“Монгол цэргийн жавхаа-2016″ уралдааны нээлт боллоо

 Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийслэлийн ЗДТГ-ын дарга, “Монгол цэргийн жавхаа – 2016″ уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэд оролцов.

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. “Монгол цэргийн жавхаа” уралдаан жилээс жилд өргөжин тэлж, эх оронч үзэлтэй, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалттай, үйл ажиллагааныхаа чиг баримжааг мэдрэх чадвартай, дайчин иргэдийг бэлтгэж байгаад баяртай байна. Энэхүү уралдаан зорилгодоо хүрч, үр дүнтэй үргэлжилж байгаад урамшиж, нийслэлээс Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран  цэргийн байгууллагуудыг шинэчлэх ажлынг эхлүүлэхээр зураг төслийг нь боловсруулж байгаа юм.  Цаашид бид Монгол Улсын Зэвсэгт хүчин, монгол цэргийнхээ чадавхийг дээшлүүлж, нэр төрийг өргөх, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийх болно гэдгийг хэлмээр байна.” гэлээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.
Уралдааны нэгдүгээр шат 02 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулна. Хоёрдугаар шатны шалгаруулалт 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ. Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно.
Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих