Газрын тос боловсруулах үйлдвэр барих нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар

shat4

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж байна. Тус суманд Зэс хайлуулах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, дамжуулах хоолой барих Техникийн зөвлөлдөх уулзалт болж байгаа юм.

 

Аж үйлдвэрийн яам Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Мөн үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын бэлтгэлийг хангаад байгаа аж.

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар олон жил ярьж байгаа. Энэ удаа салбарын яамтай болсон учир боловсруулах үйлдвэрийг дөрвөн жилийн хугацаанд барьж, дотооддоо нефть боловсруулж, өртгийг багасгах шаардлага тулгараад байна. Энэ хүрээнд ч Аж үйлдвэрийн яам ажиллаж байна.

 

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас хараат. Ингэхдээ жил бүр 1 тэрбум гаруй ам.долларыг зарцуулж байна. 2011 онд 1.05 сая тонн, 2012 о.д 1.3 сая тонн, 2013 онд 1.4 сая тонн, 2014 онд 1.3 сая тонн, 2015 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор авчээ.

 

Цаашлаад газрын тосны хэрэглээ 2020 он гэхэд 1.8-2 сая тонн, 2025 онд 2.5 сая тонн болж өсөх магадлалтайг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нөхцөлд манай улс өөрсдөө бүтээгдэхүүнээ олборлож, боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

 

Иймд салбарын яамны зүгээс боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад барих талаар судалсан. Эцэст нь хамгийн зөв байршил бол Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг гэж үзжээ.

 

Үйлдвэрээс гадна газрын том дамжуулах хоолой барих учиртай. Түүхий тос дамжуулах хоолойн урт түүхий тосны ордоос Бор-Өндөр хүртэл 544 км бөгөөд 4 өргөлтийн станцтай байхаар төлөвлөж байгаа аж. Хоолойн нийт хөрөнгө оруулалт 264.5 сая ам.доллар. Газрын тос дамжуулах хоолойн хөрөнгө оруулалтын зардлыг түүхий тосны тээврийн хөлс, үйлчилгээний төлбөрөөс жилд олох 60 сая ам.долларын орлогоос нөхнө.

 

Ашиглалтын зардалд 26.4 сая ам.доллар зарцуулж, хөрөнгө оруулалтаа 8 жилд нөхөхөөр тооцоолжээ. Харин боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байх юм. Үүнээс үйлдвэр барих 1.3 тэрбум ам.доллар, дамжуулах хоолой 264.5 сая ам.доллар, жилд 1.55 сая ам.долларын борлуулалт хийх, жилийн цэвэр ашиг 160 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 8 жилийн дотор нөхөх боломжтой аж.

Х.Наран


URL:

Сэтгэгдэл бичих