“Хар хэл”-тэй бүсгүйтэй амраглаад хамаг амьдрал нь сүйрэв

Дулаарч цэцэг ногоо дэлгэрээд зуны эхэн сарын нэг өдөр тун сайхан байжээ. Цагийн аясыг дагаад хүний сэтгэл санаа хүртэл тавирдаг болохоор Батцэнгэл толгойг нь дарсан их ажил, унтсан ч нүдэнд нь орох их тоо, мөнгөний тухай бодлоосоо түр ч гэсэн салъя хэмээн бодоод санаа нийлдэг хэдэн нөхөдтэйгээ салхинд гарч хийморио сэргээхээр шийджээ.

Урьдын адил халуун дулаан биш хөрхийж хүйт даасан гэр орондоо очихоос дургүй нь хүрэх болсон шалтгаанаа олохыг хичээсэн боловч өнөөг хүртэл зөв хариулт олоогүй яваа аж. Тийм болохоор Батцэнгэл энэ сонголтыг хийсэн байж болох. Эсвэл өдрийн цайны цагаар уулзсан нэг найз нь:

- За, Цэнгэл минь. Чиний сүлд, сүр чинь бүр алга болчихож. Лам, хар гээд аргалж, янзалдаг хүн дээр очсон юм уу? Аль эсвэл агаар салхинд гар. Арай ч ингэж явах хүн биш юмсан… гэж зэмлэх, зөвлөхийг хослуулсан нь нөлөөлсөн ч байж болох юм.

- Дүнсийж, байнга уурлаж, үг ч солихоо больсон. Аргадаж, юу болоод, яагаад байгааг нь асуухаар:

- Чамд хамаагүй… гэхээс өөр юм хэлэхгүй. Олон сар ийм байдалтай байхыг нь харж явсан. Эцэст нь би энэ хүний хайрыг биш уурыг хүргэдэг “бай” нь болж яваадаа маш их гомдсон. Тэгээд … Түүний эхнэр Хоролсүрэн ингэж ярьжээ.

Батцэнгэл “Салхинд гарч, сэтгэлээ сэргээх” гэж байгаагаа эхнэртээ хэлээгүй байна.

- Би томилолтоор хөдөө явна. Ойр зуурын юм бэлтгэчихээрэй. Нөхрийгөө халамж, бөөцийлөлтөөр дутааж үзээгүй ажилсаг зангаараа Хоролмаа “Хөдөө явах” бэлтгэлийг базааж, “Ийм хүн биш юмсан. Ямар муу ёр шүглээд хэлж ярихгүй, хий нь гарсан дугуй шиг ингэж хачин царайлах болов оо…” гэж байнга шаналгах бодлоосоо салж чадахгүй сууж байснаа шүүгээний ард нууж хийсэн хар хавтастай бичиг, цаасыг гаргаж үзсэн байна.

Хаашаа, хэд хоногоор явж байгаагаа ч хэлэлгүй, эхнэрийнхээ бэлтгэж тавьсан цүнхтэй зүйлийг шүүрч аваад гарахад нь Хоролмаа “Болгоомжтой л яваарай даа. Эргэн тойронд чинь чамд дэндүү ойрхон байгаа хүмүүс чамайг ийм болгож байгаа шүү” гэж хашгирчээ. Тэрбээр яагаад ингэж хэлснээ бодоод бодоод олоогүй атлаа ямар ч байсан амнаас нь ийм үг унаж.

Нөхөр Батцэнгэлийгээ ингэж гарч явсны дараа Хоролмаа нөгөө хар хавтаснаас гарч ирсэн хоёр, гурван хуудас цаасан дээрх гэрээ болон тооцоог дахин үзэж, нягталжээ. Хоролмаа гайхаж, айж байснаа больж, өөрийн зөн совиндоо итгэж, болоод, зүүдлээд байгаа юмныхаа тухай дахин тунгаахад хүрчээ.
Батцэнгэл яг л нохойд бариулж, идүүлэх гэж байгаа мэт ганц ч үг хэлж чадахгүй суух аж.

- Гэр орныг чинь түйвээнэ…

- Ширэн нүүрлэсэн луйварчин минь, чи мөнгийг нь авсан шигээ өг л дөө…

- Чи яаж гуйсан ч нэр цэвэр хоцрохгүй, мэдэв үү. Тэр хүүхнийг ашиглаж, луйвардчихлаа гэж бодож байгаа бол чи андуурсан… Мэдэв үү?

Ийм улаан хэрүүлэн дунд хөлсөө арчин үг дуугүй суух нөхрийгөө харж зогссон эхнэр нь “Юу болоод байгаа юм бол? Миний хань арай ч дээ…” гээд очих гэтэл араас нь нэг хүн угз татан зогсоосон байна. Тэгснээ:

- Чи очиж болохгүй. Чи юу болсныг мэдсэнийхээ дараа оч. Би чамд юу болсон бүгдийг хэлж өгөх бичгийг олж өгөх болно гэжээ.

Хэд хоногийн өмнө ингэж зүүдэлсэн Хоролмаа “Өөрийн чадлаар ажиллаж, бусдын жишгээр сайн яваа хүнийг “Өрөнд орлоо” гэж зүүдлээд ёстой муу ёр байгаа даа” хэмээн өөрөөсөө, зүүднээсээ цэрвээд өнгөрсөн байна. Гэтэл тэр зүүд нь өдөр алгасахгүй шахам нүдэн дээр нь биеллээ олсон учраас Хоролмаа “Нэг юм болоод байна” хэмээн тунгаахад хүрчээ.

Нэлээд нямбай, буурьтай, ухаалагт тооцогдож, найз нөхдөдөө ч, хамт олондоо ч магтагдан хүндлэгдэж явдаг Хоролмаа аягатай цайгаа хөрч байгааг ч анзаарах сөхөөгүй тооны машин барьж сууснаа нөхрийнхөө “Нууц” хавтаснаас олон бичиг баримтыг авч гарч, хувилуулж авчээ. Энэ бичиг, гэрээний тухай бодож, “Энд л маш их “но” байна” хэмээн толгойгоо гашилгаж явтал найз Дариймаа нь тааралджээ. Тэр хоёр кофе ууж, элдвийг ярин нэлээд удаан суусан байна.

“Батцэнгэл нэг хүүхэнд толгойгоо мэдүүлчихээд их удаж байна. Чамд энэ тухай ярих халуун байлаа. Яагаад гэвэл, Батцэнгэл хүний хувьд их сайн, тэгээд та хоёрын амьдралыг харсаар, мэдсээр байж хачин муухай юм ярьж сэв суулгаж чадаагүй. Хоролоо өөрөө мэдээд, цаадахийгаа татаад авчих болов уу гэж бодож явсан…

… Тэр хүүхнийг нь би сайн таних юм билээ. Миний нэг танил залуутай нэг гэрт орж, хэдхэн сар амьдраад салсан юм. Тэрнээс хойш хэд хэдэн эртэй л нэр холбогдоод авсан. Тэр юу ч хийж чадна. Наад гэрээ чинь ямар учиртай юм бол? Чи цаадахыгаа хаашаа явсныг мэд. Би ч гэсэн тэр Солонгоог асууж сураглая”. Дариймаа, Хоролсүрэн хоёр ингэж ярилцаад салжээ. Төдий л удалгүй “Солонгоо, Батцэнгэл хоёр хамт амралтанд явсан байна” гэж Дариймаа утасджээ.

Хоролсүрэн нөхөртөө гомдсонгүй. Хавтсан дотроос олсон гэрээ, бас бусдад төлөхийг шаардсан 60 гаруй сая төгрөгийн баримт тооцоо болгон дээр “Ш.Солонгоо” гэсэн гарын үсэг байгааг харсан болохоор тэрбээр зөвхөн “Батцэнгэлийг аврах” тухай бодсон байна.

- Зальтай, овтой хүүхэнд хуурч, мэхлэгдсэн нь тодорхой байсан. Тийм хүнд урхидуулчихаад ийм хүнд байдалд орсноо хэлж чадахгүй, бухимдаад яваа юм байна” гэж бодоод “Учрыг олъё. Нөхөртэйгээ эвтэйхэн ярилцаад тэр Солонгоо их өөдгүй хүн гэнэ” гэдгийг хэлж, ойлгуулах гээд би тэдний араас очсон… Эцэст нь ингэж шоронд орно. Гүтгүүлнэ, доромжлуулна гэдгээ мэдсэн бол нөхрийнхөө тархи толгойг тэгж буруу эргэснийг тооцоолсон бол би очихгүй, зүгээр л юу ч мэдээгүй, сонсоогүй юм шиг байж чадах байсан… хэмээн Хоролсүрэн мэдүүлжээ.

- Юу болж, хэдэн төгрөгийн асуудал үүссэнийг тайлбарлах шаардлага байгаагүй. Солонгоо бид хоёрын мөнгөний тооцоонд санаа тавьсан мэт ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ хардаж, бухимдлаа тайлах гэж тэнд очсон… гээд олон жил ханилан суусан эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгч байсан Батцэнгэл энэ үгэндээ ороогдон амраглан гүйж, авгай, хүүхдээ хуурч, аль байдгаа өгч орхисон Солонгоо гэдэг хүүхэндээ өвдөг шороодож, бас шоронгийн хаалга татах шахжээ.

Амралтын газар очиход нь согтуу гарч ирчихээд хэл үгээр доромжилж, өөдөөс нь нулимж бүдүүлэг авирласан Солонгоо гэх 37-38 настай бүсгүйг алгадаж, хана мөргүүлснийхээ төлөө “Танхайрч, бусдын эрх чөлөөнд халдсан. Хүнд гэмтэл учруулсан” гэх гэмт хэрэгт буруутгагдан хорих ялаар шийтгүүлсэн Хоролсүрэн:

- Чиний төлөө явсандаа би ийм байдалд орлоо. Чи намайг биш тэр хүүхнийг өмөөрч, гэрчийн бас хохирогчийн мэдүүлэг өгөөд зогсохдоо дээр чинь үнэнийг ялгаж салгаад өгдөг хөх тэнгэр, бурхан байгааг мэдсэнгүй. Чи надад биш үр хүүхдэдээ санаа зовоогүй. Тэр хүүхний өр ширийг дарж, өөрөө шаналж яваа чинь чиний амьдрал, аз жаргал юм биз дээ… хэмээн уйлан байж хэлснээс хойш Батцэнгэл сураггүй алга болжээ.
Тэгтэл Солонгоо нь “Залилан”-гийн гэмт хэргээр цагдан хоригдсон байна. Энэ үед Батцэнгэл мөнгөний асуудалд ороогдон хоригдож байгаад гарсныг мэджээ.

Ингээд Батцэнгэл гэх эр нууц амраг бүсгүйдээ мэхлүүлэн 40 гаруй сая төгрөгийн өр, зээлийг нь төлж, мөн их хэмжээний зээл авч өгснийхөө төлөө өөрөө өрөнд орж, 15 хүнээс мөнгө авч арайхийн компанийн барилга болон үл хөдлөх хөрөнгөтэйгээ үлдсэн байна. Түүнд итгэж мөнгөө зээлдүүлсэн хүмүүс өдөр, шөнөгүй ээрч, эцэст нь цагдаад хандсанаар Солонгоогийн “залилан” илэрчээ.

Тэрбээр “Би жирэмсэн болсон. Чиний хүүхдийг тээж байна. Тэгэхээр чи энэ өрийг төл гээд 6-8 хүнээс зээлсэн мөнгөнийхөө баримт, гэрээг Батцэнгэлд өгсөн байна. Түүнийг татгалзах эсвэл учрыг лавлах юм бол:

- Би энэ зургийг, бас жирэмсэн гэдгээ интернэтээр цацаж чамайг гишгэх газаргүй болгоно шүү гээд сексийн үеийн байдлыг гар утсаараа болон камераар хийсэн бичлэг, зураг сэлтээ үзүүлэн сүрдүүлдэг байжээ. Бусдаас их хэмжээний мөнгө авч, өөрөө тансаглаад эцэст нь өөрт таалагдсан, бийлэгжүү эрчүүдийг урхидаж өрөө төлүүлдэг өөрийн болоод бусдын дур хүслийн үед хийсэн зураг, бичлэг, үг яриагаар нь хүртэл шантаажилдаг башир аргатай бүсгүйн үнэн төрхийг мэдсэн эр:

- Миний эхнэр Хоролсүрэн буруугүй. Би буруутай гэж хожимдсон хойно цагдаа, шүүхэд өргөдөл бичиж түүнийг хорих ялаас чөлөөлүүлэхээр хөөцөлджээ. Гэвч Солонгоод гар хүрсэн, хөмсөг нь язарч оёдол тавиулсан нь үнэн учраас Хоролсүрэнг ялаас чөлөөлөх, суллах боломжгүй нь тодорхой ажээ.

- Тэр хүн бүгдийг ойлгож, ухаарсанд баяртай байна. Гэхдээ би тэр хүнтэй амьдрахгүй. Намайг биш өөр хэнийг ч нэгд тавьж чадах юм байна гэдгийг мэдэрсэн гэж ярих Хоролсүрэн бас нэг хачирхалтай юм ярьжээ.

- Энэ Солонгоо их сонин хүүхэн. Түүний дэргэд ойртоод очихоор бүх бие хүйт дааж, айдас төрөөд байдаг юм. Эндхийн хүүхнүүд хүртэл Солонгоогоос цэрвэдэг. Түүнтэй муудалцаж, үг зөрсөн нэг эмэгтэй шууд халуурч бүр элийрч дэмий чалчиж их айлгасан шүү. Манай эгч “Батцэнгэлийн толгой чөтгөрт урхилагджээ. Амь насанд нь ч аюул учирч мэднэ” гэж лам хэлсэн гээд ярихад нь би тоогоогүй. Тэгтэл энэ Солонгоог хэлж байсан юм байна гэдгийг одоо л ойлгож байна. Би очиж, энэ хоёрын “булхай” илрээгүй бол Батцэнгэл үхэх байсан байх. Ёстой сонин болоод удсан шүү. Шөнө унтаж байхдаа бүх бие нь хүйтэн, тэгээд нүднээс нь сонин гэрэл цацраад байх болсон шүү. Тэгээд яг тэнэг хүн шиг болсон байсан. Энэ Солонгоо ёстой хар хэлтэй, хар мөртэй хүн гэдэг нь үнэн. “Манай ээж хар дом хийдэг удмын хүн. Би ч чадна. Гэхдээ айгаад байх болсон” гэж тэрбээр ярьсан гэсэн хүнээ танихгүй, хэнтэй хамаагүй ойртох юм бол юунд ч хүрч, юу ч болж болох нь гэдгийг сургамж, дохио болгон ярьж байгаа юм шүү” хэмээн Хоролсүрэн ярьж байна. Солонгоо гэх эмэгтэйн хэл нь улаан, ягаан биш хар өнгөтэй гэж бас нэг хүн ярьсан байв.


URL:

Сэтгэгдэл бичих