Оюутолгойн гэрээнд нөлөөлж мэдэх Шанхайн уулзалт эхэллээ

3ba1780aef35390c98851519ac8c690e53f63d92

Дэлхийн эдийн засгийн нэг төв гэгддэг БНХАУ-ын Шанхай хотноо өнөөдөр “Их 20”-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар уулзах гэж байна. Шанхайд болох энэ удаагийн уулзалтаар хөндөх гол сэдвийн нэг нь манай улстай дам утгаараа хамаатай байх нь. Үр дүнгийн хувьд шууд хамааруулж болохгүй ч, явцдаа Оюутолгой төслийн хувь заяаг эргүүлж мэдэх шийдвэрийг “Их 20”-ын Сангийн сайд нар гаргахаар төлөвлөжээ. “Financial Times”-д мэдээлснээр Шанхайн уулзалтаар үндэстэн дамнасан корпорацуудын шударга татвар төлөлтийн талаар хэлэлцэх юм байна. Энэ сэдэв мэдээж Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той шууд хамааралтай.

“Рио Тинто” зэрэг үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг корпорацуудыг тойрсон маргаан дэлхийн өнцөг булан бүрт тасардаггүй. Алтыг нь аваад, авдрыг нь хаяна гэдэгчлэн тэд хөрөнгө оруулалт хийх нэрээр байгалийн баялгийг нь зөөсөн тухай жишээ бишгүй олон байдаг. Хамгийн гол нь байгалийн баялгийг нь ашиглахдаа татвараа шударгаар төлөхдөө тун хойрго ханддаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэд үйл ажиллагаа явуулж ашиг олсон орныхоо татвараас зайлсхийхийн тулд ашиг шилжүүлэх, үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтаа өсгөх гэсэн хоёр, гурван сонгодог арга хэрэглэдэг байна. Дэлхий даяар компаниудын хооронд хийгдэж байгаа борлуулалтын 80 хувь нь харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгддэг. Ингэснээр тэдгээрийн хооронд хэрэглэж байгаа борлуулалтын үнэ зах зээлийн бодит ханш биш байх магадлал өндөрсдөг аж. Зах зээлийн бус үнэ хоорондоо хэрэглэнэ гэдэг нь ашиг шилжүүлэх ажиллагааг өөрсдийн хүсэл зоригт нийцүүлж гүйцэтгэх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төлөх тат­варын хэмжээгээ хүс­сэнээ­рээ удирдах боломжтой.  Гаднаас нь харахад энэ нь хууль ёсны мэт боловч үнэн хэрэгтээ тухай улсын хуулийн цоорхой, татварын байцаагчдын ур чадвар зэргээс хамаарч баялгийн эзэд нь хохироод үлддэг байна. Нэг ёсондоо жилд хэдэн мянган ам.долларын цалинтай хөрөнгө оруулагчдын хуульчдын багтай сарын сая хүрэхгүй төгрөгийн цалинтай татварын байцаагч тулна гэсэн үг. Эндээс ямар үр дүн гарах нь тодорхой биз ээ.

Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай улсад хөрөнгө оруулалт хийхдээ татварын хөнгөлөлт эдлэхийг шаардах, хөрөнгө оруулалтын хэмжээгээ шалтгаангүйгээр өсгөх зэр­гээр эдийн засгийн хувьд өөртөө давуу тал үүсгэдэг аж. Энэ мэт шалтгаанаас болж Эдийн засгийн хамтын ажил­лагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн 31 улс татвараас зайлсхийсэн үндэс­тэн дамнасан корпорацуудтай тэмцэх гэрээнд гарын үсэг зу­раад удаагүй байгаа юм. Тэгвэл энэ гэрээг ЭЗХАХБ-ын гишүүн 31 улсаар хязгаарлахгүй, Монгол шиг хөгжиж буй орнуудыг ч хамааруулах асуудлыг “Их 20”-ын Сангийн сайд нар Шанхайд шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

“Financial Times”-д мэ­дээлснээр үндэстэн дамнасан корпорацуудын улс орнуудтай сүүлийн жилүүдэд байгуулсан 500 гаруй гэрээг хянаж үзэхэд Бангладеш, Монгол, Пакистан татвар цуглуулах боломжоо хамгийн их алддаг гэсэн дүн гарсан байна. Тухайлбал, Бангладеш гэхэд л жилд 85 сая ам.долларын татвараа авч чадахгүй хохирдог нь энэ судалгаагаар ил болжээ. Мөн хөгжиж буй улсуудыг хамгийн их хохироодог компаниудын дийлэнх нь Англи, Италийнх байсан нь тодорхой болсон аж.

Иймд хөгжиж буй улс орнуудын хүсэлтээр “Их 20”-ын Сангийн сайд нар үндэстэн дамнасан корпора­цуудаас татвар авч чадалгүй хохирдог гол фактор болох Монгол шиг орнуудын ашиг сонирхолд гойд нийцсэн шийдвэр гаргаж магадгүй нь. Энэ талаар ЭЗХАХБ-ын өндөр албан тушаалтан Паскаль Сен Амман “Шанхайн уулзалтаас гарах шийдвэр дэлхий нийтийн татварын тогтолцоог тэр аяар нь өөрчлөх “Эргэлтийн цэг” болж мэднэ” гэсэн бол Сангийн сайд Б.Болороос тодруулахад “Жижиг орнуудын зүгээс татварын асуудлаар санал тавьж оролцвол Монгол Улс энэ гэрээнд нэгдэнэ. Монголд татварын ийм асуудал их байдаг” гэж ярилаа.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

Үндэстэн дамнасан кор­порацуудын татвараас бултах нийтлэг арга барил Оюутолгой төсөл дээр ч хэрэгжсэн гэж ойлгож болохоор байна. Анхны хөрөнгө оруулалтын хэдэн тэрбумын хэтрэлт, Татварын ерөнхий  газрын   тавьсан  130  сая ам.долларын акт гээд дурдвал жишээ олон. Мөн энэ бүхэн эцэстээ “Дубайн гэрээ” гэдгээр чөлөөлөгдөж, Монгол Улс 130 сая долларын татварынхаа 100 саяыг нь хүчингүй болгож, анхны хөрөнгө оруулалтын хэт­рэлтийг ч хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн огцрох болзол болтлоо яригдаж байсан Оюутолгойн гэрээ тойрсон сэдэв Шанхайн уулзалтаар дахин сэдэрч магадгүй нь. Яагаад гэвэл, ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын гэрээнд Монгол Улс нэгдчихвэл энэ асуудал нэгдүгээрт олон улсын анхаарлын төвд орох юм. Паскаль Сен Амманын хэлснээр тус байгууллага ОУВС, Дэлхийн банк, НҮБ-тай тат­варын асуудлаар хамтран ажиллахаар судалж эхэлсэн бөгөөд төлөвлөгөөгөө ойрын хугацаанд танилцуулах юм байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорацуудаас хамгийн том нь мэдээж дээр өгүүлсэн Англо Австралийн “Рио Тинто” групп. Оюутолгой төслийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус групп хөрөнгө оруулалт хийхдээ байгуулсан гэрээг улстөрчид “Монгол Улсыг хохироосон”, “Хохироо­гоогүй” гэлцэн хоёр талцдаг. Маргаан нь яван явсаар Оюутолгойн гэрээ эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн сэдэв болж хувирсныг ч олон нийт мэдэж байгаа. Тэгвэл ЭЗХАХБ-аас хийсэн дээрх судалгааны дүн энэ асуултын хариуг бага ч гэсэн өгөх шиг боллоо. Үндэстэн дам­насан корпорацуудад хам­гийн их шулуулдаг улсын тоонд Монгол Улс багтаж, Англо Австралийн “Рио Тинто”-гийн нэг эх орон болсон Англи хөгжиж буй орнуудыг хохи­роодог компаниудтай улсуудыг өнгөлсөн нь үүнийг гэрчилж байна. Хэрэв Шанхайн уул­залтаас гэрээг нээлттэй болгох шийдвэр гаргавал үндэстэн дамнасан корпорацууд үйл ажиллагаа явуулсан улсдаа орлогоо үнэн зөв мэдүүлж татвар төлдөг болох юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг өөрчлөх, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх эхлэл болж  ч магадгүй. Хэрэв өнгөрснийг буцааж болохгүй гэвэл ирээдүйд “Рио Тинто” зэрэг гаднын хөрөнгө оруулагчдаас Монгол Улс татвараа бүрэн гүйцэд авах боломж нэмэгдэх нь гарцаагүй юм.

Х.Батсайхан

Эх сурвалж: “Ардын эрх” сонин


URL:

Нэр: irgen Огноо: 26 February 2016

eldveeree heluuleed baidag Ganbaatariin maani zov l um bnashtee, ih l zov olj harj baijee

Сэтгэгдэл бичих