Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна

С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна

Монголын ард түмний баатар, ардын судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч С.Дамбийтай ярилцлаа.

-Урьд нь Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан. Яагаад хавар тэмдэглэх болсон түүхээс яриагаа эхэлье?

-Хөрс дэлхий эргэдгээрээ эргээд Хөмсгөн саран гардгаараа гараад Одон мичид нь хуучнаараа яралзаад Орчлон дэлхий нь жамаар байхад удам дамжсан мэргэд дээдэс, аав ээж гэдэг дараа дараагийнхаа үед үлдээхийн тулд жилийн дөрвөн улирал, жамын дөрвөн улирал, билгийн 12 сарыг маш их хүндэтгэж байсан. Энэ цагаас буюу Хүннүгийн үеэс монголчууд золгож эхэлсэн. Ингэхдээ намар Цагаан сарыг тэмдэглэдэг байсан. Учир нь, цагаан идээ элбэг дэлбэг байхад цагаан сар, цагаан идээний баяр, цагаалга гэж хийж байжээ. Харин 1206 онд Чингис хааныг нэгдсэн Монгол Улсынхаа төлөө өргөмжилж тэр үеэс Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэх болсон түүхтэй. Одоогийн цагаар бол зах зээлийн үед хатуу өвлийг давж, гуриг хаварт үр хүүхэд, гэр бүлээрээ элбэг баян байхын тулд Цагаан сарыг хаварт шилжүүлсэн гэсэн бичигдээгүй ардын аман хууль байдаг. Энэ ч үнэний ортой. Цагаан сараар шуугилдах, чихчилдэх, элдэв янзын дуу чимээ гаргахгүй, илүү дутуу юм ярьдаггүй бөгөөд бэлгэдлээ бодож Чингис хаан цагаан хувцас өмсч, цагаан морь унадаг байсан. Хамгийн гол нь ахмад үеэ хүндэтгэх нь гайхалтай ёс юм. Цагаан сараар 0­108 настай бүх хүн ёс жаягийг дагадаг. Үүнийгээ нэг нас нэмсний баяр гэж хүндэтгэдэг. Цагаан сар тэр чигээрээ бэлгэ дэмбэрэл юм.

-Цагаан сарын шинийн 1-ний өмнөх орой хүмүүс битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэдэг. Энэ үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ?

-XVII жарны таван махбодиор сүүлийн бичин жилийн шинийн 1-нийг энэ оны хоёрдугаар сарын 9-нд тэмдэглэхээр болсон. Ингэхийн тулд монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр хамгийн өндөр настай хүнийхээ үгнээс гаждаггүй, хэлсэн үг бүрийг дагадаг. Орой болоход ховдог эмгэн гэдэг гялаан од баруун талд гардаг. Түүнийг гарахаас өмнө буюу нар уулын цаагуур дөнгөж оронгуут бог малаа хотлуулдаг. Харин гялаан од гарсны дараа үхэр сүргээ, гурван марал од тэнгэрт хөөрсний дараа адуун сүргээ хотлуулдаг юм. Битүүний орой тахиа буюу 21.40-11.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Бүгдээрээ малчин гаралтай. Бидний өвөг дээдэс малчин удамтай. Бид зайлшгүй мах идэж, сүү ууж, дөрвөн улирлын агаар, усыг залгиж явдаг учир хүссэн хүсээгүй байгальтай, аав ээжтэйгээ, унасан газар шороотойгоо харьцах нь цагаан сарын гайхамшиг юм. Ёс жудгаа гээхгүй, уламжлалаа умартахгүй Цагаан сарыг тэмдэглэж, тэр дундаа 2027 онд XVIII жарныг зөв гаргаж чадвал миний Монголын ард түмэн2080 он хүртэл сайхан явна. Жарны асуудал ийм чухал байдаг.

-Зарим айл битүүний орой гэрийн тотгон дээрээ мөс, цас тавьдаг юм билээ. Энэ нь ямар домтой вэ?

-Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Арга билэг шүү дээ. Үлгэр, домог бол амьдрал юм. Гэтэл домгийг домог, үлгэрийг өнгөрсөн зүйл, өвгөдөө хоцорсон юм гэж үзээд зөвхөн өнөөдрөөр явна гэвэл өрөөсгөл.

-Битүүнд юуг цээрлэх ёстой вэ?

-Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Яагаад гэвэл битүүний 23.45-т хулгана цаг гардаг. Өөрөөр хэлбэл, ам цагаан хулганыг морилон орж ирэх үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангаж гуриатдаггүй юм. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус гэрээ цоожлоод “Бууз иднэ” гээд аавындаа очдог. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй. Гурва