүссэн хүн болгон өөрчлөөд байхааргүй босго тавьж өгсөн гэсэн үг үү?
-Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн бүтцэд харшилсан зүйл заалтыг өөрчилж болохгүй гэдгийг зохих зүйл хэсгээр түүж хуулийн төсөлд оруулсан. Тийм учраас оруулах бүлэг, зүйл, хэсэг, заалтын үзэл баримтлалыг үнэн зөв тайлбарлаж, УИХ нэгдмэл ойлголтод хүрсэн байна. Энэ мэтчилэн бичил хоригууд бий. Нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцын журам ямар байлаа ч гзсэн одоогийн баримталж байгаа. Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйлийн нөхцөл, болзолд бүрэн нийцсэн байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагааны үндсэн зургаан зарчмыг тодорхойлсон. Үндсэн хуулийг дээдлэн сахиж, түүний тогтвортой байдлыг хамгаалан хангах ёстой. Ард түмний бүрэн эрхт байдлыг хангаж, бодитой байх, ил тод байх, иргэдийн оролцоогхангах гэсэн зарчим тус бүрийг яаж хэрэгжүүлэх арга хэлбэрийг тогтоосон. Эдгээр нь бие даасан, эрх зүйн ай / категориуд/ юм. Үүнийг мань эрүүд /хууль санаачлагчдыг хэлж буй бололтой, сурв/ товчилж найруулаад хоёр гуравхан болгох нь уу гэж сэжиглэсэн. Хуулийн нэг зүйл нэг л утгатай байх ёстой. Хууль зүйн текник гэж мундаг шинжлэх ухаан бий. Хууль боловсруулах, тогтолцоожуулах, хэлэлцэх, батлах, нийтлэх, хэл найруулга, хуулийн зүйл, бүлэг, өгүүлбэрийн бүтэц хүртэл нэг маягийн, нэр томъёо нь давхардалгүй, салаа утгагүй байх зарчимтай. Үндсэн хуулийг анх хэлэлцэж байхад С.Баярын “Утга зохиолд нэг үгнээс мянган утга цацардаг бол хуулийн нэг үгнээс нэг л утга гарна” гэж хэлсэн нь санаанаас салдаггүй. Тийм учраас хуулийн бүлэг, зүйлийг хурал зөвлөгөөний илтгэл, тогтоол, удирдах хүмүүсийн хэлсэн үг, эх зохиолыг нийлүүлж нэгтгэж байгаа юм шиг товчилж болдоггүй.

-Та сая ил тод байх, олон нийтийн оролцоог хангах зарчмыг дурдлаа. Олон нийтийн оролцоог баталгаажуулсан ямар заалтууд хуулийн төсөлд туссан бол?
-Цоо шинэ зүйл юу вэ гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийгоруулах, хэлэлцүүлэх явцад олон түмэн, улстөрийн намууд бие даан оролцсон байх, нам, олон нийтийн байгууллагаас саналаа тайвнаар илэрхийлэхэд хууль зүйн ямар нэг хязгаарлалт тавихыг хориглох гэх зэрэг. Үндсэн хууль ердийн хуулиас ямар ялгаатай вэ гэвэл нийгэм дэх улстөрийн хүчнүүдийн тэнцлийг зөв илэрхийлсэн байх ёстой. Хоёр нам л хүч түрэмгийлэх юм бол бусад нам сөрөөд л гараад ирж мэднэ. Тийм учраас улсын бүртгэлтэй бүх нам оролцож нэгдсэн ойлголт дүгнэлтэд хүрсэн, цаашдын санаа бодлоо ойлголцсон байх нь зохистой. Улстөрийн хүчнйй харьцааг зөв тодорхойлсон Үндсэн хуулийГг. бодит хууль гэнэ гэж хэлсэн Германы нийгмийн зүтгэлтэн агсан Лассалийн үг бий нь үнэнтэй.

-Хууль санаачлах эрхтэй субъектүүд Үндсэн хуулийн ямар заалтыг өөрчилж, юуг нэмж болохгүйг хуулиар хязгаарласан уу?
-Нэг ёсондоо хориг тавьсан гэсэн үг. Жишээ нь, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар эрх ямбаа нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацаагаа сунгах тухай гэх мэт өөрт холбогдолтой, нийгмийн болон хувийн ашиг сонирхлын эмзэг асуудлаар хууль санаачлах боломжийг хязгаарласан. Хууль санаачлагч байгууллагууд хууль боловсруулахдаа хангасан байвал зохихнийтлэгболзол, шаардлагыг тогтоосон.

-Тухайлбал, ямар болзол?
-Бүгдийг ярьж баршгүй. Жишээлбэл, УИХ-ын гишүүн ийм хууль санаачлахдаа тойргийнхоо аймаг, нийслэл, сум, дүүргийн 50-иас доошгүй хувьд төслөө танилцуулж, тэдгээр нэгж бүрийн төлөөлөл орсон нийт 150 мянгас доошгүй сонгогчийн дэмжиж зөвшөөрсөн гарын үсэг авсан байна. Төслийнхөө зүйл, агуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, санал, дэмжлэгийг авах, УДШ-д бүртгэлтэй улстөрийн намуудад мэдээлж, албан ёсны хариу авсан байх гэх мэт. Харин Засгийн газар ийм хууль санаачилна гэвэл нийтлэг шаардлагаас гадна Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөж дэмжлэг авна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ҮАБЗ, шүүх эрх мэдлийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн комисс, мөнгө, зээлийн асуудлаар улсын банкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байх, аймаг, нийслэлийн удирдлагын ердийн олонхи болон түүгээр дамжуулан сум, дүүрэг, баг, хорооны гуравны нэгээс доошгүй хувийн санал авсан байна гэх мэт.

-Ийм хуулийг хэлэлцэж батлах явц ердийн хуулиас өөр байх уу?
-Ердийн хууль хэлэлцэж, батлахаас огт өөр. Манайхан дасаж дадсанаараа ердийн хууль хэлэлццэг хэлэлцүүлэгтэй журмыг энд авчирч хийчих гээд байж магадгүй л дээ. Тэгж болохгүй. Энэ ажил а/ санал хэлэлцэж, төсөл боловсруулж өргөн мэдүүлэх. б/ төслийг хэлэлцэж батлах, нийтлэх гээд хоёр томоохон шатаар зохион байгуулагдана.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагч УИХ-д оруулаад саналыг концепцийн хувьд зүйтэй гэж үзвэл УИХ зохих төслийг боловсруулахаар бэлтгэх ажлын алба байгуулж ажиллуулна. Хууль хэлэлцэхээс өмнө саналыг үүсгэн хэлэлцэнэ гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй Тэсэн хариуцлагагүй үг хэлдэг дарга байж брлохгүй. Даргын үг чинь золбиняриа биш албаных шүү дээ. Үндсэн хуулийг үг дуугүй дагана гэж тангараг өргөсөн хүмүүс Үндсэн хуулийг өөрчилье гэж дуугарах нь хүндрүүлэн яривал Үндсэн хуульт байгууллын эсрэг хандсан улстөрийн алдаа юм. Үүнийг хэдийд хэлэх вэ гэвэл төслөө боловсруулж УИХ-д саналаа танилцуулж өөрчлөх нь үндэслэлтэй нь тогтоогдвол уг саналыг хэрхэн өөрчлөлт оруулахаар шийдсэнээ албан ёсоор олон нийтэд мэдээлнэ. Ийм шийдвэр гараагүй байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэх аливаа мэдээллийг албан ёсны бус гэж үзнэ. Саналыг үүсгэн хэлэлцсэний дараа төсөл боловсруулах бүлгийг батална. Парламент дахь зөвхөн хоёр намын бүлэг хэлэлцэж хуулийн төслийг батлахаас сэргийлэхийн тулд саналыг баталсны дараа төслийг чуулганд оруулахын өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал эрхлэх Тусгай түр хороо байгуулж уг ажлыг хариуцуулна. УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг зөвшөөрч дэмжсэн бол хууль санаачлагчаар даргалуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын бүлгийг тогтоол гарган байгуулж, эрх үүрэг, ажил гүйцэтгэх хугацааг тогтооно. Түр хорооны дэргэдэх ажлын бүлэгт улстөрийн намуудын төлөөлөл оролцож, төсөлтэй танилцаж санаа бодлоо илэрхийлэх боломж нээлттэй. Эерэг сөрөг аль нь ч байж болно. Бүлгийн бүрэлдэхүүнд хуулийн төслийн агуулга, чйглэлийг харгалзан УИХ-ын гишүүн, УИХ-д суудалтай, суудалгүй боловч сүүлчийн сонгуульд оролцсон нам, түүнчлэн олон нийтийн бусад байгууллагын төлөөлөгч, эрдэмтэн, судлаачдыгоролцуулж болно. Энэ заалт хасагдвал парламент дахь намуудын хэрэг төдий хэрэг болж таараа. Бүлэг төслөө боловсруулаад хууль санаачлагчид өгнө, болж байна гэвэл төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Техник ажиллагаа нь ийм нарийн журамтай. Дараагийн хоёр дахь шат нь хуулийн төслийн хэлэлцүүлэг. Хуулийн төсөл нэг, хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг гэсэн гурван зурвас үе шаттай. Энэ бол 2000 оны өөрчлөлт шиг ёслолын чанартай байж болохгүй. Ердийн хуулиас ялгаатай нь зүйлчлэн хэлэлцэнэ. Нийт гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрөхгүй бол төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзнэ. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн төслийн талаар олон нийтийн санаа бодлыг судалж, зарчмын зөрүүтэй асуудлаар зөв ойлголцож, саналын зөрүүгүйгээр эцэслэн батлах нөхцөл бүрдүүлэхийн тулд төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг ажлын 10-аас доошгүй, 22-оос дээшгүй өдөр байхаар тогтооно. Өөрөөр хэлбэл, нэг ба хоёр, хоёр ба гурав дахь хэлэлцүүлэг олон хоногийн завсарлагатай байна.

-Ингэж хоног тогтоож өгөх нь ямар учиртай вэ?
-Чухал учир холбогдолтой, ард түмнээ хэмээн араа бодож буй хэрэг. Ард түмний сонорт хүргэж, тэдний бүрэн эрхт байдал хянах эрхийгхэрэгжүүлж, санаа бодлыг тусгаж, эсэргүүцэл тэмцэл гарвал үүнийг тайвнаар зохицуулах зорилготой юм. Хэлэлцүүлгийн явцад санал зөрвөл зөрөлдөж байгаа талуудын хооронд адил тооны гишүүнтэй эрх тэгш зөвшилцөх комисс байгуулж, гурван өдрийн дотор харилцан ойлголцох, харилцан буулт хийх замаар тохиролцоонд хүрэх ёстой.
Үйл явцын “процессын” журам гэж тодорхой нэгэн зорилготой үйл ажиллагааны эхлэх дуусах хоёрын хоорондох цаг хугацаагаар хэмжигдэх тасралтгүй үйл явцыг хэлдэг. Тэгэхээс мартсан санасан, орсон гарсан, дур зоргын үйлдлийг процесс гэхгүй. Эрх зүйн хувьд хугацаа тогтоохгүй, тооцохгүй, захирагдахгүй бол процесс болж чадахгүй. Энэ нь оролцогчдын эрхийг хангах баталгаа, үүрэг хариуцлагын хэмжүүр болдог. Хууль бол нийгмийн заилшгүи хэрэгцээгээр төрж гардаг болохоос биш олз ашиг, эрх тушаал олох гэсэн хүний зохиол бүтээл болох ёсгүй.

-Хуулийн төсөл боловсруулсан хүний хувьд ерөнхий үзэл баримтлал, чиглэлээс нэг их хазайхгүй батлагдахыг л та хүсч байгаа биз дээ?
-Энэ хууль эрхбиш шинжлэх ухааны ололт, нарийвчлалд үндэслэсэн байгаасай гэж мөрөөдөж байна. Ийм зорилгоор том том эрдэмтэн мэргэжилтнийг оролцуулаасай. Оролцсон хүмүүс нь үнэхээрийн мэдлэг туршлагатай, тууштай байгаасай. Дарга хараад далбийчихдаг, нам хараад навтайчихдаг хүн байвал сахил хүртээлд шал дордов гэгч болно. Өөртөө итгэлтэй, бие даасан бодолтой ийм хүн байвал сайн сан. Дамбийжаагийн тогдгор гэдэг шиг юм байснаас байгаагүй нь дээр. Хууль хийнэ гэдэг үнэндээ маргана гэсэн үг. Маргаанаас үнэн төрдөг. Жишээлбэл, Бүх нийтийн иргэний цэргийн үүргийн тухай хуулийн төсөл хийхээр Батлан хамгаалахын сайд агсан, доктор Ж.Авхиа, гавъяатхуульч, бидний их багш Г.Совд, Хууль зүйн сайд асан миний бие, бас бус хүн цэргийн бүртгэлийн хоног хугацаан дээр маргалдаж салам хэрэлдээд тарж одоод Нүхтээс цүнхээ бариад уруудаж байсан удаатай. Дараа нь инээлдээд л эргээд нийлж дунджийг нь олсон юм даг. Төслийг ингэж маргаж хэдэлцдэгэх нэлээд бэлэн болсон төслийг өглөө 09-өөс шөнийн 04 цаг хүртэл нягтлан хэлэлцэж засварлахад 6-7 хуудаснаас хэтэрдэггүй юм даа. Ингэжхөлсөө дуслуулж, хөлөө хавагнуулж суудаг ажлыг элдэв найр наадам, уралдаан тэмцээн, баяр ёслол, айлчлал, аяллын завсарт амжуулна гэж үгүй. Хуулийн төсөл хэлэлцүүлэгт ингэж хандвал улс, иргэн л хохирно. Харамсалтай нь хохирсноо мэдэхгүй байсаар хэзээ хойно гор нь гардаг. Жишээлбэл, 2000 онд гишүүдээр шөнө нь гарын үсэг зуруулж өдөр нь баталсан Үндсэн хуулийн долоон өөрчлөлт Монголд ихээхэн гай тарьсныг олонхи нь мэдэж байгаа. Цөөн хүн хамгаалж байгаа. Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол Үндсэн хуулийг өөрчлөх боломж олгохын зэрэгцээ ашиг завшаан хүртэх, Үндсэн хуульт байгуулалд халдах, хүний эрх, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд харшлах үзэл бодол шургуулах вий гэдгээс сэргийлэн хязгаарласан байх ёстой. Үндсэн хуулийн нэг үгийн цаана баринтаг дүүрэн ном бий гэжбодууштай.

-2000 оны долоон өөрчлөлтийн тухай ярьсных журмын тухай хуулийг батлахаас өмнө эхлээд эдгээр өөрчлөлтөө залруулчихаж болдогтүй юм уу? Ийм саналтай гишүүд чуулганаар төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр цөөнгүй байсан.
-Хууль баримталдаг оронд бол 2000 оны өөрчлөлт бол хууль ёсны болж чадаагүй бичлэг. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон төслийг ямар ч засваргүйгээр, ямарч нэргүйгээр, ард түмэнд мэдэгдэлгүйгээр, хуйвалдаанаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг намын сүрээр зуруулж хоёр гуравхан цагийн дотор хоёр хэлэлцүүлэг хийсэн нэр зүүж баталсан. Цэргийн эргэлт шиг ийм юм хорвоод байхгүй. Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болсон. Долоон өөрчлөлтийг хийснээр төрийг Тацаанаас гаргасан” гэж сайрхдаг. Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг. АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч долоон удаа буцаасантай холбогдуулж Засгийн газраа байгуулж чадахгүй таван сар болсон. Зүй нь Ерөнхийлөгч, нам хоёр зөвшилцөн тохиролцох арга замаа олох л ёстой байсан. Ямар Хойд, Өмнөд Солонгос шиг болчихсон биш. Зөвшилцлийн аргаар эсвэл өөр хүн нэр дэвшүүлэх маягаар шийдэж болох л байсан. Ер нь Ерөнхийлөгч намын нэр дэвшсэн хүнийгхүлээж аваад ямар нөхцөлд, ямар үндэслэлээр эсэргүүцэж буцааж болох, хэдэн удаа буцаах эрхтэй, Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байгаа шалтгааныг ямар нөхцөлд УИХ хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй гэх зэргийг зохицуулах процессын хууль байхгүйгээс болж бэрхшээл учирсан. Түүнийг тэр дор нь хууль гаргаад хийчих ажил. Бидэнд 1990 онд ийм учрал тохиолдсон даруй шийдэж болж байсан шиг тэр үед ийм хууль гаргачихаад асуудлыг шийдэж болох байсан. Гарцаа олоогүй, ур ухаан дутсан хэрэг. Хамгийн гол гай нь Үндсэн хуулийн төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүйсгэсэнд оршино. Тэгээд л одоо УИХ-ын гишүүд нь гүйцэтгэх байгууллагын ажил хийгээд тэрбум тэрбум төгрөг тэвэрч зарцуулаад л явж байх жишээтэй. Засгийн газарт тавьдаг парламентын хяналт суларсан. Бусад орны олон зуун гишүүнтэй парламентад байдаг жижигхэн үзэгдлийг цөөхөн гишүүнтэй Монголд том үзэгдэл болохыг анзааралгүй хэрэглэсэн буруутай. Жишээ нь, 2000-аад гишүүнтэй Английн парламентад 20-хон сайд юу ч биш. Манай 76 гишүүнд 15 сайд байна гэдэг аймаар тоо. Одоо уг долоон өөрчлөлтийг хүчингүй болгох тухай бус угаасаа хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч П.Очирбат ерөнхийлөгчид хадгалагдаж байсан /анхны/ уг эх хувийг сэргээсүгэй гэсэн хууль гаргамаар байгаа юм. Ингэвэл зарим хүмүүсийн гэдэн нь хөдөлж мэдэх учраас хүчингүй болгож, холбогдох заалтаа сэргээн баталчихаж болох л юм.

Н.Хажидсүрэн

“Монголын Үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих