2008 оныг мартаагүй биз, гишүүд ээ

-Төсвийнхнийг цомхотгож, хандивлагчдаас мөнгө гуйж, банкны өрийг ахиад л татвар төлөгчдөд үүрүүлэх үү?-

Энэ оны эхний сард зэсийн ханш анх удаа 9739 ам.долларт хүрч, Лондоны металлын биржид худалдаачид самбарт үнэ дурайж, манай сайд нар мөнгөө тоолж барахгүй байлаа.

Хэдэн ч удаагийн хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улс үнэхээр хэлж барамгүй их мөнгөтэй болно хэмээж байсан. Ордуудаа хөрөнгө оруулагчдад егөөд авсан урьдчилгаагаараа хувь, хишиг тараагаад дуусгасан.

Гэтэл өчигдөр Лондонд тоон зэсийн ханш өнгөрсөн долоо хоногийнхоосоо 200 ам.доллараар унаж 7500 “ногоон”-д хүрлээ. Цаашид энэ ханш унаж мэднэ хэмээн судлаачид сануулсаар.

Яг ийм дүр төрх 2008 онд тохиож, 10 мянган ам.доллар ширгэсэн. Энэ металлын үнэ гэнэт 6000-д “гулсан” унасныг эргэн санав. Гурван жилийн өмнө Монголын төсөв хэтэрхий үрэлгэн байв. Өнөөдөр ч ялгаагүй. “Төсөв тодотгол хийхгүй” гэж амлаж байсан гишүүд 914 тэрбум төгрөгийг сонгуулийн өмнөх жилд зарахаар боллоо.

2008 онд юу болсныг санаж байна уу, эрхэм гишүүд ээ. Тэгвэл эдийн засгийн бараан дурсамжуудыг жагсаагаад үзье:

1.Орон сууцны үнийн “дэлбэрэлт”

Барилгын салбарт 2008 онд нэн даруй 200 тэрбум төгрөгийн санхүүжилт, хэвийн ажиллахад нь 480 тэрбум төгрөг хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байв. Гэвч энэ мөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байсаар шинэ онтой золгосон. Үр дүнд нь орон сууцны үнийн хөөрөгдөл туйлдаа хүрсэн.

Хэтэрхий үрэлгэн Монгол Улсын төсөвт барилгынханд өгөх мөнгө байгаагүй нь өнөөдрийн байрны ханшийг хаданд гаргасан.

2.3асгийн газрын зарлага 2,4 их наяд боллоо

2004-2008 онд Засгийн газрын нийт зарлага бараг дөрөв дахин өсч 2.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2004 онд ДНБ-ний 35 хувьтай тэнцсэн бол 2008 оны эцсийн байдлаар 40 хувь хүрэхээр хүлээгдэж байв. Монгол Улсын их сургуулийн судалгаагаар Засгийн газрын зарлага 2008 оны хүртэлх дөрвөн жилд ДНБ-ийн өсөлтөөс гурван дахин ихээр нэмэгджээ.

З.Хандивлагчдын мөнгө хаана байна?

Хандивлагчдыг өрөвдөлтэй нүдээр ширтэж, “Одоо л биднийг босгоод өгөөч” гэж гуйж байсан Монголын Засгийн газар одоо төсөвтөө тодотгол хийж, сонгууль үнэртүүлсэн амлалтуудаа хэрэгжүүлэхээр яарч байна.

2009 онд Дэлхийн банк 50 сая, Азийн хөгжлийн банк 50 сая, АНУ 22 сая, Япон улс 50 сая “ногоон”-ыг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээ бидэнд олгож байсан. Шалтгаан нь гэвэл 2008 онд Засгийн газар зарлагаа хэтэрхий нэмснээс хэтэвч нь хоосорсон. Ингээд л гадаадуудаас гуйж царай алдахаас аргагүй болсноо бид мартчихаа юу. Олон улсын валютын сан хүртэл 224 саяыг манайд зээлсэн. Тэр мөнгө хаана байна?

4.Төрийн албан хаагчдыг ахиад л цомхотгох уу?

Төрийн албанд ажиллаж буй иргэдийн тоог 300-гаар цомхотгохоор 2008 онд яригдаж байв. Учир нь төсөв зардлаа дийлэхээ болсноос тэр.

“Төсвийн ажилчдыг цомхотгосноор нэг жилд 2.4 тэрбум гэсэн ерөнхий тооцоо гаргасан байгаа” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор 2008 онд хэлсэн. Үрэлгэн төр 2008 оны энэ том сургамжаа мартчихаа юу.

УИХ-ын гишүүн Ч.Улааны ахалсан тус ажлын хэсгийн гишүүд тухайн үед төсөв, эдийн засагт учирч болзошгүй ачаалал, хөрөнгө оруулалтын даацыг тооцож гаргаснаа онцолж байсан. Ингэснээр зайлшгүй хэмнэх ёстойг тэд бас сануулж байсан.

5.Банкны өрийг татвар төлөгчид ахиад хүлээх үү?

УИХ-аас 2008 оны 11 сарын 25-ны өдөр баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулиар арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргасан. Үнэндээ иргэд банкны өрийг татварт төлсөн мөнгөөрөө төлсөн.

Зэсийн 2008 онд тогтворжино гэж үзсэн ч 2009 онд төсвийн орлого 20 орчим хувиар буурах эрсдэл байгааг тухайн үед Нээлттэй нийгэм форумаас сануулсаар байсан ч төр маань дөжирсөнгүй.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.