УИХ-ын гишүүдээс Рио Тинтогийн захирал Cameron McRae-д илгээх нээлттэй захидал

2011 оны есдүгээр сарын 12-ны өдөр Австралийн “The Australian” сонинд Оюутолгой төсөл, төслийн талаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газартаа хүргүүлсэн шаардлагатай холбогдуулан Рио Тинто группын гүйцэтгэх захирал /Монгол дэх төслийг хариуцсан/ Cameron McRae таны өгсөн “Монголын Улс төрчид битгий шуналт” /Don’t become greedy/ гэсэн ярилцлагатай танилцлаа. Таны энэ байр суурийг “Монголын ард түмний төрийн эрх барих төлөөлөл болох УИХ-ын хууль тогтоох,  хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхэд халдсан үйлдэл” гэж үзэж байна. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг засах, сайжруулах шаардлагыг Монгол улсын Засгийн газарт хүргүүлсэн УИХ-ын гишүүд бид таны баримталж буй байр суурийг анхааралтай авч үзээд, таны ярилцлагад дурдагдсан асуудалтай холбогдуулан өөрсдийн албан ёсны байр суурийг илэрхийлж байна.

Үүнд:
I. Та “Монголын  УИХ-ын 20 гишүүн тухайн орны уул уурхайн засаглалд бас дахин өөрчлөлт оруулахаар хөөцөлдөж байна”, “Монгол Улсын эрх зүйн тогтвортой байдал, ялангуяа  сүүлийн 12 жил татварын хууль тогтоомжид 4 удаа өөрчлөлт орсон” гэж ярьжээ.

Үүнд хариулт өгье.

a) Манай улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар нь УИХ-ын баталсан хууль, УИХ-ын 2009 оны 57-р тогтоолд заасан маш тодорхой нөхцөлийн дагуу тогтоомжийг  хэрэгжүүлэх үүрэгтэй. Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт  олгосон. Гэвч энэ тогтоолын хэрэгжилт хангагдаагүй байгаа юм.

Иймээс гэрээг байгуулснаас хойш өнөөг хүртэлх 2 жилийн хугацаанд  УИХ-ын нэр бүхий гишүүд гэрээг хууль,тогтоомжинд нийцүүлэх талаар Засгийн газраас удаа дараа шаардаж ирсэн ба энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  2010 оны 2-р сард тогтоол гаргаж Засгийн газарт дахин үүрэг болгосон.

Иймд УИХ-ын гишүүнийн зүгээс Засгийн газарт тавьсан  шаардлага нь  анх яригдаж байгаа зүйл биш гэдгийг Та эрх биш ойлгоно гэдэгт найдаж байна. Бодит байдал ийм байхад  манай улсын хэвлэл мэдээллийн зарим байгууллагатай үгсэн тохирч Та бүхэн цоо шинэ зүйл мэтээр тайлбарлаж УИХ-ын Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрхэд хөндлөнгөөс оролцож байгаад туйлын харамсаж байна. Түүгээр  зогсохгүй бидний үйл ажиллагааг Танай компанийн зүгээс дараагийн сонгууль ойртсон зэрэгтэй холбон ярьж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй болохыг албан ёсоор сануулж байна.
b) Манай улс ардчилал,эрх зүйт төр,зах зээлийн нийгэмд шилжээд 20 жил болж байна. Энэ хугацаанд бүх л салбарын эрх зүйн орчинг бүрдүүлж, боловсронгуй болгох үйл ажиллагаа үргэлжилж байна. Үүний дотор өнгөрсөн жилүүдэд татвар, Ашигт малтмалын хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн ихэнх нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг дэмжихэд чиглэж ирснийг онцолмоор байна. Тодруулбал 2007 татварын шинэчлэлээр нэг шатлалтай татварын тогтолцоонд шилжиж Монгол Улс Ази тивд татварын бага ачаалалтай орнуудын тоонд  орсон. Оюутолгойн төслийн гэрээнүүдтэй холбогдож хуульд оруулсан өөрчлөлт бүгд хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэсэн байдаг. Тухайлбал зарим бүтээгдэхүүний өсөлтийн татварыг /68 хувь/ тэглэсэн, алдагдал шилжүүлэх хугацааг 4 жил байсныг 8 жил болгож сунгасан, ус ашиглах давуу эрх олгосон зэргийг дурдаж болно.

Бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухайд 2003 оноос өмнөх олон жилийн хугацаанд 1тн зэсийн зах зээлийн үнэ 2000 USA $-ийн орчимд хэлбэлзэж байсан бол, 2004 оноос эхлэн өсөж 2006-2007 онд  6000-7000 USA $ хүрч дунджаар 3.1 дахин нэмэгдсэнтэй холбогдож бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар гарсан. 2007- 2011.01.01 хүртэл Монгол Улс 51 хувийг эзэмшдэг Эрдэнэт ХХК ямар нэг  маргаангүйгээр төлж байгаа болно. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хэд дахин өсөх нь аль нэг  орон эсхүл компанийн үйл ажиллагаанаас хамаарах бус, гол нь   тухайн ашигт малтмалын  зах зээлийн эрэлт хэрэглээ нэмэгдсэнтэй холбогддог. Энэ өсөлтөөс шалтгаалан бий болсон орлогыг баялгийн эзнээс илүү хөрөнгө оруулагчид  хүртэх ёстой мэтээр үзэх нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд Монголчууд ийм увайгүй байдлаар хандахыг “Хойноос ирээд хот минийх, Хотонд ороод хуц минийх” хэмээн буруушаадаг. Монгол Улсын УИХ гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгохдоо зэсийн үнэ өссөн тохиолдолд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг тодорхой түвшинд орлох нөөцийн төлбөрийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлийг өгсөн.

Гэвч манай Засгийн газар үнийн өсөлтийн татвар хүчингүй болох 2011.01.01-ний дотор холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйгээр зогсохгүй, танай компанитай байгуулсан гэрээнд татвар,хураамжийн  өөрчлөлт оруулахыг хаасан заалт оруулсан нь Үндсэн хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль,УИХ-ын 57-р тогтоолын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн. Иймд энэ төслийг амжилттай явуулах үүднээс энэ хууль зөрчсөн энэ үйлдлийг нэн даруй засч залруулах шаардлагатай байна.

II. Та “ Уул уурхайн салбарын хүчинд эдийн засаг нь жилийн 17  хувийн өсөлттэй байгаа Монголд  улс төр,татварын орчин томоохон сэдэв”,“цөөн тооны хүмүүсийн шахалтаар Монголын амлалтыг буцааж гэрээнүүдэд өөрчлөлт оруулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулах эрсдэлтэй”, “Оюутолгой төсөл дээр 14.000 хүн ажиллаж байгаагийн 60 хувь нь монголчууд, хэрэв гэрээнд өөрчлөлт орвол энэ хүмүүс ажилгүй болно, энэ тохиолдолд энэ цөөн тооны хүмүүс хариуцлага хүлээх болно, бид Монголыг ийм байдалд хүргэхгүй, Монголд эрх зүйт төр ялна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

Тайлбар өгье. Монголын ард түмэн аль хэдийн ардчилсан, эрх зүйт төр, нийгмийг эх орондоо цогцлоосон. Харин эрх зүйт төртэй Монгол улсад УИХ-ын шийдвэрийг Засгийн газар ягштал биелүүлэх үүрэгтэй. Гэвч Оюутолгойн гэрээнүүдийг байгуулахад Засгийн газар холбогдох хууль,тогтоомжийг зөрчсөнийг дээр хэлсэн  бөгөөд бид энэ асуудлаа  дотооддоо шийдвэрлэх болно.

Бидний өвөг дээдсээс үлдээсэн Оюутолгойн орд бол үе үеийн Монголын ард түмний татварын хөрөнгөөр хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүн хэмээн хэлэх эрх бидэнд бий. Оюутолгойн ордыг ашиглах энэ төслийг  ямар  компани гүйцэтгэхээс үл хамааран  шууд бус нөлөөллөөр  ажлын байр нэмэгдэх, уг ордыг ашиглаж эхэлснээр татварын орлого болон нийт эдийн засаг  өсөх нь хэнд ч ойлгомжтой зүйл.

Харин татвар төлөхийн өмнөх ашгийн хуваарилалт, хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх, энэ хөрөнгө оруулалтаасаа хэд дахин илүү ашиг авах зэрэг нь аль ч оронд  гол  анхаарал татах асуудал байдаг. Тиймээс Та бүхнээс өмнө нь бусад буурай хөгжилтэй оронд хэрэглэж байсан  олон нийтийн анхаарлыг гол асуудлаас холдуулах, тархи угаах  башир аргаа хэрэглэхгүй байхыг хүсч байна.

Бодит байдал дээр манай Засгийн газрын гишүүдийн Та бүхэнтэй үзэглэсэн гэрээнд ойлгомжгүй олон асуудал, шударга бус гэж үзэж болох нөхцөл байдал үүссэн. Үүнийг  хавсралт 1.-ээс харж болно

Хэдийгээр гэрээгээр “хавсралт 1”.-д тайлбарласан нөхцөл байдал үүссэн ч УИХ-ын гишүүд бид нэгэнт гэрээ байгуулагдсан учраас, зөвхөн гэрээг байгуулахад мөрдөх ёстой байсан УИХ-ын “зэсийн үнэ өссөн үед нөөцийн төлбөрийг нэмэгдүүлэх чиглэл” болон  УИХ-ын 57-р тогтоолоор өгсөн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх” гэсэн шийдвэрийг  хэрэгжүүлэхийн тулд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардсаар ирсэн цаашид ч шаардана. Энэ шийдвэр хэрэгжсэнээр Монголын төрд энэ төслөөс ноогдох ашиг нийт ашгийн 60-иас доошгүй хувьд хүрэх боломж бүрдэнэ. Энэ нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Та бүхний Оюутолгойн гэрээг өөрчлөлгүйгээр одоогийн байдлаар хүлээн зөвшөөрүүлэхийг  тулгасан шаардлагыг хүлээж авах боломжгүй юм.
III. Таны ярилцлагад “Рио Тинто групп Монголын улс төрчдийг шуналтахгүй байхыг сануулав” гэсэн гарчигтай, Засгийн газартаа шаардлага тавьсан УИХ-ын гишүүдийг  “цөөн хэдэн хүн байдаг  монголын олон нийт эднээс  өөр саналтай байгаа” гэсэн талаар тайлбар өгье.
УИХ-ын гишүүд нь Үндсэн хуулиар  төрийн  хуулийг чанд сахин Монгол улс, нийт иргэдийн эрх ашгийг дээдлэн ажиллах үүрэгтэй байдаг. Бидний нэр бүхий УИХ-ын гишүүд энэ үндсэн үүргийнхээ хүрээнд Засгийн газарт уг шаардлагыг хүргүүлсэн.

Гэтэл  таны зүгээс Монголын улс төрчид “битгий шуналт” хэмээн шууд хэлсэн нь анхаарал татаж байна. Хэрэв танай компанид хэн нэгэн улс төрч, УИХ эсхүл Засгийн газрын гишүүн  хувийн журмаар хандаж та бүхнээс хөрөнгө гаргуулсан эсхүл шан харамж өгөхийг  шаардсан бол тэр хүмүүсийн нэрийг нэн даруй олон нийтэд  зарлахыг танаас шаардаж байна. Рио Тинто компанийн  зарим удирдах ажилтан 2009 онд БНХАУ-д томоохон авлигын хэргээр шүүн таслуулж, дуулиан тарьж байсан болохоор бид өмнөх шаардлагыг Танд тавихад нөлөөлж байгааг ойлгоно бизээ.

Засгийн газарт шаардлага тавьсан гишүүд өөрсдийгөө нийгмийн цөөнх гэж үзэхгүй байгаа бөгөөд олон мянган сонгогчдоосоо авсан эрхийн хүрээнд төрийн эрх барих төлөөллийг хэрэгжүүлж байгаа бөгөөд олон түмнийхээ хамт бид олуулаа гэдгийг хариуцлагатай хэлье.

Олон улс дамнасан томоохон корпорациуд, ялангуяа байгалийн баялаг олборлогчид дэлхийн буурай орнуудад ашиг хуваарилалтыг шударгаар шийдээгүй, байгаль орчныг бохирдуулсан зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулсны улмаас тухайн улсын иргэд  төр хоёрын хооронд үл ойлголцол үүсч, бослого хөдөлгөөн гарч улмаар хөрөнгө оруулагч нь Засгийн газартай нь хамтарч хүч хэрэглэн харгислал үйлдэх тохиолдол  байдгийг хүмүүс мэднэ. Монгол Улс нь ардчилсан, нээлттэй засаглалтай, хэдэн зуун жилээр тоологдох төрт ёсны уламжлалтай  орон учир манай улсад ийм нөхцөл байдал үүсэх боломжгүй бөгөөд бид аливаа асуудлыг эрх зүйт төр, хуулийн хүрээнд шийдэж ирсэн ба цаашид ч энэ зарчмаар шийдэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.