Монгол Ардын Намын 95 жилийн ойг МАХН хамтран тэмдэглэх өдөр

145679989856d5009a3356bОдоогоос 95 жилийн тэртээ буюу 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад төдийгүй Азид улс төрийн ууган нам үүсэн байгуулагдсан нь өдгөөгийн Монгол Ардын Нам юм. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө тэмцсэн, бүтээсэн, хийсэн 95 жил байсныг ард түмэн өнөөдөр “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж ирсээр хэдийнэ таван жилийн нүүр үзжээ. Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг С.Данзангийн зандан ширээний хөлөөр Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д.Бодоогийн тамгыг нь сийлсэн Монгол Ардын Намын 95 жилийн ойг таван жилийн өмнө өрх тусгаарласан МАХН хамтран тэмдэглэж байгаа нь олон хүний анхаарал татаж байна.

Өдрөөс өдөрт рейтинг нь унаж буй МАХН, намын дарга Н.Энхбаярын хамгийн зөв сонголт нь МАН-ыгаа түших гэж улс төр судлаачид дүгнэж буй. Учир нь АН-ын рейтинг ч мөн адил ард түмэн дунд унасаар байгаа нь МАХН-ыг ийм сонголт хийхэд түлхэц болсон байх магадлалтай. Нөгөөтэйгүүр Шадар сайдын суудлаар Н.Энхбаярыг хэдэн сар “хошгируулсан” эрх баригчдын “муриач” занд залхсан МАХН-ынхан хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг төрөлх намаа түших нь ч аргагүй.

Угтаа 2012 оны сонгуулийн өмнөхөн эрх баригчид МАН-ын саналыг хуваалгах зорилготой хууль зөрчин байж Н.Энхбаяртай үгсэж МАХН нэрийг бүртгэж авсан цаг саяхан. Ингэж хууль зөрчөөд ч эрх баригчид дийлэнх олонхи болж чадаагүй нь МАН-ын зангаргийг харуулж буй хэрэг. Өнөөдрийн үйл явдал ч үүнийг тод гэрчилнэ.

Нарийндаа бол одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдыг Ерөнхий сайдын суудлаас унагаж С.Баяраар сольсон хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. АН-ынхан ч үүнийг нь М.Энхболдод ч, Н.Энхбаярт ч байн байн сануулдаг нь хоёр намыг нийлүүлэхгүй гэсэн далд хүслийг илтгэнэ. Харин МАН-ын дарга М.Энхболд “Үндэсний зөвшилцөл”-ийг санаачилж, эв эеийг эрхэмлэх гэж хичээж буй нь “харанхуйлсан” улс төрийн хонгилд гэрэл асааж байх шиг… Эл үйлдэл нь өнөөдрийн хоёр намын хамтран тэмдэглэж буй “Эх орончдын өдөр”-өөр илэрхий болж байна.

Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар намын дарга нь “Хамтарч тэмдэглэхгүй” гэж хэлсэн бол түүнтэй зөрөх хүн үгүй. Энэ байдлаас харвал МАН-ын дарга М.Энхболд “Үндэсний зөвшилцөл”-ийг чухалчилж, эв эеийг эрхэмлэж байгаа нь монголын улс төрд шинэ дэвшлийг авчирч байна. Харин нөгөө талд эрх баригчид хоёр намыг эвсүүлж болохгүй гэсэн хатуу байр суурь баримталж буй. Гэхдээ л “Эх орончдын өдөр” буюу Монгол Ардын Намын баярыг МАХН “Хамтран тэмдэглэе” гэж гуйсан нь “эвсье” гэсэн дохио байж ч болох юм. Бүр цаашилбал Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Баярын дараа эвсэх тухай нухацтай ярина” хэмээн нь ч учиртай. Юутай ч МАН, МАХН эвийн цавуу үүсгэвэл өнөөдрийн эрх баригч буюу Ардчилсан намынханд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болох вий дээ…

 

С.НЭМЭХ


URL:

Сэтгэгдэл бичих