Л.Эрдэнэчулуун: Төвийг сахихын тулд хоёр хөршийнхөө санаа бодлыг зайлшгүй сонсох учиртай

12662483_219188458426781_4051209516546396890_n

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Төвийг сахих бодлоготой болох нь манайд ямар ач холбогдолтой байж болох талаар Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунтай ярилцлаа.

-Байнга төвийг сахих нь дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй байх. Энхийн цагт ч цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхыг хэлж байна уу. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Ерөнхийлөгчийн саналыг улсын бод­лого болгон баталгаажуулс­наар монголчууд бид ашиг олохгүй, харин ч их томоор алдана гэж бодож байна. Үүнийг би гадаад бодлогын мэргэжилтэн хүний хувьд хэлж байна. Дээр нь надад энд тэндээс дарамт шахалт ирнэ гэхээс айж эмээх юмгүй хүн хэлж байна. Талхны мөнгөнөөсөө салчих вий гэж эмээх зүйл алга.

Байнга төвийг сахина гэдэг ойлголт нь дайны үед ч, энхийн цагт ч төвийг сахина гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, ямар ч асуудалд оролцохгүй. Бусад улсад дайн болж байсан ч Швейцарь шиг төвийг сахина. Харин байнга гэдэг нь энхийн цагт ч төвийг сахина гэсэн үг. Олон улсын асуудлаар ялангуяа маргаантай аль нэг асуудлаар байр сууриа илэрхийлэхээс зайлсхийх, аль болох зайгаа барина гэсэн санаа юм. Төвийг сахина гэдэг нь маш тодорхой ойлголт. Дур зоргоороо түүнийг тайлбарлаж болохгүй гэж бодож байна. Ерөнхийлөгч төвийг сахих бодлогыг хүлээн авснаар энэ нь гадаад бодлогын үзэл баримтлалын бодит үргэлжлэл болно гэж байна. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Манай улс хэзээ ч төвийг сахисан улс байгаагүй. Манай улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний бүрэн эрхт гишүүн улс. Энэ хоёр өөр, өөр ойлголт юм. Тийм учраас гадаад бодлогоо “хэлбэршүүлж” байгаа төдий зүйл биш. Төвийг сахиад аль нэгнийх нь талд оролцохгүй гэж хэлж байгаа нь идэвхтэй байна гэсэн утгатай юу? Гэтэл Ерөнхийлөгч аливаа асуудалд Монгол байр сууриа илэрхийлэх эсэх нь нээлттэй гэж тайлбарласан. Энэ ойлголтыг өөрийн дураар хааш нь ч хамаагүй чангааж, сунгаж ойлгож болдоггүй.

-Төвийг сахих статустай болох нь бүс нутгийн хэмжээнд идэвхтэй тоглогч болох сонирхолтой манай улсын хувьд давуу тал нь болно гэж тайлбарлах хүмүүс ч байна. Нөгөө талаас Монголд ямар сөрөг нөлөө үзүүлэх бол гэсэн эргэлзээ ч бий?

-Төвийг сахисан 10 хүрэхгүй орон бий. НҮБ-ын гишүүн 193  улс байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн 200-аад орны өчүүхэн  хэсэг нь төвийг сахиж байна. Би өмнө нь өгч байсан нэг ярилцлагадаа төвийг сахих нь үеэ өнгөрөөсөн бодлого гэж хэлж байсан. Үүнийгээ товчхон тайлбарлая.  Тэгээд ч төвийг сахих болсон шалтгаан нь гол төлөв их гүрнүүдийн да­ралт шахалттай холбоотой байсан. 1815 онд Швейцарь улс өөрөө төвийг сахиснаа зарлаагүй, харин их гүрнүүд баталгаа гаргасан байдаг. Дэлхий ертөнц сүүлийн 50, 60 жилд асар их өөрчлөгдсөн. Шинжлэх ухаан, техникийн хувьсгал болж, мэдээллийн эрин ирсэн энэ үед дэлхий ертөнц жижиг хотхон болон хувирч байна.  Дэлхийн аль нэг өнцөгт болж буй үйл явдлыг бид хэдхэн хормын дотор сонсдог, мэдэж авдаг болсон. Үнэхээр улс орнууд бие биенээсээ  хамааралтай болсон ийм цагт танай улсад болж байгаа үйл явдал манайд хамаагүй гэж болох уу? Бид төвийг сахиснаар дуугарах үедээ дуугарна, хэлэхгүй үедээ хэлэхгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Ийм бодлогыг туйлбартай, зарчимтай, ёс суртахуунтай бодлого гэж хэлж болох уу? Өнөө үед олон улсын терроризм, хар тамхи, зэвсгийн худалдаа наймаа, дүрвэгсэд зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй хурц хурц асуудал байна. Одоо улс хооронд дайн гарахаа бараг больж ийм дайн улс орнуудын дотооддоо болдог болжээ. Хэдийгээр аль нэг улсын дотор дайн мөргөлдөөн болж байгаа ч аюул нь зөвхөн нэг улсаар хязгаарлагдахгүй байна. Тухайлбал, дүрвэгсэд Европыг бүхэлд нь эзэлж байна. Үүнээс үүдэн Европын холбоо цаашдаа байх уу, үгүй юу гэдэг дээр тулж ирлээ. Иргэд нь улс хооронд чөлөөтэй зорчдог байсан бол дүрвэгсдийн асуудлаас болж хилээ хааж эхэлсэн. Тэгэхээр энэ бол нэг улс биш бүхэл бүтэн бүсийн, Европ тивийг хамарсан том асуудал болж хувирсан. Ийм ноцтой байдал бий болж байхад жишээ нь Монгол Улс амаа хамхиад сууж болох уу? Дуугарсан ч яахав, дуугарахгүй ч байсан яахав гээд сууж байх нь ямар ёс суртахуун болж таарах вэ? НҮБ 100 гаруй асуудал хэлэлцэж байна. Тэр дунд дүрвэгсдийн асуудал ч багтаж байгаа. Тэгэхээр дүрвэгсэдийн асуудал ч юм уу эсвэл Сирид болж байгаа үйл явдал НҮБ-ын гишүүн Монгол Улсад огт хамаагүй гэж болохгүй биз дээ. Хэдийгээр Монгол жижиг, нөлөө багатай  улс ч өөрийн байр сууриа илэрхийлдэг байх учиртай. Сирийн ард түмнийг хядаж байхад, хядвал хядаг гээд сууж болохгүй.

-Батлан хамгаалахын салбарт ямар нөлөө үзүүлэх бол?

-Хуулийн төсөлд тө­вийг сахиж байгаа атлаа цэрэг зэвсэг, батлан хамгаалах талаар бусад орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт хамаарахгүй гэж байгаа. Үүнийг манай улстай энэ чиглэлээр ажиллаж байгаа улсууд юу гэж ойлгох вэ? Төвийг сахих гэж байгаа бол батлан хамгаалахын чиглэлээр хамтын ажилла­гаагаа манай хөршүүд зогсооно биз дээ. Ийм асуудал хөндөгдсөн гэж би ойлгож байгаа. Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Бид энэ хоёр улстай хэзээ ч эн зэрэгцэж чадахгүй. Улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэг зэрэг аль ч талаараа өрсөлдөж чадахгүй. Хэрэв аль нэгэн улс нь Монгол руу дайрлаа гэхэд бид аюулгүй байдлаа хэзээ ч бие даан хамгаалж чадахгүй. Тэгвэл манай улс батлан хамгаалах салбартаа хэдэн тэрбумаар нь хөрөнгө мөнгө хаях ямар шаардлага байна? Ерөөсөө огт цэрэггүй Коста-Рика улс шиг болж болно шүү дээ.

-Бид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож Ирак, Афганистанд цэргээ илгээ­дэг. Энэ асуудал юу болох бол?

-Ерөнхийлөгч төвийг сахих бодлоготой ч, бодлогогүй ч байсан энхийг сахиулах үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой гэж ярьж байна. Байнга төвийг сахиж байгаа улс гадаад руу цэрэг илгээнэ гэж байх юм. Аливаа дайнд төвийг сахина гэсэн байж, НҮБ-ын мандаттай дайнд оролцоно гэсэн чинь юу гэсэн үг вэ? Үүнд ямар логик байна вэ. Төвийг сахина гэсэн ойлголтод нь таарах уу. Цөмийн дайнд төвийг сахина гэж бүр ч байхгүй. Ерөнхийлөгч Монгол Улс төвийг сахиснаар ямар ч өөрчлөлт орохгүй гэлээ. Хэрэв тийм юм бол ийм бодлого зарлах, хуульчлан батлах ямар ч хэрэггүй баймаар юм. Монгол Улсад ардчилал үүсээд дөрвөн жилийн дараа бид гадаад бодлогын үзэл баримтлалаа баталсан. Тэр үзэл баримтлалын юу нь болохгүй байгаа нь ойлгомжгүй болж ирэх юм биш үү?

-Монгол Улсын гадаад бодлого тогтворгүй байдаг талаар гаднынхан шүүмжилдэг. Тэгэхээр төвийг сахих бодлоготой болсноор бодлого илүү тогтвортой болно. Түүнчлэн олон улс дахь нэр хүнд маань өсөж тэр хэрээр хөрөнгө оруулалт татах боломжтой гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Төвийг сахисан, сахиагүй ч шүүмжлэлд өртөж болно. Төвийг сахих бодлого батлагдсан ч энэ бодлогоо хөсөрдүүлээд явахыг байг гэхгүй. Энэ бүхэн засаг, төрийн тууштай бодлогоос л шалтгаална. Төвийг сахих хуультай болсноор нэг их сайхан болох мэтээр хүний тархи толгойг угааж хэрэггүй. Төвийг сахиснаар Монголын нэр хүнд өснө гэж байна. Харамсалтай нь тийм зүйл байдаггүй юм. Монгол Улс олон улсын төвшинд хүлээсэн үүргээ чанд биелүүлдгээ харуулж, нотолсон цагт л сая гадаадын хөрөнгө орж ирнэ. Тэрнээс төвийг сахисан бодлого баталсан төдийхнөөр гадаадын хөрөнгө оруулалтын үүд хаалга шууд нээгддэг ч юм биш. Мөн төвийг сахиснаараа олон улсын байгууллагуудын төв болох юм шиг хэлж байна. Мэдээж Швейцарь бол тийм. Гэтэл жишээ нь  Кенийн Найроби, АНУ-ын Нью-Йорк, Тайландын Бангкок, Японы Токиод олон улсын байгууллагуудын том том төвүүд бий. Энэ чинь тэдгээр улс төвийг сахисан улс учраас тийм байгаа юм биш шүү дээ. Тэд олон улсын байгууллагыг хүлээн авах эдийн засгийн чадамжтай, сайн дэд бүтэцтэй, өндөр төвшинд үйлчилгээ үзүүлж чаддаг учраас тийм байгаа юм. Гэтэл энэ чадвар манайд байна уу? Ядаж дэд бүтэц, үйлчилгээ, хоол хүнс гээд бүх зүйл нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Бид махаа сайн боловсруулж хоёр хөршдөө бүтэн нийлүүлж чадахгүй байж яаж олон улсын байгууллагын төвийг хүлээж авах вэ? Үүнээс гадна дотоод байдал тогтвортой, хамгийн их итгэл хүлээсэн улсад л ийм байгууллагыг байгуулна шүү дээ. Магадгүй Ерөнхийлөгч 100 жилийн дараах асуудлыг ярьсан байх. 50, 60 жилийн дараа Монгол өндөр хөгжилтэй болохыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа 100 жилийн дараахийг харахын тулд өнөөдөр юу чухал байгааг бодмоор юм. Засгийн газар нь албан хаагчдынхаа цалинг тавихаар гаднаас зээл авах гэж байж 100 жилийн дараах асуудлыг өнөөдөр чухалчлах хэрэг байна уу, үгүй юу?

-Үнэхээр манай гадаад бодлогын үзэл баримтлалын хувьд өөлөх зүйл байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгч өөрийн толгойтой байя гэж хэлсэн. Монгол Улс 1994 оны гадаад бодлогын үзэл баримтлалаа УИХ-аар батлуулахдаа өөрийн толгойгүй байсан хэрэг үү? Уг нь энэ бол ардчиллын үед боловсруулж  гаргасан үзэл баримтлал.

Гурван жилийн өмнө үзэл баримтлалаа шинэчилж редакц хийсэн. Түүнд “гуравдахь хөрш”-ийн тухай чухал шинэ заалт тусгагдсан. Гадаад бодлогын үзэл баримтлалыг өөлж байгаа хүн ганц ч байхгүй. Ер нь тэгээд төвийг сахих асуудал хамгийн түрүүнд хоёр хөрштэй шууд холбоотой асуудал юм шүү. Хоёр хөрш маань маргаан мэтгэлцээнд ороод, харилцаа нь хурцадсан нөхцөлд бид хэрхэх вэ гэдэг гарна. Яагаад гэвэл манай аюулгүй байдлыг хөндөнө гэсэн үг. Ерөнхийлөгч хоёр хөрштэй харилцаж байгаа харилцаа дээд төвшинд хүрсэн гэж байгаа. Хэрвээ дээд төвшиндөө хүрсэн юм бол одоо яагаад төвийг сахих бодлогыг чухалчлах болов оо гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуудалтай зэрэгцээд манай хоёр хөрш байр сууриа илэрхийлсэн эсэхийг ч хүмүүс Төрийн тэргүүнээс асууж байгаа. Энэ асуудлыг БНХАУ-ын Элчин сайдын яа­­маар дамжуулж би­чиг хүргүүлсэн гэж Ерөнхийлөгч хэлж байна лээ. Түүндээ ямар хариулт авсан нь чухал. Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын дүнгээр гарсан хамтарсан мэдэгдэлд төвийг сахих тухай ганц ч үг байгаагүй. Ер нь энэ асуудлыг бид дотроо шийдэж чадахгүй байгаа цагт Хятадын Засгийн газрын зүгээс санал бодлоо илэрхийлэх боломжгүй л дээ. Тийм ч учраас хамтарсан мэдэгдэлд тэр талаар дурдаагүй байж таараа. Дурдаагүй өнгөрсөн нь бас нэг тодорхой хариулт мөн. БНХАУ Монгол Улсын сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ гэж хэлсэн байдаг. Тэр бол төвийг сахих бодлоготой холбоотой яриа биш. Монгол, Хятадын харилцаа 1980-аад оны сүүлчээс хэвийн болж ирсэн. Тэр үеэс л Хятадын  тал дээрх санаагаа байнга хэлж ирсэн. Үүнийг төвийг сахих бодлоготой хамааруулж дэмжсэн юм шиг ярих учиргүй. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын асуудлаар тэр дундаа хоёр хөршийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлаар бид тэдний саналыг авахгүйгээр бодлого боловсруулж гаргах нь хамгийн буруу. Энэ нь бид хоёр хөршөө өөрөөсөө түлхэж байгаа утга болно. Ерөнхийлөгчийг Хятадад айлчлах үеэр телевизээр хэлэлцүүлэг хийж, Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Хятадын талаас улс төр судлаач хүн оролцсон. Хятадын талын судлаач Орос, Хятад улсын хооронд хурцадмал байдал үүсэх нөхцөлд төвийг сахих асуудал гарна гэж хэлж байна лээ. Мөн Хятад, Оросын харилцаа хэзээ ч муудахгүйг судлаач онцолсон. Хэрэв Орос, Хятадын харилцаа хэзээ ч муудахгүй гэвэл одоо бид төвийг сахих бодлогын тухай ярих хэрэгтэй юу гэдэг асуулт гарна. Ха­рин Тамгын газрын дар­га зөвхөн нэр өгч, хэлбэр­жүүлж байгаа гэж ярьсан. Нэр өгөх төдий зүйл юм бол ийм их маргаан мэтгэлцээн гарч асуудал сунжирмааргүй юм. Өнөөдөр ийм байдал бий болчихоод байгаа нь харин юм бодогдуулмаар юм.

-Хятад энэ асуудлыг дэмжихгүй гэдгээ янз бү­рийн өнгө аясаар илэр­хийлсэн гэлээ. Тэгвэл Оросын тал дэмжихгүй байгааг ямар үндэслэлээр нотлох вэ?

-ОХУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд В.В.Самойленко яг энэ сэдвээр нийтлэл бичсэн байсан.  В.В.Самойленко үүнийг зүгээр нэг бичихгүй. Ямар ч улс гадаад бодлогын асуудлаар дотроо саналаа нэгтгэсний дараа ярьдаг журамтай. Энэ өгүүллээс Оросын Засгийн газрын байр суурийг төвөггүйхэн мэдэж болно. Жишээ нь, … олон улсын хамтын ажиллагаа өргөжсөн даяаршлын үед түүний (төвийг сахих бодлого. Л.Э.) ач холбогдол мэдэг­дэхүйц буурсан билээ. Гэтэл Орос, Хятадын дунд орших Монгол Улс гэнэт  байнга төвийг сахих статустай болох талаар саяхнаас ярьж эхэллээ. Түүгээр барахгүй Монголын парламент буюу УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. … тал нутгийн бүгд найрамдах улсын “байнга төвийг сахих” санаачилга нь Ази дахь хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлагаас гажсан байгаа нь гэнэт гарч ирсэн зүйл мэт харагдаж байна. Үүнтэй холбоотой тодорхой асуудлууд гарч ирж байгаа ба хариулт олвол сайн байхсан. … одоогоор хариултууд олдохгүй байна, гэжээ. Мөн тэрээр … үүнтэй холбоотойгоор тодорхой зорилтуудыг шийдвэрлэх бус харин илүү өөрийн улс руу олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татах гэсэн түүний удирдлагын хүсэлтэй илүү холбоотой болов уу. Эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийгэм дэх шүүмжлэлтэй хандлага, дотоод улс төрийн хурц зөрчлийн улмаас Улаанбаатар эдгээр асуудлаас гарахын тулд идэвхтэй гадаад бодлогоо золиосолж байна, гэжээ. Үүнд би тайлбар хийх нь илүүц биз. Саяхан 1000 гаруй хүн оролцсон “Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл” гэсэн чуулга уулзалт болсон. Чуулганд оролцсон хүмүүс өнөөдрийн ард түмний аж амьдралтай холбоотой асуудалд маш их шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэнээс гадна улс орны аюулгүй байдлын талаар ч санал бодлоо хэлж байна лээ. Үнэхээр байдал хүнд байгаа. Бид үүнд л илүүтэй анхаарах ёстой. Иймд шийдвэр гаргагчид төвийг сахих тухай асуудлыг бүх талаас нь эрэгцүүлж сайн бодоосой гэж хэлмээр байна. Эргэж буцах замгүй болчих бол Монгол Улсын нэр хүнд л хохирно. Ерөнхийлөгч  ийм санал гаргаснаар мэргэжилтнүүдийн дунд хагарал үүссэн гэж хэлэхэд буруудахгүй байх. Дэмжиж байгаа хүмүүсийн дотор албан тушаал горилсон, талхны мөнгөнөөсөө салчихгүй юмсан гэж бодож байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Ерөнхийлөгчийг ярилц­лага өгөх үеэр нэг хүн төвийг сахих бодлогыг нэг хэсэг нь дэмжиж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцлээ. Гэтэл төвийг сахих асуудлаар яривал зохих хүмүүс төвийг сахиад дуугүй сууж байна гэж хэлсэн. Монгол Улсын Элчин сайд байсан Р.Болд, Ч.Баатар, Ж. Энхсайхан, дипломатч Б.Баасансүрэн болон зарим судлаач хүмүүс энэ асуудлаар санал бодлоо илэрхийлж тэдгээр нь хэвлэлд нийтлэгдсэн байна лээ. Тэд бүгдээрээ туршлагатай, өндөр чадвар мэдлэгтэй дипломатчид, мөн судлаачид юм. Тэр хүний хэлснээр бид  мэргэжилтэн биш зүгээр л эсэргүүцэгчид болж таарч байна даа. “Ярих ёстой” хүмүүс нь хэн болж таарч байна вэ. Миний мэдэхээр Гадаад хэргийн яаманд нэг хоног ч ажиллаж үзээгүй зарим хүн тийм зүйл ярьж байгаа нь сонсогдож байна лээ.

-Гадаад хэргийн яамны хувьд хуулийн төслийг боловсруулахад чухал үүрэгтэй оролцох ёстой байсан байх?

-Гол байгууллага нь Гадаад хэргийн яам. Үүнийг Гадаад хэргийн яам боловсруулах ёстой. Дараа нь Засгийн газарт асуудлаа оруулах шат шатны дамжлага байдаг. Гэтэл Засгийн газар, Гадаад хэргийн яамны толгойн дээгүүр Ерөнхийлөгчийн Тамгын газар ийм ажил зохион байгуулаад явж болохгүй. Анх салбарын яамны оролцоо бараг байгаагүй юм байна гэж ойлгогдсон. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байсан хүн одоо Гадаад хэргийн яамыг тэргүүлж байна. Тэгэхээр үүрэг даалгавраа хэнээс авч байгаа нь ойлгомжтой. Уул номондоо энэ асуудлаар Орос, Хятадын талтай доогуур хэмжээнд санал бодлоо солилцож тандалт хийх ёстой байсан. Ер нь ч олон улсын практикт байдаг зүйл. Манай улс хоёр том хөрштэй. Үүгээр л манай геополитикийн орчин тодорхойлогдож байгаа. Хоёулаа цөмийн зэвсэгтэй улс. Хоёулаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн. Дэлхийн хамгийн нөлөөтэй орнуудын тоонд багтдаг. Эдийн засаг болоод цэргийн хүчин чадлын хувьд байдал ойлгомжтой. Дэлхий дээр энэ хоёр улсыг сонсохгүйгээр олон улсын асуудал шийдэгдэнэ гэж байдаггүй. Ийм хоёр улсын дунд бид оршиж буйгаа мэдрэх л хэрэгтэй.

-Олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх олон мега төсөл яригдаж байна. Тухайлбал, гурван улсын хооронд эдийн засгийн коридор барих асуудлыг дурьдаж болно. Ийм чухал цаг үед Монгол төвийг сахиснаар биднийг энэ салбараас шахах вий гэсэн болгоомжлол ч бий?

-Оросоос Хятад руу хийн хоолой тавихын тулд  Монголын нутгаар дамжуулах талаар олон жил ярьсан ч шийдэж чадаагүй. Монгол энэ саналыг олон удаа тавьсан ч шийдэгдэлгүй дууссан. Монголд итгэх итгэл байхгүй  учраас Монголыг тойрсон. Бусад орны хувьд ч тийм байна. Эхлээд итгэл найдвартай түнш болохоо харуулах хэрэгтэй. Гэхдээ итгэл санаснаар өөрөө бий болдог зүйл биш, олон жилийн хөдөлмөр шаардана. Сүүлийн 25 жилийн хугацаанд хоёр хөрштэй харилцах харилцаа, ялангуяа ОХУ-тай харилцах харилцаа тэр болгон тогтвортой сайн явж ирээгүй гэдгийг бид мэднэ. Одоо харин аль, аль талын хүч чармайлтын дүнд бид хоёр хөрштэйгөө стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Үүнийгээ эвдэж болохгүй. Ерөнхийлөгчийн санаачлагаар гурван талт яриа хэлэлцээний механизм бий болох эхлэл тавигдаж байна. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл ширээний ард гурвуулаа сууж байгаад хэлэлцээд шийдвэрлэх олон асуудал байна. Үүнд эдийн засгийн коридор байгуулах, байгаль орчноо хамгаалах, гурван талын буюу олон талын оролцоотой томоохон төслүүд байна. Ийм сайхан боломж нээгдэж байгаа үед түншүүдээ цочирдуулж болохгүй. Төвийг сахих  тухай асуудал хэдийгээр улс төрийн асуудал боловч энэ нь бусад салбарын хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй гэж бодож болохгүй. Энэ чинь эргээд гурван талын яриа хэлцээнд муугаар нөлөөлөх бол яах вэ.

-Монгол ЕАБХАБ болон “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-ий гишүүн орон. Дээрээс нь бүх улстай дипломат, найрсаг харилцаа тогтоосон. Энэ бодлого нь дээрх харилцаатай харшилдах уу?

-Ерөнхийлөгчийн зү­гээс хууль батлуулах гээд ихээхэн яарч сандарсан байдалтай байх шиг байна. УИХ-ын гишүүдийг шахаж шаардаж байгаа бололтой. УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлуудын дотор оруулчихсан байна лээ. Хууль гаргах гээд байгааг би огт ойлгохгүй байгаа. Гадаад бодлогын үзэл баримтлал хаана эрэмбэлэгдэх болж байна вэ. Энэ үзэл баримтлалыг УИХ баталсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёр баримт бичгийг сөргөлдүүлж тавьдаг нь ямар учиртай вэ.  Манайхны гайхшраад бүр очиж туршлага судлаад ирсэн Швейцарь улс чинь төвийг сахих бодлогыг хуульчлаагүй юм шүү дээ. Энэ улсад байнга төвийг сахих бодлогоо гадаад бодлогынхоо арга хэрэгсэл гэж үздэг. Төвийг сахих бодлого нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын үргэлжлэл гэж хэлж буйг зөвшөөрөх хэцүү. Монгол Улс “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-ий гишүүн орон. “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-ий хурлуудаас олон улсын бүх чухал асуудлаар шийдвэр гаргадаг. Үүнийг баталж байхад Монгол оролцох уу эсвэл баталж байгаа баримт бичигт бид хамаагүй гэх үү. Бид өөрсдөө эвгүй байдалд орно шүү дээ. Стратегийн түншлэлийн асуудалд төвийг сахих нь огт хамаагүй гэж байгаа. Хамгийн хамаатай асуудал.

-Таны ярьснаас харахад заавал төвийг сахих бодлоготой болж, түүнийгээ зарлах гээд байгаа нь цаанаа сэжигтэй байх нь гэсэн эргэлзээ төрж байна?

-Төвийг сахих бодлоготой болох асуудлыг хэзээ ч нэг орон өөрөө шийдэж байсан түүх байхгүй. Гол төлөв том гүрнүүдийн шахалтаар төвийг сахиж байсан. Ерөнхийлөгч дарамт шахалт байхгүй гэж байгаа. Гэхдээ ямар нэг дарамт ирснийг үгүйсгэхгүй.  Учир нь ар хударгаар юу хийснийг бид мэдэхгүй шүү дээ. Ер нь Монгол орон дотоод байдал нь намжмал, тогтвортой, өндөр хөгжилтэй, иргэд нь хангалуун амьдралтай, айдас хүйдэсгүй амьдардаг нөхцөл бий болсон цагт олон улсын зууч, олон улсын байгууллагын төв байх асуудал ярихаас одоо хийсвэр зүйл ярьж болохгүй. Энэ бол дэндүү гоомой явдал болно.

Д.Гэрэлцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: bat yandan Огноо: 23 February 2016

ene yasan t1 hun be ?

Сэтгэгдэл бичих