УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяа Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Ц.Оюунгэрэл өнөөдөр /2016.02.16/ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Женифер Зимдал Галт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэлийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Женифер Зимдал Галт Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаар зарим зүйлийг тодруулж, мэдээлэл авсан юм. Тэрээр Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж, хууль баталсанд баяр хүргэн, тус хуулийг амжилттай хэрэгжүүлэхэд АНУ-ын Элчин сайдын яамнаас туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Тус дэд хорооноос Засгийн газарт Улаанбаатар хотын утааг арилгах үүднээс нэн тэргүүнд гэр хорооллын өрхүүдийн халаалтыг дэвшилтэт аргаар шийдвэрлэх зорилт дэвшүүлэн ажиллах чиглэл өгсөн болохоо дуулгасан юм. Мөн тэрээр, Монгол орны нөхцөлд тохируулан шинээр нэвтрүүлж буй технологи, гарааны компаниудын төслийг АНУ-ын Элчин сайдын яамнаас анхааран үзэж танилцахыг хүслээ. Элчин сайд Женифер Зимдал Галт, утаагүй Улаанбаатар хотыг бий болгоход өөрийн зүгээс идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хоорондын хоёр дахь удаагийн Мянганы сорилтын компакт гэрээний үйл явцын талаар мэдээлэл солилцлоо. Мөн Эрүүгийн хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн талаар, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй бусад хуулийн төслүүдийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Натан Б.Жонсон, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Г.Алтанцэцэг нар байлцав.


URL:

Сэтгэгдэл бичих