Тавантолгойгоос иргэд жилд 1575 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ

Тавантолгойн хувьцааны талаар “Шинэ өөрчлөлт” ТББ-аас өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэд нэг жилийн хугацаанд нэг иргэнд оногдох ногдол ашгийг урьдчилсан байдлаар тооцоолж гаргажээ. Тэдний тооцоогоор Тавантолгой нүүрсний орд маш өндөр ашигтай ажиллаж байгаа. Энэ их баялгаас Монгол хүн бүтэн жилийн дотор ердөө л 1575 төгрөгний ногдол ашиг авах аж.

Энэ тухай “Шинэ өөрчлөлт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Даваадоржоос тодруулсан юм.

-Энэ тооцоогоо юун дээр үндэслэж гаргаж ирэв?

-Дөрвөн аргын тоо мэддэг ямар ч хүн гаргаж ирнэ. Та ч бодоод гаргачихна.

-Нэг иргэн жилд хэдэн төгрөгний ногдол ашиг авах гэж?

-Тавантолгойгоос нэг жилд нэг сая нүүрс олборлоно. Түүнийгээ Хятадын нэг компанитай 70 ам.доллараар худалдах гэрээ хийжээ. Тэгвэл жилийн орлого нь 70 сая ам.доллар болох бөгөөд монгол төгрөгт шилжүүлэхэд 88 тэрбум 200 сая төгрөг.

Үүнээс цэвэр ашиг нь 50 хувь байна гэж үзэхэд 44 тэрбум 100 сая төгрөг болж байна. Тэгвэл энэ цэвэр ашгийн 10 хувийг төр иргэдэд өгнө гэж амласан. Тэр амласан 10 хувь нь дөрвөн тэрбум дөрвөн зуун арван сая төгрөг. Үүнийгээ хоёр сая 800 мянган хүндээ хуваахад нэг хүнд 1575 төгрөг ногдоно.

-Иргэдэд тараах 536 ширхэг хувь-цааны нэгж үнэ нь?
-Бидний тооцоолсноор хоёр төгрөг 93 мөнгө болж байгаа.

-Тэгвал иргэд “Эрдэнэс Таванголгой”-гоос ихийг хүлээх хэрэггүй гэсэн үг үү?

-Тиймээ. Ер нь Тавантолгойг өндөр ашигтай ажиллана. Гэхдээ ашгийн 10 хувийг иргэдээ өгнө гэсэн. Мөн 536 хувьцаа хуваарилсан. Хувьцаа тараах болсонтой холбогдож иргэдийн дунд худал цуу үг гарсан. Нэгж хувьцааны ногдол ашиг 1000 төгрөг байна гэж.

Тэгвэл нэгж хувьцааны үнийг төрөөс зарлаагүй байгаа. Гэтэл бодит байдал дээр нэг иргэн нэг жилд 1575 төгрөгийн ногдол ашиг л авах болоод байгаа юм. Энэ бол бодит тоо. Үүнийг иргэд мэдэх ёстой. Бид энэхүү мэдэгдлээрээ аль нэг нам, улс төрийн хүчинг буруутгах гээгүй гагцхүү бодит үнэнийг иргэд мэдээсэй гэсэндээ та бүхэнд дуулгаж байгаа юм.

Ц.Цэцэгжаргал

niigmiin toli


URL:

Сэтгэгдэл бичих