БАЙГАЛИЙН ОНЦ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН УЛМААС ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМАГ ЦАХИЛГААНГҮЙ 18 ЦАГ БОЛОВ

Уржигдраас эхлэн манай орны ихэнх нутгаар эрс хүйтэрч, бороо, цас холилдон орж байна. Энэ сарын 27-28-нд шилжих шөнө Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсчээ. Байгалийн энэ үзэгдлийн улмаас “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн бетонон 17 тулгуур багана унаснаар Дархан-Уул, Сэлэнгэ аймаг нэлэнхүйдээ цахилгаангүй болжээ. ЭБЭХЯ-наас Д.Зоригт сайдаар ахлуулсан Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцахаар газар дээр нь очсон байна. Байдал газар дээрээ ямар байгаа талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяртай өчигдөр 16.10 цагт холбогдож тодрууллаа.

ЗАРИМ ГАЗАРТ ТАСАРСАН ЦАХИЛГААНЫГ СЭРГЭЭЖЭЭ

-Танай аймагт цаг агаар ямар байна. Аймгийн хэмжээнд цахилгаангүй байгаа гэсэн. Үнэн үү?

-Оройдоо цаг агаар харьцангуй гайгүй болж байна. Цасан шуурга намжсан. Манай аймгийн зарим газарт цасны зузаан 14 см хүрлээ. Нэлээд хүйтэрч байна. Аймгийн хэмжээнд уржигдар 21.00 цагаас хойш цахилгаангүй болсон. Өнөөдөр (өчигдөр) Онцгой комисс 14.00 цагт хуралдаж, цахилгааны тулгуур багануудыг босгох, тасарсан утсыг шинэчлэх зэрэгт хүн, хүчээ хуваарилсан. Аймгийн төвийн хувьд одоогоор нөөц цахилгаан станцаа ажиллуулж байна. Нөөц станцын хүчин чадал 19.00 цаг хүртэл аймгийг цахилгаанаар хангана. Тэр болтол манай хүмүүс аймгийн төвийн цахилгааныг өгчих болов уу. Сая хуучин Дарханыг эрчим хүчээр хангасан байна гэв. Үүнээс хойш нэг их удалгүй 17.00 цагт Дархан-Уул аймгийн төвийн цахилгаан иржээ.

Цахилгаан тасраад дахиж ирэхээрээ хүчдэл нь огцом нэмэгдсэнээс болж гал гарах тал байдаг. Биднийг Дархан руу холбоо барих тоолонд онцгой байдлын алба хаагчид нь “Галын дуудлагад явж байна” гэсэн яаруу хариу өгч байв. Харин Дархан-Уул аймгаас эрчим хүчээр хангагддаг Сэлэнгэд байдал ямар байгааг аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүүгээс тодруулахад “Сая Шаамар, Зүүнбүрэн, Сүхбаатар сумын цахилгаан ирсэн. “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн удирдлагуудтай ярихад Бугант, Ерөөгийн цахилгааныг өгөхөөр хүмүүс ажиллаж байгаа гэсэн. Одоо Хөтөлийн чиглэлийн Орхонтуул, Сайхан, Сант сум үлдсэн. Хэзээ эрчим хүчээр хангахыг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн бүх сумын хүн эмнэлэг, ШТСууд “Хонда” мотороор цахилгаанаа хангасан болохоор ноцтой байдал үүсээгүй” гэв. Манай сурвалжлагч Б.Дэлгэрхишиг өчигдөр 19.00 цагт байгалийн гамшигт өртсөн газраас дараах мэдээг өгөв.

АЮУЛТАЙ ХОВОР ҮЗЭГДЭЛ БОЛСОН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

27-28-нд шилжих шөнө цас, бороо холилдон орж шууран, байгалийн онц аюултай үзэгдэл болжээ. Тухайн шөнө дээрх хоёр аймгийн цахилгаан дамжуулах утаснуудад 12-20 см зузаан мөсөн бүрхүүл тогтсоноос төмөр утаснууд түүнийгээ даалгүй маш олон газарт тасарсан байв. Мөн цахилгаан эрчим хүчний модон болон бетонон 20 гаруй тулгуур багана булгарч, зарим нь хугарчээ. Үүний улмаас эрчим хүчний Дархан, Төв, Сэлэнгийн Орхон, Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Ерөө, Бугант, Толгойт, Баянгол, Хустай, Болд төмөр Ерөө гол дэд станцаас хангагддаг хэрэглэгчид цахилгаангүй болсон аж. Гэмтлийг засахаар “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компани 50 хүнтэй шуурхай баг гарган ажиллуулж байна.

Байгалийн энэ онц аюултай үзэгдлийн учруулсан хохиролтой Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн удирдлагууд өчигдөр газар дээр нь танилцлаа. Цахилгаан дамжуулах агаарын шугамд маш зузаан мөс үүссэн нь агаарын сонин, ховор үзэгдэл болсонтой холбоотой гэж “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ”-ний инженерүүд үзэж байв. Одоогоос 40 жилийн өмнө ийм зүйл тохиолдож байсан ч тухайн үед агаарын шугамд таван см зузаан мөсөн бүрхүүл үүсчээ. Гэтэл одоогийнх үүнээс дөрөв дахин их байгаа нь маш ховор үзэгдэл болсныг гэрчилж байгаа юм. Цаг агаар ойрын үед сайжрахгүй учраас ийм үзэгдэл дахин давтагдаж болзошгүй гэж инженерүүд болгоомжилж буйгаа нуусангүй. Энэхүү гамшгийн хохирлыг арилгаж, агаарын шугамыг сэргээн засахад 2.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог урьдчилсан байдлаар гаргасан байна. Энэ хөрөнгийг ойрын үед болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ гэж ЭБЭХ-ний сайд хэлэв. Бид Улаанбаатараас Дархан явах замдаа 124-ийн даваанд цасанд боогдсон 60 гаруй машинтай таарсан юм. Бараг бүтэн өдөржин цахилгаангүй байснаас ДарханУулын орон сууцны айлууд савласан хий, ус, ундаа, талх, хиам зэрэг бэлэн бүтээгдэхүүн маш ихээр худалдан авч, дэлгүүр, хүнсний захын ийм төрлийн барааг хоосолжээ.

ЗҮҮН АЙМГУУДАД ГАМШИГ ДАВТАГДАЖ БОЛЗОШГҮЙ

Өнөөдөр Төв, Хэнтий, Дорнодын нутгаар их хэмжээний цас орж, эрс хүйтрэн, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурах тул бага насны хүүхдийг малд явуулахгүй, шуурганд уруудах, төөрөхөөс сэргийлэх, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг ард иргэдэд ОБЕГаас сэрэмжлүүллээ. Ирэх сарын 4-нийг хүртэлх урьдчилсан мэдээгээр маргааш зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Ирэх сарын хоёрноос бага зэрэг дулаарна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.
Л.ГАНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих