76-гийн 99 тэрбумыг халааслах төлөвлөгөө

Сонгуулийн өмнөх жил нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг амласан нэр дэвшигчдийн шоу цэнгүүн иргэдийг залхаадаг. 2008 оны сонгуулийн өмнөх жил буюу 2007 онд шоучин, нэр дэвшигчдийн тоо эрс өсөж, бас төрөл бүрийн мэргэжилтнүүдээр хүрээгээ тэлсэн.

Нэр дэвшигчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр амласан амлалтын тоо нэмэгдэх нь мэдээж хэрэг. Тиймдээ ч нэр дэвшигчид гэр хорооллын иргэд рүү анхаарлаа чиглүүлж, түлээ нүүрсийг нь хүртэл гар хальтрам ганган хар машинаараа зөөж өгч байсан гайхам түүхийг бүтээж байсан хүмүүс.

Сонгууль дөхөхийн хэрээр тэдний өр зөөлөрч энэ тэр хүний зовлонг ойлгож, асуудлыг шийдвэрлэж, ёстой л хөл хөнгөн, чих зөөлөн болдог “гэм” бий. Хэрэв Бат, Бурмаа хоёр хүүхэд гаргалгүй 10 жил болсон бол мөнөөхөн нэр дэвшигч өрөвч сэтгэл гарган хүүхэд хийж өгөх л холгүй байдаг байв. Тэгвэл ирэх жил Монголчууд бидний магнай бүрэн утгаараа тэнийх нь. Нөгөө өр зөөлөн, өрөвч сэтгэлтэй, ногоон хурганы арьс, нохойн битүү туурай олж өгөхөөс буцдаггүй эр зоригтой эрхэм нэр дэвшигчид  УИХ дахь суудлынхаа тоог 23-аар нэмж 99 болох гэнэ. Өөрөөр хэлбэл 2012 оны сонгуульд 99 нэр дэвшигч ялалт байгуулж 99 эхнэр, 99 аав, 99 ээж баярлах нь. Бас төсвөөс 76 тэрбум төгрөг эрхэм гишүүдийн гараар дамжин салхинд хийсдэг байсан бол 2012 оны сонгуулийн дараа 23 тэрбум нэмэгдэж 99 тэрбум болох лав.

Хамтарсан Засгийн газар байгуулагдсаныхаа дараа аль аль талаасаа нэг нэг шадар сайд төрүүлэхийн тулд нүд ирмэхийн зуур бас нэгэн сайдын орон тоо гаргаж Тэргүүн Шадар сайд гэгч орон тоог нэмсэн түүхтэй. Тэгэхээр 99 гишүүнтэй болсон УИХ хоёр дарга зэрэгцүүлэн суулгаж, 99 тэрбум буюу 99 гишүүний суудлаа 100 болгох магадлал өндөр юм хэмээн ёжилбол буруудахгүй байх.

2008 оны сонгуулийн үр дүнд мэндэлсэн одоогийн парламент хаврын чуулганы сүүлчээр Сонгуулийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал хуваагдаж хоёр талцав. Энэ асуудлаас үүдэн нэг хөнжилд хоног төөрүүлдэг байсан тэд салж хагацах дээрээ тулсан юм. Өөрөөр хэлбэл парламент сонгуулийн өмнөх жилд сөрөг хүчинтэй болж эхлэв. Гэхдээ тэдний маргалдсан асуудал нь 99 гишүүний суудал биш. Харин сонгуулийн системийн хэрхэн өөрчлөх, ямар системээр сонгуулийг явуулах вэ гэдэг асуудал байлаа.

Гэтэл зуны гурван сар найр наадам хэсч, айраг цагаа эргүүлж чамгүй гүзээлсэн нөхдүүд цоо шинэхэн бодол тээсээр саарал ордондоо тухлав. Энэ нь 99 гишүүнтэй болох санаа. Хавар “Муудлаа, муудлаа, муурын байшин шатлаа” хэмээн шил шилээ харалцсан гишүүд энэ асуудалд нааштай хандаж эвлэрэх дээрээ туллаа. УИХ-д олонхийн суудал авсан МАН болон АН энэ асуудалд санал нэгдэж байгаа аж. Гэхдээ анхан шат буюу ажлын хэсэг, байнгын хорооны хурлаар 100 хувь дэмжиж 2 гараа өргөхөө шахсан нөхдүүд УИХ-ын чуулганаар орж ирэхээр бодлоо өөрчилж “хүйтэн” царайлдаг гэм бий. Энэ нь сэтгүүлчидтэй холбоотой.  Тэд телевизийн камер болон сэтгүүлчдийг хараад “хууль бус” асуудлын эсрэг зогсож байгаа “Ардын баатар”-ын дүр эсгэх нь энүүхэнд. Үүнээс болон намынхантайгаа муудалцаж байсан хөгийн түүхийг гишүүд гаргасан удаатай.

Гэхдээ ирэх жилийн сонгуульд эмэгтэйчүүдийн фронт болон эцгийнхээ мөнгөн дээр тоглосон эрх жаалуудын фронт хүч түрэн орж ирэх учраас хууччуулын хувьд ёстой л “час” сонгууль болох нь лавтай. Тэгэхээр яалт ч үгүй суудлынхаа тоог нэмэгдүүлэх нь тэдний хувьд хамгийн зөв шийдвэр.
УИХ-д нэр дэвших босго мөнгөө хэд дахин нугалж 400-500 саяыг намдаа хандивласан нь 2008 оны сонгуулиар од нь гялалзаж хүчтэй өрсөлдөгчөө ардаа орхисон бэл муутай гишүүдийн хувьд гамшиг нүүрлэсэнтэй ялгаагүй хэрэг болсон нь мэдээж.

Мөнгөнөөс хүчтэй зүйл энэ нийгэмд алга. Ялангуяа улстөрийн тогоонд мөнгө л буцалж байхгүй бол энэ тогоонд удаан чанагдана гэж үгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг мөнгөөр худалдаж авна. Иргэдийн саналыг ч бас. Тэгэхээр мөнгөтэй хүнд л боломж байгаа.

Тиймээс 76 суудлыг 99 болж өргөжүүлэх нь цаад утгаараа 99 тэрбум төгрөгийг 99 гишүүн хувааж халааслах төлөвлөгөө болж байгаа юм. Тэгэхээр тун удахгүй Сонгуулийн хуулинд 99 тоо бүхий нэг заалт нэгээр нэмэгдэх нь. Энэ нь Монголчууд бидэнд хэрэгтэй заалт уу аль эсвэл зөвхөн 76 хийгээд нэр дэвшигчид, цаашлаад хэний эрх ашгийн төлөөх заалт вэ гэдгийг сонгогчид гярхай нүдээр шинжиж шүүмжлэхэд буруудахгүй байх.

Ж.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих