С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярт гомдогсод Хамуг Монгол Хөдөлмөрийн нам байгуулсан нь үнэн

Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ нам байгуулагдлаа. Дээд шүүхэд намаа бүртгүүлж амжив уу?
-Одоо материалаа Дээд шүүхэд өгөхөөр бэлтгэж байна даа.

-800 хүнийг бүрдүүлж, гарын үсэг цуглуулах хэр байна?
-Тиймээ, Улстөрийн намын тухай хуулийн дагуу 800 хүнийхээ гарын үсгийг, материалтай нь бүрдүүлээд өгнө дөө.

-Манайд улс төрийн хүчнүүд олон. Монголын иргэн бүр л аль нэг улс төрийн хүчний гишүүнчлэлтэй болоод байна шүү дээ?
-Энэ ажил амжилттай л явагдаж байна шүү дээ. Хүмүүсийнхээ гарын үсгийг цуглуулаад явж байна. 800 хүний гарын үсгийг зуруулж бүрдүүлээд өгнө. Одоогоор 1000 хүрэхгүй гишүүн цугласан, хурлаа 570 орчим хүнтэй хийсэн.

Манайд улс төрийн нам байгуулахад олон материал бүрдүүлж өгдөг юм байна. Заавал тэр хүний гарын үсэг, иргэний үнэмлэх гээд өч төчнөөн материал бүрдүүлдэг юм байна.

-Та улс төрд МАХН-аар овоглон гарч ирсэн хүн. Бүр нарийн бичгийн даргын албан тушаалтай. Гэтэл гэнэт намд орж ирсэн шигээ гарлаа. Xүмүүc таныг гайхаад байна л даа?

-Би МАХН-ын нарийн бичгийн дарга гэж байсан. Наадмын өмнөхөн намайг МАН-аас шүүхэд өгсөн. МАХН гэсэн ямар ч бэлгэ тэмдэг, туг далбааг хэрэглэхийг хориглосон. Би үнэндээ давж заалдах ч эрхгүй болсон. Гэхдээ үргэлжлүүлэхийг хүссэн. Би МАХН гэсэн ямар ч зүйлийг хэрэглэх нь хориотой.

Шүүхээр хориглочихсон. Хэрвээ намайг хориогүй байсан бол өнөөдөр би Н.Энхбаярыг уурлуулаад явж байгаа байх. Дуугүй байдаггүй хүн шүү дээ, би. Харамсалтай нь энэ нэрийг ашиглах нь шүүхээр хориотой. МАХН-ын нарийн бичгийн дарга гээд нэрийн хуудас хэвлүүлсэн байхад л би шоронд орно.

Ц.Шинэбаяр гишүүн ч гэсэн МАХН-д дасан зохицохгүй, гэртээ биш, айлд байгаа юм шиг байлаа. Хүйтэн уур амьсгал гараад ирсэн. Нөгөө нөхөр ч М.Энхсайхантайгаа нийлээд улс төрийн тоглолт хийгээд явчихсан. Нам нь ерөнхийдөө эзэнгүйрсэн байдалтай байсан. Намын нэрийг нь авчихсан бол бусад нь яахав гэсэн байдалтай.

Бүх зүйл тодорхой болчихсон. Тэгээд МАХН-ын гишүүнчлэлээсээ Ц.Шинэбаяр гишүүн ч, би ч гарчихлаа. Ингээд бид хоёр үйл хэргээ үргэлжлүүлэхээр Хамаг Монгол Хөдөлмөрийн намаа байгуулсан. Энэ шийдэлд маш хурдан хүрээд намаа байгуулсан даа. Одоо манайхан бужигналдаад, ширээ сандлаа цуглуулаад байна.

-Яагаад та ганцаараа хориотой, бусад хүмүүс хэрэглэж болох гэж?
-Яагаад ийм зүйл болчихов гэдгийг би өөрөө ч ойлгохгүй байна. Тэгсэн мөртлөө яагаад МАХН-ын дарга Н.Энхбаяр намайг хамгаалсангүй вэ? Үхэн хатан миний төлөө яваад, намайг намдаа авсангүй вэ? Энэ бүхэнд одоо ч гайхдаг.

-Та өмнө нь аль нэг намын гишүүнчлэлтэй байсан уу?
-Үгүй. Ерөөсөө нам, улс төр гэж яваагүй.

-Өмнө нь хаана, юу хийж явсан бэ?
-Германд философийн чиглэлээр олон жил сурч, ажиллаж байгаад ирсэн. Тэгээд их сургуульд философийн лекц уншсан. Гэтэл шинэ мэдлэгтэй хүнд хуучин системтэй хүмүүс нь их цочирдох юм. Хуучнаараа л байх юм. Мэдлэг боловсролтой хүний цалин нь их бага байна, манайд.

Би бизнес рүү ороод явах юм бол мөнгийг олох юм. Гэтэл яг мэдлэг боловсролоо үнэлүүлээд, нийгэмдээ тараагаад амьдрах гэхээр цалин мөнгө хүрэлцэхгүй байна. Гэрээсээ гараад л төлбөр болох гээд байна. Тийм учраас би гэртээ байсан нь дээр байгаа юм.

Энд мэдлэг боловсролтой монгол хүн байр, хоол, унааныхаа менгийг төлчихөөд, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь оруулаад, тайван амгалан амьдарч болдоггүй юм бэ гэдэг асуулт л надад тавигдаад байгаа юм. Хамгийн үнэтэй хөдөлмөр, хамгийн үнэтэй ажлыг хийж байж яагаад бага цалин аваад байдаг юм бэ.

Юм болгон өөрийн гэсэн үнэ цэнэтэй байх ёстой гэж бодсон.

-Тэгвэл таныг хэн улс төрд уруу татчихав аа?
-Улс төрд үү?… Монголын ард түмэн л уруу татсан болов уу. Ер нь бол намайг МАХН-тай их холбодог л доо. Би эхлээд улс төрд зөвлөх маягаар явъя гэж бодсон. Тэгж явж байгаад л нэг мэдэхэд урагшаа гарчихсан байсан. Би урагшаа гарч ирэх үеийн моментоо ч мэдрээгүй.

-Би таныг Н.Энхбаяр дарга ч юм уу, Ц.Шинэбаяр гишүүн ч юм уу хэн нэг улстөрчийн нэр хэлэх байх гэж бодож байлаа?
-Үгүй, тийм зүйл байхгүй. Харин олны танил болоод, хүмүүс хандаад байхаар хажууд байгаа хүмүүс чинь хардах, сэрдэх, атаархах үзэгдэл гаргадаг юм байна.

Би хэн ч биш байж байгаад гараад ирсэн шүү дээ. Зарим улстөрчид “чам шиг улс төрд гарч ирэхийн тулд 20 жил чануулж байж гарч ирдэг. Чи харин яаж явж байгаад гараад ирэв. Чиний ард бөө байсан уу, эсвэл асар их мөнгө цацсан уу, эсвэл улс төрийн маш том хүчин байна уу, хятадууд байна уу, оросууд байна уу” гээд маш их хардаж байгаа.

Гэтэл миний тухайд ярилцлага өгч, телевиз, сонин хэвлэлээр гарсан хүн. Өөр хүчин зүйл байхгүй.

-Та МАХН-д аль нэг албан тушаалд бус гишүүнчлэлтэй байж байгаад сонгуульд өрсөлдөхөд гарч ирэх өндөр магадлалтай байсан гэсэн мэдрэмж төрсөн үү?
-Тийм ээ, тийм мэдрэмж төрсөн. Гэвч намайг шүүхээр хориглуулаад авсан. Шүүхээр явах чинь тийм сайхан зүйл биш.

-Н.Энхбаяр дарга тийм халгаатай хүн үү? Хамтран ажиллаж байгаад хөндийрсэн хүн бүр л муулах юм?
-Намайг МАХН-ыг гаргаж ирээд, өөрийг нь намын дарга болгож байхад тэр хүн миний төлөө юу ч хийгээгүй шүү дээ. Хүмүүс надад хэлдэг юм. Та энэ хүнийг улс төрд дахин хөл тавиулж, гаргаж ирсэн, намын дарга болгосон гэж.

Ингэж сайхан гаргаж ирж байхад намайг МАХН гэсэн үгийг хэрэглэхийг шүүхээр хориглосон байхад нэг ч удаа асууж сурахгүй, шүүх рүү нь яриад “энэ асуудлыг зөвөөр шийдээрэй” гэж хэлээд боловч надад хариу бариагүй. Үүнд нь би гайхаж, гомдож явдаг.

Ер нь тэгээд Н.Энхбаярт гомдогсод нам байгуулсан нь үнэн. Үнэхээр Н.Энхбаярт итгэж найдаж явсан, богино хугацаанд өөрийг нь гаргаж ирсэн. Буцааж улс төрд нь оруулж ирсэн. Их итгэж, найдаж явсан хүн нь тэр намын нэрийг хэрэглэх эрхгүй болгоно гэхээр гомдолгүй яадаг юм.

-Танай намд олонд танигдсан улстөрчид хэр байна вэ? Ц.Шинэбаяр гишүүн та хоёроос өөр?
-Байхгүй. Намаа шинэ хүмүүсээр бүрдүүлж байгаа. Ер нь шинэ хүмүүс байсан нь дээр. Цоо шинэ хүмүүсийг оруулж ирэх бодолтой байна. Тухайлбал, МАХН-ын нарийн бичгийн дарга Цог, Өрнөхбаяр нар ирээд сууж байна гэхээр санаанд буухгүй байгаа юм.

-Улс төрчид танай намд орох хүсэлт тавьж байна уу?
-МАН-ын зарим улстөрчид санал тавьж байгаа. Бас одоогийн МАХН-д байгаа, Н.Энхбаярт хоёр дахь удаагаа ч юм уу, гурав дахь удаагаа гомдсон хүмүүс наашаа ирнэ гэж уулзаж л байна. Ирвэл ирэх л байлгүй, тухайн хүний үзэл бодол шүү дээ.

-Та өөрийгөө улстөрч болсон гэж үздэг үү?
-УИХ-ын гишүүн болчихвол улстөрч гэж хэлэх болов уу. Гэхдээ ямар хүнийг улс төрч гэх вэ гэдгийг цаг хугацаа л харуулна даа. Монголын нийгэмд жинхэнэ улстөрч мөн үү, биш үү гэдгийг хүмүүс хариулна. Энэ хугацаанд би маш их хямарлаа шүү дээ. Нам байгуулах уу, яах вэ. Дарга болж байгаа нь зөв үү гээд.

-Ер нь танд өнгөрсөн хугацаанд дайралт ирэв үү? Сэтгэлзүйгээр дарамтлах ч юм уу?
-Тийм зүйл байгаагүй. Хэрвээ , тийм зүйл гарсан бол би хямрах байсан байх. Одоохондоо бүх зүйлээс өршөөгдөөд л байна даа.

-Улс төр манайд хэрхэн явагдаж байна гэж үздэг вэ?

-Улс төр араатны түвшинд явагдаж байна. Улстөрд ороод, урж тасдаад, өөрийнхөө хувийг аваад явж байна. Их л доогуур зиндааны улс төр явагдаж байна. Тиймээс зиндааг нь дээшлүүлэх хэрэгтэй гэж боддог доо.

-Улс  төрчдөөс та хэнийг хүндэлдэг вэ?

-Би хүнийг шүтээд байдаггүй юм. Харин зохиолуудаас л баатруудаа олдог. А.Дюмагийн “Монте кристо гүн”-ийг их уншдаг байлаа. Найз нөхөд нь яаж мэхэлж, хуйвалдаж хорьж байна. Хорин жилийн дараа өнгөрсөн амьдралаа яаж нөхөж авч байна гээд. Харин бодит хүнээр шүтэх нь дэмий. Тэр шүтэж байгаа хүн нь алдаа гаргачихвал сэтгэл нурчихдаг. Тиймээс идеал дүрүүдийг шүтэх хэрэгтэй.

-Сонгууль хаяанд ирлээ. Танай нам бусадтай эвсэх үү?
-Эвсэл надад нэг л таалагддагүй юм.

-Танд жижиг намуудаас санал тавих ч юм бил үү?

-Санал тавина л даа. Би яг одоо хэлж чадахгүй нь. Гэхдээ эвсэхгүй талдаа явна. Эвсэнэ гэхээр мөнгөний асуудал яригддаг шүү дээ. Мөнгөгүй ч гэсэн улс төр хийж болдог юм байна гэж үлгэр жишээг үзүүлэх хэрэгтэй. Ямар ч гэсэн сөрөх хэрэгтэй байна. Алдвал тэр л биз. Том намууд томорцгоох л байх. Одоогийн үзэл бодлоо цааш нь чанаржуулах хэрэгтэй байна.

Улс төрд хурдан гарч ирсэн шигээ хурдан унамааргүй байна. Сонгуулийн дараа ч гэсэн дуугарсаар л байх болно.

-Ц.Шинэбаяр гишүүнтэй хамтарч нам байгууллаа. Гишүүн ч гэсэн Н.Энхбаяр даргад гомдоод л МАХН-ыг хаяж гарсан. Одоо та хоёр гар нийлж ажиллана гэдэггээ итгэлтэй байна уу?
-Тийм ээ, итгэл үнэмшил хэрэгтэй. Өөр зүйл бид хоёрыг холбоогүй. Ажил хэрэг итгэлцэл дээр явагдана. Би ч бас Ц.Шинэбаяр гишүүнд итгэж байгаа.

-Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн. Тиймээс намаа парламентад суудалтай гэж үзэх үү?
-Тийм ээ.

-Сонгуульд дангаараа өрсөлдвөл эрсдэлтэй биш үү?
-Эрсдэлтэй. Гэхдээ олонд танигдана. Шинэ зүйл олонд танигдахдаа хэцүү ч гэсэн дараа нь дасал болдог.

Н.Энх
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих